Б.Эрдэнэбаяр: Монгол инженерүүд төмөр зам барих хангалттай туршлага, ур чадвартай болсон

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 километр төмөр зам өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран үргэлжлэх энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын гэдгээрээ Монгол Улсад анхдагч болсноос гадна 100 хувь монгол инженерүүдийн гараар бүтсэн гэдгээрээ онцлогтой. Жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий төмөр замыг бүтээн байгуулж, цаг хугацаандаа хүлээлгэн өгсөн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанийн төсөл хариуцсан Дэд захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд дээд, доод бүтцийн барилга угсралт, дохиолол холбоо, барилга угсралт, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн, хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж зэрэг зургаан багц ажлыг хийж гүйцэтгэхдээ олон улсад нэвтрээд буй хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологиудыг ашигласан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн ТЭЗҮ-ийг Австралийн компани боловсруулсан байдаг. Нэг замтай учраас жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх шаардлага үүссэн. Тиймээс энэ зам бол маш бага эвдэрч, маш бага засвар үйлчилгээ шаардах ёстой. Хамгийн бага засвар үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүн байж, жилд 30 сая тонн ачааг зөөвөрлөх шаардлагатай. Тиймээс төмөр замын хувьд хамгийн бага элэгдэхийг тооцоолж, хамгийн бага радиустай, засвар үйлчилгээний арчлалт үйлчилгээнд гардаг уулзвартай байдаг замыг уулзваргүй болгож өгсөн. Дохиолол холбооны байгууламж бол суман шилжүүлгийн механизмууд ямар ч нөхцөлд гацахгүй байх шаардлагыг хангасан тоноглолуудаар тоноглогдсон, хөдлөх бүрэлдэхүүн зүтгүүрийн хувьд бэлэн байдлын коэффицент нь 95 хувь буюу хамгийн их хэмжээнд байх бололцоотой зүтгүүрийг АНУ-аас сонгосон. Вагоны хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн технологийг шингээсэн, хамгийн бага засвар үйлчилгээ шаарддаг, хамгийн урт хугацаанд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог байгаа.
-Төмөр замын төсөл гэхээр бидний хувьд төмөр зам барих л тухай асуудлыг яриад байдаг. Гэтэл эрчим хүчний хангамж, барилга байгууламжаас эхлээд олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Энэхүү төслийн хүрээнд ямар, ямар ажлууд хийж гүйцэтгэсэн талаараа ярихгүй юу?
-Төмөр зам үндсэн таван хэсгээс бүрддэг. Үүнд төмөр зам, дохиолол холбоо, барилга, вагон, зүтгүүр, хөдөлгөөн зохион байгуулалт багтдаг. Үүнээс гадна барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбооны шилэн кабелиуд багтдаг. Энэ бүхэн нь хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, дээрээс нь говь нутагт суурьшихаар шинэ залуу үе ирлээ гэхэд шаардлагатай загвар дизайн, тав тухыг хангасан гэж хэлж болно.

-Уулзваргүй замын хувьд дохиолол холбоо болон системийн хувьд засвар бага шаардагддаг. Цаг хугацаа болон хөрөнгө хүчийн хувьд хэмнэлттэй гээд олон талаараа үр ашигтай гэсэн. Энэ замын онцлогийн талаар хэлэхгүй юу?
-Монгол Улсад төмөр зам байгуулагдсанаас хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ашиглаж байгаа тахир тойрох замын хамгийн бага радиус нь 300 метртэй байгаа. Тиймээс жил бүр зам төмрийг солих зэргээр засвар үйлчилгээ их гардаг. Маш их хүн хүчээр ажил хийдэг онцлогтой. Бидний барьсан төмөр замын хувьд тахир хэсгийн хамгийн бага радиус нь 2500 метр учраас зам төмрийн элэгдэл хамгийн бага. Уулзвартай төмөр замын уулзвар орчим дээр нийт төмөр замын гэмтлийн 80 орчим хувь нь гардаг. Бидний барьсан зам нь уулзваргүй учраас ашиглалтын зардал хамгийн бага гарна. Мөн дээрээс нь төмөр замын арчилгаа үйлчилгээг нь хялбаршуулах, хүний хүч бага гаргаж, зардал багатай байхын тулд камержуулах, сүүлийн үеийн системээр тоноглох, хэвийн үйл ажиллагааг нь онлайн байдлаар хянах энэ процесс нь бүрэн тоноглогдсон. Тиймээс хамгийн бага засвар үйлчилгээ гарч, үүнээс шалтгаалан маш бага зардал гарна. Хэдийгээр төмөр зам барьсан анхны өртөг өндөр байгаа ч урт хугацаандаа илүү өндөр ашигтай байх нь тодорхой.
-Нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг олон улсын жишгээр монголчууд өөрсдөө барьж гүйцэтгэж дуусгалаа. Танай хамт олон, монгол инженерүүдийн хувьд дахин ийм төмөр замыг барьж байгуулах боломж бий юу?
-Монгол инженерүүд төмөр замын төсөл дээр ажиллах хангалттай туршлага, ур чадвартай болсон. Тиймээс зүүн босоо, баруун босоо чиглэл, Богдхан төмөр замыг манай компани болон Монгол Улсын туслан гүйцэтгэгч компаниуд барьж чадна гэдэгт итгэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Tiiiiim shvvv demjij bna
Заав�##� бусдын гарыг харж өр зээл тавилгүйгээр өөрсдөө хийж байгаа нь цаашдаа маш чух�##�.Бичигт, Зүүн босоо чиглэлийн төмөр замаа өөрсдөө барихыг хүсьэ.Хөндлөн төмөр зам бол 40дахь асууд�##� шүү.