Кисэносатогийн зодог тайлах ёслол боллоо

2017 оны нэгдүгээр сарын буюу Хацү башё япончуудын хувьд ойрын хэдэн жил сонсоогүй баярт мэдээ, сонирхолтой барилдаанаар дүүрэн өндөрлөсөн. Тэдэнд аатай түрүү, мартагдах дөхсөн аварга цолыг эргүүлэн авч ирэх хувь тохиолтой япон бөх бол озэки Кисэносато байлаа. Тэр өдрийг япончууд бүхэл бүтэн 19 жил хүлээсэн.

Тэрбээр тэртээ 2004 оны арваннэгдүгээр сарын 1-нд сүмо бөхөөр хичээллэж, ердөө ганцхан сарын дараа дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш ирээдүйн их аварга хэмээн үнэлэгдсээр ирсэн. Кисэносато ард түмийхээ итгэлийг алдалгүй барилдсаар 2011 оны Кюүшюү башёд озэки цол хүртсэн ч энэ үеэс байдал эсрэгээрээ эргэх нь тэр.
Кисэносато олон удаа түрүүлэх боломжоо алдаж, аварга цолны болзол сонссон ч бусад япон озэкигийн адил ашиглаж чадалгүй бүдэрсээр л байв. Гэхдээ тэрбээр монгол аваргуудын ноёрхолд бууж өгөлгүй мэрийсээр зорилгодоо хүрсэн.

Харамсалтай нь Кисэносато аварга цолтой бөхийн хэмжээнд барилдаж, япончуудын итгэлийг амжилтаар хариулж чадаагүй. “Чанаргүй аварга” гэх шүүмжлэл түүнийг дагасаар байлаа. Нөгөө талаар бэртэл гэмтэл Кисэносатог тойроогүй. Улмаар тэрбээр зодог тайлж буйгаа энэ оны нэгдүгээр сард албан ёсоор мэдэгдсэн.

Түүний зодог тайлах ёслол өчигдөр боллоо. Эл ёслолд мэргэжлийн сүмогийн холбооныхон, бөхчүүд, гэр бүлийнхэн, монгол аваргууд оролцов. Харүмафүжи түүний үсэнд хүрэх үед тэрбээр өөрийн эрхгүй уйлна лээ.

Кисэносато “Миний амжилтад монгол аваргууд их нөлөөлсөн. Тэдэнд их баярлаж явдаг” гэж олон удаа онцолж байсан юм.

Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.