СПОРТ

Их мастер А.Энхтуул: Шатрын шигшээ багийн квотыг нэмэх шаардлагатай байна

"Оюуны олимп" гэгддэг дэлхийн шатрын олимпиад Энэтхэгийн Ченнай хотод долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. 189 орны эрэгтэй, эмэгтэй 343 багийн 2000 гаруй шатарчид оюун ухаанаа сорьсон тус олимпиадад манай улсын эрэгтэй, эмэгтэй багийн шатарчид амжилттай оролцоод наймдугаар сарын 11-ний орой эх орондоо ирсэн юм. Үүнтэй холбогдуулж бид тус тэмцээнээс ажиглагдсан алдаа, оноо болон зарим сонирхол татах зүйлийн талаар шатрын эмэгтэйчүүдин их мастер А.Энхтуултай хэсэг хугацаанд ярилцсанаа хүргэж байна.

-Энэ удаагийн шатрын олимпиадад баг тамирчид хэрхэн оролцлоо гэж харж байна вэ, өмнөх амжилтаа ахиулсан байсан?

-Шатрын 44 дэх удаагийн олимпид эрэгтэй, эмэгтэй багууд маань өмнөх амжилтуудаа ахиулан шинэчлээд ирлээ. Ялангуяа манай эмэгтэйчүүд дандаа дэлхийн шилдгүүд багтсан хүчтэй багуудтай тоглож, зарим багуудтай нь тэнцэж, хожиж, хожигдсон гээд үр дүн өндөртэй, сайхан тэмцээн болж өнгөрлөө. Бидний хожигдлын тухайд гэвэл хоёр л удаа хожигдсон. Бусад тоглолтууд тэнцээ юм уу хожлоор өндөрлөсөн. Тийм учраас сэтгэгдэл өндөр байна.

Онцлох амжилтуудаас гэвэл гуравдугаар ширээнд тоглосон Төрмөнхийн Мөнхзул дүү маань их мастерын сүүлчийн болзлоо хангаад Монгол Улсын долоо дахь эмэгтэй их мастер болж чадлаа. Энэ бол бидний хамгийн том амжилт байлаа. Дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул дүү маань 17 насандаа ширээндээ алтан медаль хүртэж биднийг маш их баярлууллаа. Миний хувьд нэгдүгээр ширээнд улс, улсын номер нэг хамгийн шилдэг шатарчидтай өрсөлдлөө. Нийт есөн өрөг тоглож, хоёр хожигдсон. Ширээндээ дэлхийн 20 топ тамирчны нэгт багтсан.

-Францын нэрийн өмнөөс тоглох санал танд ирсэн шүү дээ. Та яах бодолтой байна?

-Тэмцээний дундуур энэ санал ирсэн. Би өмнө нь Францын лигт тоглож байсан. Ингэхдээ би Монголынхоо шатрын холбооны нэрийн өмнөөс тоглодог байсан юм. Энэ удаа  "Филидор-Мулхаус" гэж нэртэй олон жилийн түүхт Францын мэргэжлийн шатрын клуб өөрийн клубын нэрийн өмнөөс болон Франц улсын нэрийн өмнөөс тоглох урилгыг ирүүлсэн. Хариугаа есдүгээр сараас өмнө явуулах шаардлагатай. Тэмцээний үеэр ирсэн санал болохоор одоогоор шийдээгүй байгаа. Ерөнхийдөө Францын талаас шаардлага, цалин гээд бүх зүйлээ хамт ирүүлсэн. Шатрын холбоонынхон, багш нартайгаа ярилцаж байж шийднэ дээ.

-Энэ жилийн олимпиадын онцлогийг юу гэж харав, бараг бүх орон оролцсон шүү дээ?

-Энэ удаагийнх ковидын дараа буюу дөрвөн жилийн дараа цугласан тэмцээн боллоо. Тэр ч утгаараа хамгийн олон орон оролцсон олимпиад байлаа гэж харж байна. Энэтхэгчүүд өөрсдөө шатар манайхаас үүсэлтэй гэж ярьдаг. Тиймээс ч шатрыг үндэсний спортоо гэж нэрлэдэг. Энэ ч утгаараа байж магад, очоод үнэхээр мэдэрлээ. Оюуны спортоо маш өндөрт үнэлж дэмждэг юм байна. Тэр нь маш их онцлогтой байлаа.

-Бусад оронтой өөрийн улсыг харьцуулахад юу хэлмээр санагдсан бэ, шатрын спортын хөгжил, дэвшлийн хувьд?

-Бусад оронтой харьцуулах нь зохимжтой эсэхийг мэдэхгүй юм. Бусад оюуны спортуудтайгаа харьцуулахад шатар манай улсад дэмжлэгийн хувьд илүү байх. Гэхдээ топ спортуудтай харьцуулахад хангалтгүй шүү дээ. Тэгсэн ч манай улсын багийнхан оролцсон тэмцээн бүртээ сайн тоглож, амжилтаа байнга ахиулж байгаа. Энэ олимпд оролцсон шигшээ баг маань нийт эрэгтэй, эмэгтэй тав таван хүний бүрэлдэхүүнтэй явсан. Гэтэл үндэсний шигшээ багт маань эмэгтэй, эрэгтэй хоёр хоёр хүний квот байдаг. Энэ нь хангалтгүй байгааг илэрхийлж байгаа юм. Тиймээс бидний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хороо маань шигшээ багийн квотыг нэмж өгнө гэж итгэж байна.

-Та нэгдүгээр ширээнд буюу дэлхийн топ тамирчидтай өрсөлдсөн. Хамгийн хүнд өрөгийнхөө тухай?

-Манай багтай дандаа шилдгүүд тоглосон. Есөн өрсөлдөгчийн маань долоо нь хэдий эмэгтэй хүн байсан ч эрэгтэй цолтой, чансаагаараа дэлхийн шилдэг 100-д багтаж байгаа шилдэг шатарчид байсан. Эрэгтэйчүүдийн хоёр их мастер, таван олон улсын мастертай тоглосон. Хамгийн хүнд өрөг нь Герман улсын шатарчинтай хараас тоглож тэнцсэн тоглолт байлаа. Маш хүнд өрөг болсон.

Сүүлчийн өрөгт эрэгтэйчүүдийн их мастер цолтой Францын алдартай шатарчинтай тоглосон. Хараас тоглосон учраас мэдээж хүнд байсан. Хожихын төлөө тоглосон. Хэрвээ би хожвол эрэгтэй ОУМ цолны норм биелүүлэх байсан. Гараанаасаа эхлүүлээд сэтгэл зүйн хувьд ч, цагийн хувьд ч би илүү явж байгаад нэгхэн буруу нүүдэл хийснээр бүх хөдөлмөр үгүй болж хожигдсон. Тиймээс энэ өрөг хамгийн хэцүү, сургамжтай нь байлаа даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2022 16:35

OYUNII TULAANCHID

Холбоотой мэдээ

Back to top button