Г.Занданшатарыг БНХАУ-д айлчлахыг урьжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшу манай улсад айлчилж ирсэн.
Тэд өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэлжээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцжээ.
Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг Ли Жаньшу урьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.