Ярилцлага

ТЭЭВЭРЧДИЙН ГЭРГИЙ НАРЫН ХОЛБОО: Тавантолгойд хууль, журам үйлчилдэг болгох хэрэгтэй

-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЦАГААН ХАДАНД ОЧИЖ АЖИЛЛААСАЙ-

Тавантолгойн нүүрс тээвэрлэгчдийн гэргий нар нэгдэн “Тээвэрлэгчдийн гэргий нарын холбоо” ТББ-ыг байгуулан ажиллаж байна. Нүүрсний жолооч нарын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлаарх дуу хоолой болох нь гэргий нарын холбооны эрхэм зорилго аж.  Тус холбооны тэргүүн н.Түвшинзаяа, гүйцэтгэх захирал С.Сугардулам нартай ярилцлаа.

-Холбоонд хичнээн гэргий нэгдээд байна вэ?

-Манайх 2018 оны аравдугаар сард байгуулагдсан. Фэйж хуудсандаа 7000 гаруй дэмжигчтэй, ТББ дээр 100 гаруй гэргий нэгдсэн. айгаа тээвэрчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс төр засагт хүргэж чадахгүй байгаа үгийг  дамжуулахаар 13000 мянган гэргий нарын төлөөлөл болж байгуулагдсан. Манай хуудсанд бол 7000 гаруй дэмжигчтэй. Нэр цохож хэлэхэд хэцүү ч нарийн тоо аваагүй ч байгаа. Бид нартай цаасан дээр нэгдсэн 100 гаруй хүн байгаа.

-Өнгөрсөн хугацаанд жолооч нарынхаа төлөө юу хийв?

-Тээвэрчдийн гэргий нарын холбоог байгуулахаасаа өмнө Тавантолгойд очсон. Тэндхийн нөхцөл байдал, эр нөхрүүд маань хаана хэрхэн ажиллаж амьдралаа авч явааг биеэрээ үзэж ирээд холбоогоо байгуулсан. 13  мянган жолоочийн дуу хоолой болох зорилготой ажиллаж байна. Бид нар хамгийн анх  “Хурд 40, 50-Аюулгүй тээвэр” аянг зохион байгуулж Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч 500  машинд санамж нааж өгсөн.  Дараа нь тээвэрчдийнхээ гэргий нарын дунд захидлын уралдаан зарласан. “Хурдаа битгий хэтрүүлээрэй” агуулгатай энэ уралдаанд гэргий нар маань идэвхтэй оролцож Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүүхэд залуучуудын газартай хамтарч шилдгүүдээ шалгаруулж шагнасан. 500 жолоочоос нөхцөл байдлын судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс уртын урт тээврийг  шаардлагагүй гэж үзээд зогсоосон. Өвөл ачилт муутай, оочер ихтэй хүнд үеэр  “Аарц” аян зохион байгуулж жолооч нараа халуун аарц хүргэхийн зэрэгцээ бас л нөхцөл байдлаа ярилцаж дараагийн ажлуудаа төлөвлөсөн.

-Энд тэндхийн бүх асуудлыг нь мэддэг хүмүүс нэгдсэн. Хамгийн тулгамдаж  буй асуудал нь юу байна?

- Уурхайгаас хил хүртэл 237 км Гашуунсухайт авто зам байна. Олон осол энэ замын эвдрэлээс шалтгаалж байгаа. Яг энэ асуудлаар н.Болд дарга дээр ороход манай замаас шалтгаалаагүй, танай жолооч нарын буруугаас болдог эсэн. Тэгэхээр жолооч нартайгаа уулзаад бичлэг хийгээд явахад нөгөө “Км бүрд” гэдэг кино шиг л байсан. Мөн дөрвийн пост хамгийн хүнд сурталтай газар. Хил талаасаа 20 км зайд оршдог шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэг яасан нь мэдэгдэхгүй хаалтаа хаагаад жолооч нарыг өдрийн тал зогсоочихдог. Жолооч нарын хамгийн их хүсж байгаа зүйл нь юу вэ гэхээр ямар ч асуудал тулгарсан байж болно. Ер нь жолооч нарын хамгийн их хүсдэг зүйл бол уурхай болон шалган нэвтрүүлэх постууд үйл ажиллагааны мэдээлэл. Яагаад хаасан, хэзээ онгойх, хэзээ татаж эхлэхийг тэд мэддэггүй. Цагаан хад суурьшлын бүс. Энд  хууль үйлчилдэггүй газар. Дуудлагын таксинууд нь хүртэл архи зарна.  Архинаас л болж хамаг асуудал үүсч байгаа. Намар судалгаа аваад явж байхад арван жолоочийн найм нь согтуу байсан.  Цагдаа нар нь 200-300 мянгаар торгоод л байна. Үүнийхээ оронд согтуу жолоочийг зам дээр гаргахгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй. Худалдаа, үйлчилгээний наад захын шаардлага хангаагүй. Мэргэжлийн хяналтын газар Цагаан хаданд ажиллаасай гэж боддог.  

-Энэ жолооч нар машиндаа амьдардаг. Эндээ хоолоо хийж идээд унтаад явдаг гэнэ. Кабин халаагч гэж юмнаас болж эрсдэлд ордог тухай ярьж байна?

-Кабин халаагч нь нэг хоолойтой түлшээр ажилладаг. Мотор нь хэт халахаараа оч үсэрдэг бас угаартчих гээд байдаг гэж жолооч нар ярьдаг. Бид нар нөхрүүд дээрээ очоод кабинд нь хэсэгхэн байхад цээж хорсоно, толгой өвдөнө. Өөрсдөө дасчихсан, тэгээд ч халаахаас өөр арга байхгүй юм билээ.Одоо орой болгон утсаар цонхоо нэг хоёр хуруу доошлуулаарай, дулаахан байвал унтраагаарай гэж захиж байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд оролцож буй компаниудын хариуцлагыг дээшлүүлмээр байгаа юм. Жолооч болгон Хятад, Монголын аль нэг компанид харьяалалтай. Яагаад энэ жолооч нарын ажиллах амрах цагийг хөдөлмөрийн хуваарьт оруулж, НДШ, ЭМДШ-ийг нь төлж болдоггүй юм бэ. Оны өмнө шатаж нас барсан “Омогт цагаан шонхор” компанийн жолооч залуугийн нийгмийн даатгал төлнө гэж ажилд авсан. Гэтэл нас бараад хүүхдүүд нь тэжээгчээ алдсан тэтгэмж хөөцөлдөх гэтэл нэг ч сар төлөгдөөгүй байх жишээний.  Ер нь олон жолооч нарыг ээлжид оруулаад ажил, амралтыг нь зохицуулах цаг аль хэдийн болсон. Ихэнх нь цагаан сар, шинэ жил, улсын баяраар л гэртээ ирж байна.  Тавантолгойд хууль, тогтоомж, дүрэм, журам их бага гэлтгүй үйлчилдэг болгох хэрэгтэй.

-Та нар ойрын хугацаанд ямар ажил хийх вэ?

-Ганц мод хилийн боомт дээр монгол хүний үнэ цэнэ гэж байхгүй болсон. Жолооч нар энд хилийн цаана гараад өнчин гөлөгнөөс дорд үзэгддэг. Бид хоёрыг очиход залуу уйлж байсан. Бид нарыг гэдэг хүмүүс байдаг юм байна гээд. Тэдний бас нэг хүсэл нь Ганц модонд төлөөлөгчийн газартай болох. Хятадууд монголчуудыг зодож цохих, эрхийг нь асуудал бүр дээр зөрчих нь энгийн үзэгдэл болчихсон. Тэгэхээр бид хоёр өнөө маргаашгүй консулын газартай болох асуудлаар ГХЯ-нд хүсэлт гаргана. Одоо богино ресст 10 гаруй хонож байна. 2 сарын 28-нд урагшаа орсон хүн өчигдөр /3 сарын 14/ гарч ирж байна. Олсон хэдэн төгрөгөө буцаагаад Хятадын зах зээлд оруулж байна. Тэнд бас монголчуудаа дээрэлхдэг хүмүүс олон. Машиндаа хэсэгхэн суулгаач гэж орж ирээд бичиг баримтыг нь хулгайлаад явчихна. Нөгөө жолооч нар нь хэнд хаана хандахаа мэдэхгүй хэцүү байдалд орчихдог.  

-ТЭНД АМЬДРАЛ ЯАЖ ӨРНӨДГИЙГ НҮДЭЭРЭЭ ХАРСАН УЧРААС ЗОРЬСОН ЗОРИЛГОДОО ХҮРНЭ-

 -Жолооч нараас өөрсдөөс нь шалтгаалж буй асуудлууд бас байгаа байх?

-Бид нар судалгаа хийгээд явж байхдаа нэг зүйлийг анзаарсан. Дөрвөн жолоочийн гурав нь  амьдралынхаа төлөө банкны зээл, хүүхдийн төлбөр гээд гэр бүлээ тэжээх гээд  явж байна. Гэтэл амьдралын зорилгогүй, тогтсон гэр бүлгүй, олсон мөнгөөрөө архи уугаад явдаг хүмүүс олон байна. Бид нар судалгаа хийгээд нэг нэгээрээ салаад явдаг. Тэгэхэд нэг настай жолооч ах “ 21 аймгийн хог шаарнууд цугласан газар юу хийж яваа юм бэ. Ингэж ганц нэгээрээ явж болохгүй” гэж хэлсэн. Тэглээ гээд бид нар тэднээс айж эмээхдээ биш холбогдох байгууллагуудтай хамтран соён гэгээрүүлэх ажил хийе, орчны нөхцөл байдлыг нь өөрчилье, дуу хоолой нь больё гээд зорьж байна.

-Тэнд маш олон хэрэг дарагдаад өнгөрдөг тухай яригдаж байна. Бодит байдал дээр нь оролцоод явж байгаа хүмүүсийн хувьд энэ талаар мэдээлэл бий юу?

-Олон хэрэг дарагдаж өнгөрдгийг жолооч нарын яриа болон өөр эх сурвалжуудаас сонсож байгаа. Согтуу машинаасаа бөөлжих гэж тонгойгоод унаад өнгөрчихсөн залуугийн асуудал таг дарагдаад өнгөрсөн. Сая хэдхэн хоногийн өмнө Өргөн зам дээр, Цагаан хаданд хоёр жолооч шатаж нас барсан. Тэнд амьдрал яаж өрнөдгийг бид нүдээрээ харсан учраас зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэж байна.  Консулын газар, компаниудын хариуцлага, ажил амралтын хуваарь, үйлчилгээний чанар стандарт, архины хэт их хэрэглээ гээд тэр чигээрээ асуудал. Цагдаа нар нь зан харилцаа ёс зүй гэж байхгүй.

-Бодит орчин нөхцөл байдалтай нь танилцаад ирэхээр та нарын гэр бүлийн харилцаан дээр ямар  өөрчлөлт гарсан бэ?

-Маш их өөрчлөгдсөн. Гэртээ ирэхэд нь тав тухтай байлгачих юмс ан, аятайхан хоол унд идүүлчих юм сан гээд л.  Анх утсаа авахгүй болохоор нь уурлаад, утсаар ярих завгүй ажил гэж юу байдгийн гэж хүртэл хэлдэг байсан. Одоо бол замд явна л гэвэл зогсоод яриарай гээд шууд салгана. Хүлээцтэй болдог юм байна. Өмнө нь энд, тэнд хоол идэж байна гэхээр нь анзаардаггүй байж. Одоо бол муудсан, удсан юм идэв ээ, өөрөө хоолоо хийж ид гэж хэлдэг болсон.

-13000 жолоочийн ард маш олон хүн байгаа. Энэ олон хүний эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болно гэдэг асар том үүрэг хариуцлага. Та бүхэнд нийтэд хандаад юуг хэлмээр байна?

-Өнөөдрийн байдлаар бид нар “Баян зам” ТББ, Цогтцэций сум зэрэг газруудтай хамтран ажиллаж байна. Мөн биднийг хүлээн авдаг, дэмждэг нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг компаниуд хэд хэд бий. Нөгөө талаас ядарсан жолооч нараар шоу хийх гэж байгаа авгай нар гэсэн хүмүүс ч байдаг. Гэвч бид  шантрахгүй. Амь бүл болсон гэргий бид нар үүнийг хийхгүй бол өөр хэн хийх вэ.  Мянга мянган гэргий нар маань бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээрэй. Нийгмийн хариуцлага, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэн ажилладаг ТББ, ААН-үүд ч гэсэн бидэнтэй хамтран ажиллаарай гэж уриалмаар байна.

Б.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button