ОРОН НУТАГ

БАЯНХОНГОРТ ЯМААНЫ ААРУУЛ ХИЙДЭГ ИРГЭД: Өдөрт нэг тонн сүүг литрийг нь 2000 төгрөгөөр авч, боловсруулж байна

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн Цахирын үзүүр гэдэг газар нутгийн хэдэн иргэн нийлж, малчдаас ямааны сүүг 2000 төгрөгөөр худалдан авч ааруул хийж байна. Бид "Сүүтэй буян" ямааны сүүн бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар гарган авч буй иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа.


-Амралтын өдрүүдэд та бүхний ажил, ямааны ааруулны зураг нийгмийн сүлжээнд маш олон хүнд хүрч, танайхыг иргэд асууж, сураглаж байна. Юуны өмнө ерөнхий танилцуулга мэдээлэл өгөөч?
-Нутгийн найман иргэн нийлээд өнгөрсөн зургаан сараас ойролцоо нутаглаж буй гучаад малчин айлаас ямааны сүүг өдөр, өдөрт нь худалдаж аваад ааруул хийж байгаа юм. Манайх өнгөрсөн жил хотод өвөлжөөд цагаан сараар ааруул худалдан авч, таваг заслаа. Худалдааны ааруул үнэ өндөр хэрнээ чанар үнэхээр муу юм. Тэгээд ерөөсөө нутагтаа очиж жинхэнэ ориг ааруул хийе бодсон. Ирээд нутгийнхандаа хэлэхэд маш сайхан хүлээж аваад, наймуулаа нийлээд аваад ажлаа эхэлсэн дээ. Өчигдөр манай сумын засаг дарга ирж танилцаад явсан, тэгээд зураг оруулж л дээ.
-Дан ямааны сүүгээр хийдэг гэсэн. Өдөрт хэдий хэмжээний сүү цугладаг вэ?
-Өдөрт гучаад айлаас 700 литрээс 1 тонн сүүг литрийг нь 2000 төгрөгөөр худалдаж авдаг. Нийлээд ажиллаж байгаа айлуудаас гадна тоо юм, энэ.
-Ямаанаас нэг удаад багахан сүү гардаг шүү дээ. Айлууд маань олон ямаатай байна уу. Нэг айлаас дунджаар хэдэн литр гарахав.
-Олон айлын сүү нийлж байгаа шүү дээ. Айлууд 25-80 литрийг өгнөө. Намар ухна тавих хүртэл энэ хэмжээгээр сүү цуглах болов уу.
-2000 төгрөгөөр авна гэдэг малчдад маань дэмтэй ажил болж байгаа юм байна?
-Бид нар анхнаасаа өөр малын сүү холихгүйгээр дан ямааны сүүг боломжийн үнээр авья гэж ярьсан. Хамгийн хол нь 40 км-ийн алсаас ирдэг. Өдөр болгон ирнэ. Бэлэн мөнгөөр үнэтэй авахаар малчид маань их дуртай байна. Дунджаар нэг малчин өрхөд өдөрт 50-160 мянган төгрөгийн орлого орж ирнэ. Ихэнх нь дансандаа хийлгэдэг. Оюутан, сурагчдын хичээл эхлэхээр хэрэг болно гээд л. Нөгөө хүмүүсийн шүүмжлээд байдаг "Бидон" Ганбатын бидонууд л жинхэнэ хэрэг болж байна даа.
-Нөгөө талаас малдаа ч ээлтэй ажил болж байна даа…?
-Тэгэлгүй яахав. Малчид маань ч хэлж байна. Өдөр бүр саагаад ишигнүүд наршихгүй сайхан торниж байна гэсээр ирдэг. Нөгөө талаас аймгийн төв яваад зарья гэхээр хол, очлоо гэхэд ойр зуурын чихэр, боов, сахараас өгчихнө. Яг хажууд нь болохоор өөрсдөд нь амар байгаа байхгүй юу.
-Энэ их халуунд өдөрт 700-1000 литр сүүг хэрхэн боловсруулдаг вэ?
-Дарьгангын газар зуухыг ашиглаж, нэг гэрт зургаан зуух тойруулж байрлуулсан. Нэрмэлийн, аарц шүүдэг, ааруул зүсдэг, амралтын, хоолны гэрүүд, ааруул хатаах асар байна. Нэрмэлийнхээ аарцыг шүүнэ. Аарцаа буцааж ээдүүлээд, амтална гэж ярьдаг даа. Сүүгээр "бульдаж" байна гэсэн үг. Жинхэнэ ориг, маш гоё амттай ааруул хийе гэж үзсэн зорьсон учраас ашиг харахаасаа илүүтэй амт, чанартаа анхаарч байна.
-Нэг тонн сүүнээс хэр аарц гардаг вэ?
-100 кг аарц гарна даа. Нэрмэл болон шар сүү их гарч байна. Ааруулын зөвхөн шимийг нь л авч байна гэсэн үг. Бид ааруул, нэрмэлээ хурааж байгаад ченжийн гар дамжуулахгүй намар өөрсдөө Улаанбаатар оруулж борлуулна. Аймгийнхаа хүнсний үйлдвэрээс зориулалтын савнуудыг авч хэрэглэж байна.
-Ямааны сүүний ашиг тусын тухайд?
-Тэжээллэг чанараараа эхийн сүүний дараа ордог гэдэг. Тийм ч учраас бид нар бор хоолонд орж байгаа хүүхэд шууд бариад идэх, кальциа алдаж буй хөхүүл ээжүүдэд зориулсан ааруулууд хийж байна. Их л сайхан юм хийе гэж бид хоорондоо ярьсан. Санаснаараа гоё ааруул, ээзгий, цөрөм, түүхий сүүний бяслаг гаргаж байна. Шар сүү нь харшилд их сайн юм байна. Нутгийн иргэд сав суулга авч ирж тавиад авчхаад байгаа.
-Намар болтол хадгалалтын асуудлаа яаж шийдэх вэ?
-Бяслагаа дөрвөлжин зүсээд хадгалж байна. Ааруул, ээзгий, цөрөмөө цуу ямбуу даавуун уутанд хадгалдаг. Нарнаас, бороо, уснаас хамгаалж яг өөрийнх нь чийгээр хатаадаг болохоор нарийн нямбай ажиллагаа шаардагдана.


-Хүмүүс маш ихээр асууж байна. Яаж авах вэ гээд л…?
-Есдүгээр сарын дундуур нийслэл рүү аваад орно доо. Хамгийн гол нь ченжийн гараар дамжуулахгүй гээд өөрсдөө авч явах гээд байгаа юм. Бид нар бүтээгдэхүүнүүдээ "Сүүтэй буян" гэж нэрлээд байгаа. Намар болохоор сав баглаа боодлоо цэгцлээд, нэр усаараа зар тавиад хотынхондоо хүргэнэ.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-08 08:43

Lal ruud ugaasaa unetei zardag sh te hend hamaatain

Зочин
Зочин
2022-08-08 09:37
Reply to  Bidon

Эргүү м####аа. Чам шиг хөгийн ажилгүй, өлсгөлөн новшнуудаас болж Монгол улс минь хөгжихгүй байна. Энэ бол цэвэр хөдөлмөр!!!

Зочин
Зочин
2022-08-08 11:17

Ямааны ааруул маш гоё. Бас хөдөлмөрлөж буй хүмүүс үр шимээ үзнэ дээ.

Зочин
Зочин
2022-08-08 23:20

Ямааны ааруул ч амттай шүү

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x