Нийгмийн

Б.Батцэцэг: Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлыг БНХАУ анхааралдаа авна

Өчигдөр буюу наймдугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын гадаад харилцааны сайд ВАН И манай улсад газардсан билээ. Энэхүү айлчал өнөөдөр болж хоёр улс зарим зүйлийг харилцан тохиролцов. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ: "Ван И сайдтай хийсэн хэлэлцээрийн үеэр Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ. Монгол Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж бүхий л салбарт гүнзгийрүүлэхээ талууд нотолсон хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагаа нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал идэвхижүүлэхээр тохиролцож, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум амдолларт хүргэх зорилтыг 2021 он хэрэгжүүлснийг тэмдэглэж  цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож Хятадын талд урт хугацаанд тогтвортой нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын  тал анхааралдаа авч дотоодын холбогдох байгууллагуудтайгаа ярилцахаар тохиролцлоо. Хятадын далайн боомтуудаас Монголыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг  солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох талаар мөн ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэрбум мод хөдөлгөөний хүрээнд хамтран төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x