М.Амина: Арт шоугаар контемпорарид хүрэхээс өмнөх “хугарал”-ын үеийг онцолно

Урлаг судлаач С.Аминатай гурван жилийн өмнө, яг есдүгээр сарын эхэн өдрүүдэд ярилцаж байжээ. Дэврүүн, “сахилгагүй” М.Амина тэр үед “Синдром” арт шоу зохион байгуулж, урлагийн тухай мэдлэг, мэдээллийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэж байсан.
Харин өнгөрсөн хугацаанд тэр ОХУ-ын И.Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академид магистрын зэрэг хамгааллаа. Эх орондоо ирснээс нь хойш уулзан ярилцах хүсэл адгаж байв. Одоо нэг л өөр М.Амина юм шиг сошиал орчноос харагдах болсон. Гэтэл “Синдром”-оо ирэх долоо хоногт дахин зохион байгуулахаар төлөвлөсөн нь анхаарал татав.
Ингээд бид уулзав. Өдгөө түүнийг И.Репиний академийн докторант гэсэн тодотгол хүндэтгэн чимж байна.
ОНОЛООР БУС ЗҮРХ СЭТГЭЛЭЭРЭЭ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙГ МЭДЭРСЭН “ОЛЗ”-ТОЙ
-И.Репиний академид суралцах болсноос нь хойш таны урлагийг харах өнцөг өөрчлөгдсөн үү?
-Хэрэв мөн чанарыг нь: Хүн төрөлхтний оршихуй, сэтгэл зүрхийг илүү дээгүүр түвшинд хүргэдэг зүйл гэж ойлгох юм бол урлагийг харах өнцөг маань өөрчлөгдөөгүй.
Анх Европоор аялж үзээд атаархаж байсан. Миний дүүгийн адил насны хүүхдүүд Микеленжело, Ж.Бернинигийн босгосон усан оргилуурыг тойроод гүйлдэж байсан. Хүүхдүүд уран бүтээлчийнх нь нэр алдрыг мэдэхгүй ч гурван настайдаа бүтээлүүдийг нь үзэж, зэрэгцэн оршиж байхыг харсан. Өөрөөр хэлбэл урлаг тухайн ард түмний амьдралын нэг хэсэг байсан.
Үүнийг Санкт-Петербургт суралцаж байхдаа ч мөн хүчтэй мэдэрлээ. Урлаг гэхээр хол, тусдаа зүйл биш гэсэн тэр хандлага. Эндээс үүдэж, эх оронд маань урлаг хэрхэн хөгжих хэрэгтэй вэ, нийгмийн хандлага яаж өөрчлөгдөх шаардлагатай вэ гэдгийг илүү гүнзгий бодож, ийш тэмүүлж эхэлсэн.
Тэгэхээр өөрчлөгдсөн гэхээс илүү урлагийн нийгэмд эзлэх байр суурийг харах хандлага маань илүү батажсан юм уу даа.
-Би тэгвэл асуултаа буруу тавьжээ. Уран бүтээлчийн дотоод шат даваа, эмоцын хувьд урлагт хандах хандлага тань хэрхэн өөрчлөгдсөн бол. Өмнө нь таалагдаж байгаагүй урсгалууддаа татагддаг болох ч юм уу?
-Сонгодог урлагийг нэн тэргүүнд чухалчлах үзэл бодол багаас минь л төлөвшсөн. Сонин нь, дэлхийн хамгийн академист, сонгодог академиудын нэгэнд очингуутаа би контемпорари урлагийг өөрөөр, шинээр мэдэрсэн.
Италийн академийн уран бүтээлчид ирж, төсөл дээр ажилласан юм. Би нэгэн итали барималчийн үйлдлийн урлагт оролцож, тусалсан. Надад ер тийм туршлага байгаагүй. Эхээс төрсөн нүцгэн биеэрээ зогсоод, барималчийн босгосон дөрвөн хананаас аль болох олон хувцас авч, давхарлан өмсөх хэрэгтэй болсон. Миний амьсгал боогдтолоо өмсөж чадсан нь 28 хувцас. Тэднийгээ буцаагаад тайлсан.
Энэ үйлдлийн урлагийг үзэгч бүр өөрийнхөөрөө ойлгоно. Минийхээр: Бид эхээс төрсөн биеэрээ ирээд хүн бүртэй зохицох гэж баг зүүх болдог. Зүүсэн багууд эцэстээ биднийг боомжилж эхэлнэ. Улмаар тэднийг нэгээр нь авч хаясаар, эцсийн бүлэгт үхэлтэй ямар ч баггүйгээр нүүр тулдаг гэсэн агуулга байсан шиг.
Тэр үйлдлийн урлагт оролцоод асар их катарзис мэдэрсэн. Сэтгэл зүрх цэвэрлэгдэх мэт. Эх орноосоо хол, сэтгэл шаналгах юм ихтэй ч үе байлаа. Үүний дараа маш их тайвширсан. Ихэд “үгүйсгэж” явсан орчин үеийн урлагаа маш хүчтэй юм байна гэж бодсон /Инээв/. Онолын түвшинд бус, зүрх сэтгэлээрээ орчин үеийн урлагийг мэдэрсэн “олз”-той юм уу даа.

-И.Репиний академид суралцаж байх жилүүдэд нь маш олон контемпорари үзэсгэлэн гарсан. Таныг ер контемпорари урлагийн талаар ярьж байхыг сонсоогүй санагдах юм. Хувьдаа ямар тодорхойлолттой явдаг юм бэ?
-Урлаг судлаачийн хувьд системчилсэн хариулт хэлэх болоогүй болов уу.
Би яагаад уламжлалт урлагт илүү хайртай байдаг вэ гэхээр, бидэнд бүхэллэг сэтгэх боломж олгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам бид сэтгэлгээний бүхэллэг байдлыг алдаж байгаа. Харин контемпорари урлагийг 20-р зуунд үүссэн модернизмийн дараах гарцыг хэлж өгөх болов уу гэсэн найдлага бий.
Уламжлалт урлаг үргэлжилсээр 20-р зууны эхээр бид нэгэн том толийг хагаллаа. Тэр толь хагархай бүхнээрээ үнэтэй юу, эсвэл буцаагаад эвлүүлэх ёстой юу гэдэг асуултын хариултыг контемпорари урлаг хэлж өгөх байх. Иймд тодорхойлохоос илүү би өөрөө контемпорари урлагт асуулт тавьчхаад, хариултаа хүлээгээд л сууж байгаа.
-Саяхан эртний Египет, Грекийн урлагийн талаар лекц уншсан санагдаж байна.
-Тийм ээ, урлагийн түүхийн талаар 10 цуврал нэвтрүүлэг хийхээр ажиллаж байгаа.
Би яг камерын урд гарахаараа ярьж чаддаггүй юм билээ /инээв/. Найруулагч маань намайг хүнтэй амьд харилцаа үүсгэж гэмээнэ өөрөөрөө, нээлттэй ярьдаг юм байна гэсэн. Тийм болохоор эртний Египет, Грекийн урлагийн тухай лекцээ үзэгчдийн өмнө тавьж үзсэн. Энэ цуврал нэвтрүүлгээ бэлтгэн гаргана аа.
АРАЙ “УЙТГАРТАЙ” БОЛЧИХСОН ЮМ БОЛОВ УУ
-Санкт-Петербургээс ирэхэд лекцэнд суух үзэгч, хүлээн авагчдаас өөрчлөлт анзаарсан уу?
-Үзэгч, хүлээн авагчид гэхээс илүү би өөрөө багагүй өөрчлөгдсөн юм билээ. Урьд нь “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр эрх чөлөөтэй ярьж чаддаг байсан. Гэтэл одоо үзэгчид шүүмж, сэтгэгдлээ их хэлж байна. “Өмнө нь их сэтгэл хөдлөлтэй ярьдаг байсан, одоо даруу болжээ”, “Урьд нь уран бүтээлчийн хувийн амьдралын фактуудыг ярьдаг байсан бол одоо академик мэдлэг ярьдаг болжээ” гэх мэт.
И.Репиний академи төгсөх нь аливааг шинжлэх ухаанч талаас харах том школа суулгадаг. Тэр утгаар арай жаахан “уйтгартай” болчихсон юм болов уу /Инээв/. Илүү гүн гүнзгий рүү нэвтрэхийг, түүнийгээ бусдад өгөхийг хүсдэг болчихсон. Шоуны хэлбэрээс татгалздаг болсон гэх юм уу. Гэхдээ шоуны хэлбэр буруу биш л дээ. Бид бүгдээрээ шар сонинд дуртай. Бидний сонирхлыг өдөөх мэдээнд дуртай. Гэвч үүний цаана ашигтай, хэрэгцээтэй, оюунлаг зүйл байвал болж байна.
-Яагаад ч юм урлаг сонирхогчдын түвшин таны ОХУ-д суралцах хугацаанд өөрчлөгдсөн мэт санагдаад. Үзэсгэлэнгүүд их гарсан, уран бүтээлчид маш хөдөлмөрч болж байгаа.
-Судалгаа хийж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Үзэгчдийн хөгжлийг зөвхөн сүүлийн 2-3 жилээр хязгаарлалгүйгээр, 1990-ээд оноос хойших цаг хугацаанд авч үзвэл илүү бодитой санагдаж байна.
Ахмад уран бүтээлчдийн анхдагч үйлдлүүд тухайн үедээ бусдад ойлгогдохгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан байж болно. Гэхдээ хийсэн бүхэн нь түүх болж үлдсээр өнөөдрийн цэгт хүрч байна. Уран бүтээлч бүрийн дусал, дуслаар хийж ирсэн үйлс нь бидний, бидний дараагийн үед тэсэрч гарахаар боловсорч буй байх. Боловсроод явж буй тул урлагийг ойлгодог хүмүүс ч олон болж байгаа нь мэдээж.
-Энэ удаагийн “Синдром” арт шоунд энэ өөрчлөлт туссан уу. Шоуны хэлбэрээс татгалзаж буй, академик хандлагатай болж гэж ярилаа?
-“Синдром” арт шоу бол урлагийн тухай мэдээллийг хүргэх шинэлэг хэлбэр учраас үүнийг нь хадгалж байгаа. Нэгдүгээрт сонирхолтой байх зарчмыг барина. Урлаг дан ганц онол, мэдлэг биш мэдрэмж ч яригдах учиртай. Шоунд сонирхлоороо өдөөгдөн ирж буй хүмүүс ямар нэг зүйл аваад буцах ёстой. Ямар ч ажил эрхэлдэг хүн бай урлагийг амьдралд ойр зүйл юм гэдгийг мэдэрч, эцэст нь өөрийгөө ойлгоод гарвал миний зорилго биелнэ.
Өөрөөр хэлбэл, би хэчнээн ардчилалд дургүй ч энэ шоунд ардчилсан үзэл гаргаж байгаа юм. Иймд лекцээрээ урлагийг аль болох энгийнээр тайлбарлана. Энгийн үгээр бэлтгэсэн лекцээс гадна гүн гүнзгий саунд-арт, үйлдлийг урлагууд орж байгаа.

-Урьд нь “Синдром”-ыг хүмүүс үзэгдэл шахуугаар хүмүүс хүлээж авсан, хүчтэй сэтгэгдэл төрж байсан. Одоо таныг И.Репиний академид сураад ирсэн тул юугаараа өөр болох бол гэсэн хүлээлт бий байх л даа?
-Шоуг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Үйлдлийн урлаг, саунд-арт, урлагийн тухай лекц, уран бүтээлийн үзэсгэлэн, гар урлалын үзэсгэлэн худалдаа зэргээс бүрддэг хэлбэр нь хэвээр байх юм. Харин агуулгын хувьд өөрчилж явна.
Түрүүнд хоёул контемпорари урлагийн тухай ярилаа. Дэлхийн контемпорари урсгалаар туурвиж буй хүмүүс өөр, өөрсдийн замыг туулж, уламжлалт урлагийг тодорхой үзлээр үгүйсгээд, үүндээ хүрсэн байгаа. Монголчууд харин арай өөр өнцгөөс хараад байдаг. Магадгүй бидний нүүдэлчин соёлоос өгөгдсөн зүйл болов уу.
Гэхдээ бид яах ч аргагүй өрнө, дорнын соёлоос хамааран оршдог. Тэдний аль, алиных нь түүх, соёлыг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн “Синдром” арт шоугаар модернизм буюу тэр нэгэн хугарлын үеийг барьж авч буй. Уламжлалт урлаг байлаа, хожим контемпорари гарч ирлээ. Дунд нь юу болов оо, ямар шилжилт туулав аа гэдгийг ойлгохын тулд 20-р зууны оюун санааны хувьсгалын талаар мэдэх хэрэгтэй болно. Иймд энэ хэсэгт илүү анхаарал тавьж, П.Пикассо, М.Шагал, А.Матисс нарын уран бүтээлчдийг сонгосон. 20-р зууны урлаг гэсэн суурь нь нэг ч, агуулгын хувьд шинэ уран бүтээлчдийг онцолж байгаа.
-Системчилсэн мэдлэгийг сууриар нь чухалчилдаг, уламжлалт урлагийн үнэ цэнийг үгүйсгэдэггүйгээрээ таны хувь урлаг судлаачийн онцлог илэрдэг. Өдгөө ихэнх урлаг судлаачид контемпорари руу тэмүүлж байна. Олон хүн амжилттай ажиллах боломжгүй жижиг талбар дахь таны орон зай юу юм бэ?
-Ийм өндрөөр дүгнэж буйд баярлалаа. Системчилсэн мэдлэгийг хүмүүст олгох нь миний суурь хүсэл л дээ. Ер нь л дэлхийн түүх гэдэг гинжин хэлхээс шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө ундран гардаг. Ирээдүйд юу болохыг мэдэхийн тулд өнгөрсөн рүүгээ эргэн харж, тэр гинжин хэлхээсийн зүй тогтлыг олох нь чухал.
Тийм ч учраас илүүтэй системчилсэн мэдлэгт тэмүүлсээр ирсэн. Харин Монгол дахь хувь урлаг судлаачийнхаа орон зайг юу гэж ойлгох, юу хийх вэ гэдэг асуулт... Магадгүй миний зорилго бяцхан байх. Хийх ёстой гэж бодсон зүйлээ л хиймээр санагддаг. Чадаж байгаа бол хийе л гэж. “Урлаг судлалын түүхэнд би...” гэсэн том зорилго үгүй л дээ.
-Эдгээрийг хийх хувийн шалтгаанууд юу байна. Үл ухамсарлагдах дотоод шалтгаанууд?
-Уншиж судлан, музей, галлерей үзэх хэрээр мэдрэмж, мэдлэгүүд дотор бичигдээд л байдаг. Том тогоон дотор буцлаад л байдаг. Үүнийг бүтээл болгож гаргахгүй бол эргээд дотроос минь идэж эхэлдэг. Жижигхэн ч гэсэн уран бүтээлчдийн адил өөрийн бүтээлээ төрүүлж буй хэлбэр маань эдгээр лекц, шоу юм.
АРДЧИЛАЛД УРАН БҮТЭЭЛЧИД МӨНГӨНӨӨС ХАРААТ Л БАЙНА, ЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ МӨН ҮҮ
-Танаас асуухгүй өнгөрч болохгүй сэдэв бол зүүний үзэл л дээ. Урлаг эрх чөлөөтэй салшгүй холбогдож, улмаар баруун руу дагуулдаг тал бий. Би таныг зүүний үзэлтэй гэхэд болох уу?
-Болно оо.
-Энэ үзэл урлаг судлалтай холбогдоод ирэхээр ямар нэгдэл үүсгэдэг нь анхаарал татдаг. Зөрчилдөөн, эсвэл сул ба давуу тал бий болдог шиг санагддаг уу?
-Бид урлагийн тухай ярихдаа ямар нэг байдлаар зохиомол эрх чөлөөний талбарт ороод ирдэг. Яг эрх чөлөө гэж юу вэ гэдгийг зуун зууны философичид өөр өөрөөр авч үзсэн.
Хэрэв надаас “Социализмын үеийн зураачид эрх чөлөөгүй байсан уу” гэж асуувал би “Тийм” гэж хариулж огт чадахгүй. Хүн л юм чинь бид байгалийн болон нийгмийн хуулиас, ямар нэг зүйлээс заавал хамааралтай байх юм.
Микеланжело Ромын пап ламын шахалтаар Сикстиний дуганы зургийг зурах даалгавар гүйцэтгэсэн байдаг. Өөрийгөө барималч гэж бодож байсан хүн. Микеланжелогоор ажлаа хийлгэхийн тулд зугтаж очсон хот бүрийг нь нурааж байж, зөвшөөрүүлэн, Сикстиний дуганы ажлыг хийлгэсэн.
-Хүний даалгавар л биелүүлсэн байдаг.
-Тийм, хүний шахалт, даалгавраар. Гэтэл түүнийг сэтгэлгээний хувьд эрх чөлөөгүй уран бүтээлч байсан гэж хэлж болох уу, эсвэл үгүй юу. Өрнийн түүхэнд шашин хийдийн эрх мэдэл буурсан ч улс төрийн эрх мэдэл давамгайлж, уран бүтээлчдийг “захиалдаг” байсан. Энэ хандлага удаан үргэлжилсэн ч тэд гайхалтай бүтээл туурвисаар байсан.
Социализмын үед үзэл бодол баригдмал байсан мэт хэрнээ тэд сайн дураараа хувьсгал хийж, идеологидоо итгэж, уран бүтээлээ туурвицгаасан. Ямар ч уран бүтээлчийг “Д.Сүхбаатарыг байгуулсан гавьяанд нь итгэхгүйгээр зураадах” гэвэл их л царай муутай дүрслэх болов уу. Гэтэл итгэл үнэмшил байсан учраас чин сэтгэлээр бүтээж байсан, соц-реалист зургуудыг энэ үүднээс эрх чөлөөгүй хэмээх боломжгүй.
Өнөөдөр ардчиллыг асар эрх чөлөөтэй цаг үе гэдэг ч уран бүтээлчид мөнгөнөөс хараат л байна. Ямар ч цаг үеийг эрх чөлөөтэй байсан, байгаагүй гэж тодорхойлох нь дутуу дулимаг юм.
-Таны зүүний үзэлд урлаг нөлөөлсөн үү гэдэг асуулт тавигдах нь?
-Дэлхийн урлагийн түүх сонирхож, дараа нь дэлхийн ерөнхий түүхийг судалж эхэлсэн. Түүхээс гадна түүхийг философийн талаас нь тайлбарладаг, түүхийн философи гэдэг салбарыг судалдаг болсон. Үүнд их дурласан. Эдгээр нь миний улс төрийн үзэл баримтлал төлөвшихөд илүүтэй нөлөөлсөн байх.

-Дээрх утгуудаар таны амьдралд тусгаарлагдан ганцаардах шалтгаан цөөнгүй байдаг шиг санагдлаа. Анх ярилцаж байхад би маш тогтвортой сэтгэл зүйтэй эмэгтэйтэй уулзаж байсан. Одоо илүү эмоцтой хүн миний өөдөөс харан сууж байна. Ганцаардлын тухайд амаргүй даваа давж туулав уу?
-Ангийнхаа Бат, Дулмаатай үзэл бодол нийлэхгүй байх нь надад байдаг л зүйл байсан. Цаашлаад Бат, Дулмаа хоёрын зөв үү, эсвэл минийх зөв үү гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр бага наснаасаа үзэл бодлын зөрчилдөөний дунд шүүмжлэлт сэтгэлгээнд суралцсан. Ийм утгаар үргэлж л ганцаараа байдаг. Мөн энэ нь тийм ч муу зүйл биш. Хэрэв өөрөө, өөрийнхөө үзэл бодолтойгоо, тэнцвэртэй байгаа бол, хэрэв энэ би л юм бол зүгээр.
Ганцаардлыг даван туулсан, больсон гэж хэлэхгүй ээ. Оюун санааны хувьд ганцаардаж байгаа. Харин оюун санааны хувьд огтлолцдог хүмүүстэй хааяа учрахад хатсан хөрсөн дээр ус дусаах шиг сайхан байдаг.
Өөрөө өөртэйгээ тулах үйл явц их өрнөсөн л дөө. Санкт-Петербургт яг цар тахлын үеэр хөл хорионд орсон, өөртэйгөө их тулж, ярилцсан даа.
-Гэхдээ эх оронч сэтгэлгээ танаас байнга үнэртэж ирсэн. Харин уран бүтээлчдийн хөгжил, эсвэл олон нийтийн урлагийн тухай ойлголтын хөгжил хоёрын аль нь таны ажиллах талбар юм бэ?
-Би Монголынхоо уран бүтээлчдийг хангалттай өндөр хөгжсөн гэж боддог. Мэдээж энэ салбарт урлаг судлаачийн орон зай дутагдаж байгаа. Гэхдээ миний хийх зүйл илүү үзэгчидтэй тулж ажиллах болов уу.
Уран бүтээлчид хэдийнэ жимсээ өгөхөд бэлэн болчихсон. Иймд тэр амтлаг жимсийг нь түүж, бусдад түгээх ажлыг хийх нь чухал шиг. Үзэгчдийн мэдрэмж, мэдлэгийн түвшинд нь нөлөөлөх зүйл хийхийг хүсдэг. “Синдром” арт шоунд монгол уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэн гарна. Нэгэнтээ боловсорсон алим байгаа тул “Аваарай, идээрэй” хэмээн уриалан дуудаж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bi chamd bur durlaad buh youtube-n bichlegiig, zarimig n bas davtaj uzlee, tursun udruuru avah belgiin sanaagaa ch bugdii n chamaas. Azjargal tugeedeg huurhun ohin shuu, Surguulid n amjilt! bas ochij uulzahimsan, Leningradyg uzengee
Syndrome gechiheer bur yag anagaahiin nershil bolchkeed zunduu bodood ene heveerni bailgachihsan :)) Daraa jil zasnaa :))
удлаад, тайлбарлаж таниулж сураад Монголчууддаа шинэ аял�##�ын жим, зам гаргаарай. ???? ????????????????
Тархины түгжээ мулт�##�ж , урлагийн ертөнцрүү хөтлөх СИНДРОМ АРТ ШОУГ зохион байгуулж нийгэмд шинэ бүтээл өөр нэг өнцөг дэлгэж байгаад баярл�##�ааа
Намайг яг зун очихоор амр�##�тын цаг таараад лекц зохиогдохгүй гуниглаад бсан юм.
Маш их оюуны хөрөнгө оруул�##�т хийж байгаа мундаг охин шүү
Гайхамшигтай бүсгүй!
medeell awiiii
Уг нь шууд нэвтрүүлгийг хийгээд онлайнаар төлбөрийг х хийх боломжийг олговол гадаадад байгаа бид их баярлах юм даа ????????
Сайн байна уу? Та Сахилгагүй Аминагийн лекцийг сонирхогчид фейсбук группт ороорой. Бид удахгүй нэвтрүүлгийн сувгаа цацах болноо.
маш их бахархдаг
Амжилт хүсье Мундаг шүү Амина
Хөдөлмөрч байна гэдэг хайрламаар зүйл шүү! Амжилт хүсье ээ бүсгүй!
Tesen ydaj hvleej bgaa
Сэтгэл их догдолно гэдэг нь адрен�##�ин ихээр ялгарна гэсэн үг маш сайхан үйл ажиллагаа болноо Амина мниь ????
Гайх�##�тай зүйл хийж байгаад амжилт хүсье... ????????????????????????