Нийгмийн

12 мянган км-ыг машинаар туулж, монгол хүүхдүүдэд туслахаар ирсэн испани залуус

Alvaro, Hector нар найзууд бөгөөд Испанийн Барселона хотод амьдардаг 33, 37 настай, ганц бие залуус. Тэд сэргээгдэх эрчим хүчний инженерүүд бөгөөд Alvaro "Siemens" компанад, Hector "Ul solutions" компанид ажилладаг. Хоёр найз 2022 оны долоодугаар сарын 27-нд Барселона хотоос аяллаа эхэлжээ. Ингэхдээ Грек хүртэл машинаа завинд ачсан байна. Харин Грекээс эхлэн Турк, Гүрж, Казакстан, ОХУ гээд 12 мянган км газрыг машинаар туулж, наймдугаар сарын 11-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирэв. Тэдний аяллын сониноос хуваалцлаа.

-12 МЯНГАН КМ-Т ХОЁР УДАА МОТОР ЭВДЭРЧ, ТАВАН УДАА ЭД АНГИ СОЛИВ-

Залуус Англиас Монгол руу аялж, аяллын явцад олсон мөнгөөрөө сайн үйлс хийдэг "Монгол ралли" үйл ажиллагааг дэмжиж, оролцохыг хүсдэг байжээ. Гэвч цар тахлаас шалтгаалан тус аялал зогссон учир өөрсдөө бие дааж аялах шийдвэр гаргасан байна. Аяллын хамгийн эхний зорилго нь машин худалдаж авах байв. Францын тосгон хооронд явах зориулалттай, дээд хурд нь 80 км/цаг, хурдны зам дээр гараад ч хэрэггүй энэ машиныг залуус аялалдаа зориулан 1000 еврогоор худалдан авчээ. Монгол мөнгөөр бол гурван сая гаруй төгрөг. Бараг л хамаг эд анги нь эвдэрч муудсан учир мотор, ихэнх эд ангийг шинэчилж, найзуудынхаа тусламжтайгаар усанд орох, унтаж амрах зориулалтаар тоноглов. Дараагийн алхам бол мэдээж хэрэг сайн үйлс бүтээх аялал учраас хэнд туслахаа тодорхой болгохын тулд монголд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг судлав. Ингээд зөвхөн өнөөдрийн халуун хоол, дулаан хувцсаар туслах бус аав, ээжүүдийг чадавхжуулах, хүүхдүүдийг боловсролтой, хүмүүнлэг иргэн болгоход чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулдаг "Асрал" төвийг олж, холбоо тогтоожээ. Энэ бүхний хажуугаар найз Моника нь аялалд зориулсан вэб сайт, инстаграм хуудсыг нээж, мэдээллээ түгээж эхэлжээ. Alvaro, Hector нарын зөрүүд зан аяллыг эхлүүлэхэд амжилттай тус болсон гэнэ. Учир нь ойр дотны хүмүүс энэ аяллыг нь эрсдэл хэмээн дүгнэхэд мөн ОХУ виз өгөхгүй удаан хүлээлгэж, гараанаас нэг л хоногийн өмнө зөвшөөрсөн нь эхэлснээ заавал дуусгах хүчийг нь сэргээжээ. Грекээс Турк хүртэл зам нь сайн ч, өгсүүр газар их учраас машин нь халж, засвар хийлгэсээр… Казакстан тэгш газартай боловч Каспийн тэнгис хүртэл 300 км газар маш их шороо, чулуутай байж. Казакстаны газар нутгийг хөндлөн гулд туулсан урт өдрүүдийг тэд аяллын хамгийн хүнд замаар нэрлэв. Турк, Гүрж, Казакстан, ОХУ, Монгол гээд 12 мянган км газрыг туулахад энэ машины мотор хоёр удаа эвдэрч, таван удаа эд анги сольжээ. Бүх засвараа тэд өөрсдөө хийж байсан өгөөд машин нь дотроо гал тогоо, ор, усанд орох боломжтой учраас аяллын замыг хурдан хугацаанд туулсан гэлээ.

"Оросын хил дээр гурван цаг мэдүүлэг авч, дайсан мэт харж байсан нь таалагдаагүй. Испани улс хөл бөмбөгөөрөө алдартай, оросууд үзэх дуртай учраас азаар нэг харилцан ярих завшаан тохиосон. Биднээс дайны нөхцөл байдлын талаарх байр суурь асуусан. Бид байр суурьгүй гэсэн. Бидэнд нуух зүйл нэг ч үгүй учраас үнэн байдлаа л хариулсан. Казакстан, Монголын цагдаа нар хамгийн их зогсоосон ч энгийн шалгалт л явуулж байлаа. Аяллын маань зорилго хүмүүнлэгийн аян учраас замд таарсан хэн ч гэсэн найрсгаар хандаж, саадгүй нэвтрүүлж байсан" хэмээн тэд ярив. Машины засвар, аян замын бусад зардлаа тэд өөрсдөө гаргаж, аяллын зорилгыг дэмжсэн орлогыг "Асрал" төвд хандивлахыг зорьсон. Энэ жижигхэн машин дээрх олон лого бол залуусын аялал, сайн үйлсийн аяныг дэмжсэн газрууд аж. Эхэндээ тэдний дэмжигчид найз нөхөд, гэр бүлийнхэн л байсан бол аяллын мэдээллийг авснаар дэмжигчид олон болжээ. Alvaro-гийн ажилладаг "Siemens" компанийн 27 мянган ажилтан сайн үйлсийн аянд нэгдсэн бол, Hector-ын өмнө жил ажиллаж байсан компани гэрэл цахилгаангүй газар амьдарч буй хүмүүст хүргэж өгөөрэй хэмээн нарны эрчмээр ажилладаг гэрэл хандивлажээ.

-МОНГОЛЫН ТАЛД МАШИН БАРИХ НЬ БУРХНЫ ШАШНЫ БЯСАЛГАЛТАЙ АДИЛ-

Зорьж ирсэн Монгол нутгийн тал газар хамгийн их таалагдсан гэнэ. "Танай тал нутагт машин барьж явахыг бурханы шашны бясалгалтай зүйрлэж болно. Маш их эрх чөлөө мэдэрсэн. Мөн төрийн үйлчилгээ орхигдсон газарт цогц үйлчилгээ, сэтгэлийн боловсрол олгодог хүмүүстэй уулзах гэж байгаадаа яарч байсан. Хүүхдүүд хараад маш их сэтгэл хөдөлсөн. Бид баян биш ч гэсэн хийж чадах хэмжээндээ бусдад туслахын сайхныг мэдэрлээ." хэмээн монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцав. Энэ хоёр залуу аяллын бүх зардал, машиныхаа засвар, сэлбэгийн зардлыг бүгдийг өөрсдөөсөө гаргаж, харин аянд оролцсон бүх хүмүүс, компаниудын хандивыг зорин ирсэн газартаа хүргэжээ. Ирсэн өдөр нь хүүхдүүд цуглаж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа, тэдний хамгийн эхний бэлдэх ёстой зүйл бол сурагчийн дүрэмт хувцас гэдгийг мэдээд хандив өргөсөн хүмүүстэйгээ дахин холбогдож, мөнгө цуглуулж бүх сурагчид цамц авч өгсөн байна. Энэ үеэр Hector "би өчигдөр ирээд нэг хүүтэй шатар тоглоод хожигдсон. Тэдэнтэй уулзахад үнэхээр сэтгэл хөдөлсөн. "Асрал" төв эдгээр хүүхдүүдийг оюутан болсон үед нь ч дэмжиж, тусалсаар байдгийг мэдсэн болохоор тэдний ирээдүй надад маш сайхнаар төсөөлөгдөж, урамтай цаг хугацааг бид хамт үдсэн" гэж ярилаа.

-БИД ТӨРСӨН ЦАГААСАА САЙН ХҮН БОЛОХЫГ ХИЧЭЭСЭЭР ИРСЭН-

Бид энэ газар дэлхий дээр төрөөд сайн хүн болохыг хичээж байсан боловч хангалтгүй байлаа. Бид хоёр шиг бүтэлгүй гарууд зорилго сэдэл маань зөв байсан учраас энд ирсэн. Зарим улс орон дайны нөхцөл байдалтай байгаа ч бид азаар сайхан яваад ирлээ. Бусдад туслах гэсэн сэтгэлийг дэлхийн аль ч улс орны хүмүүс дэмждэг гэдгийг харлаа. Дэлхийн бүх хүмүүс бие биедээ туслах сэтгэл тээж амьдардаг юм байна. 12 мянган километрийг туулж, энэ сайхан газар ирэхдээ бусдад туслах нь хэмжээлж баршгүй үнэ цэнэтэй гэдгийг ойлголоо. Биднийг буцахад ОХУ-ын хил дээр дахиад тодорхойгүй асуултууд хэдэн ч цаг үргэлжилж магадгүй. Гэвч бид хоёрт нуух зүйл байхгүй. Яагаад орчин үеийн том хотуудад дайн тулаан хэрэгтэй гэж. Зөвхөн ийм л асуулт бий. Бусдаар бид зорьсон зорилгодоо хүрлээ шүү дээ.
Тэд аяллаа дүгнэж ийн хэлснээр бидний уулзалт өндөрлөлөө. Харахад жижигхэн энэ машинаар тэд эргээд 12 мянган километрийг туулж Испанидаа очно.
Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 08:14

САЙХАН СЭТГЭЛД ТАНЬ ГЯЛАЙЛААА ТА БҮХНИЙ ЮУ САНАСАН ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ

Зочин
Зочин
2022-08-19 08:19

Bayrlalaaaaa mash ih

Авилгалыг эсэргүүцэгч
Авилгалыг эсэргүүцэгч
2022-08-19 09:09

Ёстой хөөрхөн юмаа. Манай томчуудын хүргэж чадаагүй тусыг хаа холоос хүргэж байх ч гэж

Зочин
Зочин
2022-08-19 09:48

Bayrlalaaaa delhiiin hun bur ngneee gsn iim agui setgeltei baigeeeee

ayush
ayush
2022-08-19 10:07

Ямар мундаг юм бээ Баярл�##�аа та 2тоо аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-08-19 10:42

Би ч гэсэн ийм зүйл хиймээр байна яаж эхэлдэг юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button