УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Р.Батболд: Б.Батбаатарыг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр нам дотор яригдаагүй. Зүүдлээд л сэрсэн байх

Найм хоногийн өмнө ИЗНН-ын онц их хурал хуралдаж, намын дарга Б.Батбаатарыг хөөж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар намын даргаараа сонгосон. Өдгөө намынх нь тамга тэмдэг Б.Батбаатарт бий. Тус намын дүрэм, даргын аль нь ч УДШ-д бүртгэлжээгүй байгаа билээ. Иймд ИЗНН-ын шинэ дарга гэгдээд буй Р.Батболдтой ярилцлаа.

Надад бол намаа хагалж, бутаргая, хоёр хуваая гэсэн санаа зорилго байхгүй. Бид зарчмын л зүйл ярьж байгаа

-ИЗНН-ын онц их хурлаар олонхын саналаар таныг даргаараа сонгосон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдав. Тухайн өдөр Б.Батбаатар сайд та хоёр ширүүн маргаан өрнүүлж ч харагдсан. Олон нийтийн зүгээс тамга нь хэнд байна тэр хүн дарга хэмээн үзэж байгаа. Шуудхан л асууя. Та өөрийгөө албан ёсны дарга гэж үзэж байна уу?

-Намын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын анхан бөгөөд дунд шатны байгууллагуудаас шаардлага ирсэн. Учир нь манай намын дүрэм дөрвөн удаа УДШ-ээс буцчихсан байгаа. Аль ч нам Улс төрийн намын тухай хуульнд нийцүүлэн дүрмээ шинэчлээд УДШ-ээс баталгаажуулах ёстой. Гэтэл үүнийг бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд хийж чадсангүй. Энэ бол маш хариуцлагагүй үйл явдал, ноцтой асуудал. Үүнтэй холбоотойгоор онц их хурал хуралдсан.

-Тэр онц их хуралд хэчнээн гишүүн оролцсон бэ. Ер нь ИЗНН хэчнээн гишүүд, дэмжигчидтэй бэ?

-Би тоог нь авсан. 462 гишүүн оролцсон гэх эцсийн тоо гарсан.

Намын бүртгэл явж байгаа байх гэж найдаж байна. Нам дээр явж байгаа асуудлууд бүгд хаалттай, шаардлагатай ажлууд хийгдэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Намаас гарч байгаа шийдвэрүүдийг ч хаанаас гараад буйг ойлгох арга алга. Ийм л байгаа ИЗНН.

-Танай нам яагаад ингэж хоёр хуваагдаж, дүрмээ ч бүртгүүлж чадахгүй нөхцөл байдалд орчхов?

-Нам удирдаж байгаа Б.Батбаатарын л асуудал. Тийм ээ. 2025 оноос хойш л бид намын дотоод ардчилал алдагдах гээд байна. Та энэ асуудал дээр анхаарч ажиллаач ээ гэж хэлсэн, бас шаардсан. Гэтэл одоог хүртэл анхаарч ажилласан зүйл алга байна. Өөрийнх нь зохион байгуулсан улс төрийн зөвлөл, үндэсний хороо гэсэн манай намын эрх барих дээд байгууллага байдаг. Тэр байгууллагаа гараа өргөх зориулалттай хэдэн хүнээр дүүргэчихсэн учраас болохгүй байсан. Ерөнхийдөө анхан шатны дуу хоолой намын шийдвэрт нөлөөлдөггүй байсан юм.

Надад бол намаа хагалж, бутаргая, хоёр хуваая гэсэн санаа зорилго байхгүй. Бид зарчмын л зүйл ярьж байгаа.

-Таныг даргаараа сонгосон онц их хурлын 73.3 хувийг бүрдүүлсэн гишүүдийг таныг дагасан дэмжигчид байсан. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа зарлахад нь манай намын дэд дарга, дүүргийн дарга нар очиж, зогсоох шаардлагатай, энгийн гишүүдийг төөрөгдөлд оруулж ийм онц хурал хийх нь буруу гэдгийг хэлэхээр танхим руу орох болоход хамгаалалтын алба гаргаж,  боломж олгоогүй. Намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй гэж Б.Батбаатар дарга хэлсэн. Та сонссон байх?

-Намайг дагасан дэмжигч гэж хэлж болохгүй. Онц их хурлыг намынхаа цаашдын үйл ажиллагаа, улс төрийн орчинд байх уу, үгүй юу гэдэгт санаа зовсон гишүүдийн хурал. Энэ хурлаас л би намын даргаар сонгогдсон.

-Та УДШ-д өөрийгөө, мөн намын дүрмээ бүртгүүлэхээр илгээсэн үү?

-УДШ-д удахгүй хүргүүлнэ. Бичиг цаасны ажил, редакцын засварууд хийгдэнэ. Мөн протоколыг цаасан дээр буулгах зэрэг олон асуудал бий. Бүх зүйлээ эмхэтгээд, УДШ бүртгэх шаардлагыг хангасны дараа л явуулах нь зөв байх.

Би Б.Батбаатар гэх хүнийг гуйж ирээгүй. ЕНБД болооч гэж өөрөө санал тавьсан

-Онц их хурлын дараа Б.Батбаатар сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй. Гэхдээ Б.Батбаатар сандраад баахан сэтгүүлчдийг цуглуулаад хоёр ч удаа хэвлэлийн хурал хийсэн юм билээ, өрөөндөө. Хүмүүсийн асуудлыг л ярьж байсан. Болчимгүй, болчимгүй зүйл л яриад байна уу даа гэж харсан.

-Б.Батбаатар даргыг ИЗНН-ынхан АТГ-т шалгуулахаар хандсан байх аа?

-Шалгуулахаар хандсан. Шалгаж байгаа гэх хариуг өгсөн.

Б.Батбаатар сайд 52 хоногийн дотор хоёр тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явсан. Бразил улсад танилцуулах материалд 60 сая төгрөг, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг, 10 сая төгрөгөөр 6 ширхэг видео шторк хийлгэсэн. Кени улсад 15 сая төгрөгөөр дахиад тавыг хийлгэсэн, нэг сая төгрөгөөр 20 удаа павильон түрээсэлсэн, 35 сая төгрөгөөр танилцуулах материал хийлгэсэн. Панам улсад 10 сая төгрөгөөр 6 удаа, арга хэмжээ зохион байгуулахад 40 сая төгрөг, танилцуулах материал 30 сая төгрөгөөр хийлгэснийг Авлигатай тэмцэх газарт өгсөн.

Мөн парламентад суудалтай намуудад төрөөс санхүүжилт өгдөг. ИЗНН-д 455 сая төгрөгийг тавдугаар сард өгсөн. Долоодугаар сард намын Их хурал болоход төрөөс мөнгө орж ирээгүй гээд тайлан тавиад сууж байсан. Төрөөс өгдөг бүх санхүүжилт зориулалттай байдаг. Гэтэл хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн байна. Намын татвар 200 сая төгрөг, төрөөс өгсөн 400 сая төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгчихсөн байна. Дээрээс нь банкнаас 132 сая төгрөг зээлсэн. ИЗНН-д банкны барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд байдаг. Банкны зээл төлсөн гээд 287 сая төгрөг гаргачихсан. Энэ эргэлзээтэй байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан.

-Та ИЗНН-д ямар үүрэг рольтой ажиллаж ирэв. Өчигдөр М.Нарантуяа-Нара гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "УИХ-ын гишүүн болох үгүй нь эргэлзээтэй явсан хүн намын дэмээр гишүүн болчхоод одоо намын дарга болно гэж байна. Тамга нь хэндээ байна тэр хүн намын дарга" хэмээсэн. Б.Батбаатар ч таныг "ИЗНН-ын үйл ажиллагаа, санхүүжилтэд нэмэр болоогүй нөхөр" гэж хэлсэн шүү дээ.

-Бараг танихгүй хүнээ намынхаа жагсаалтын гуравт эрэмбэлж, гишүүн болгож буруу юм хийсэн гэж Б.Батбаатар ярьж явна билээ. Би |2023.12.09|-ны хурлаар ЕНБД-ын албан тушаалд томилогдсон.

Би Б.Батбаатар гэх хүнийг гуйж ирээгүй. Маш сонин зүйл ярьж байна. Ер ямар ч улс төрийн нам, хүчин гуйсан хүн бүрийг ЕНБД-аараа тавьчихдаг бол утгагүй зүйл болно биз дээ. Надад өөрөө санал тавьсан. Хамтарч ажиллаач ээ гэж.

Улмаар долоон сарын хугацаанд, УИХ-ын 2024 оны сонгууль хүртэл ЕНБД-ынхаа ажлыг хийсэн. Анхан шатны намуудаа яаж бэхжүүлэх вэ, яаж гишүүдийнхээ тоог нэмэх вэ, сонгуульд яаж оролцох вэ гэдэгт ажиллаж явсан. Ийм л түүхтэй.

-"ИЗНН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх, хагарган бутаргах сонирхол танд байгаа учир намын дарга болох гэж зүтгэж байгаа. Энэ утгаараа МАН-д хэрэгтэй хүн" гэсэн утгыг Б.Батбаатар илэрхийлээд буй. Ийм ашиг сонирхол танд бий юу?

-Үгүй. Парламентад суудал авна гэдэг улс төрийн хувьд маш их боломж. Тэр ч утгаараа парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлдэг. Манай нам ч мөн гишүүнээ дэвшүүлнэ. Одоогоор хэнийг дэвшүүлэх талаар яригдаагүй байгаа.

Гэтэл Б.Батбаатар өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, намайг дэвш гэж намынхан маань хэлсэн гэж хэлж явна билээ. Зүүдлээд л сэрсэн байх. Нам дотор ингэж ярьсан зүйл байхгүй.

Онц их хурал хуралдуулсан комисст манай намын тэргүүн дэд дарга, дэд дарга нар, Нийслэлийн намын хорооны дарга байсан. Мөн намын даргын зөвлөх ч тэр хуралд суусан. Бүгд гайхсан. Энэ хүн юу яриад байна гэж.

Аливаа нам гэдэг хамтын байгууллага, хамтаараа шийдвэр гаргадаг. Мэдээж Б.Батбаатар бид хоёрын нэг нь намаа удирдаад явна. Аль ч талд шийд гарсан бай улс төрийн зөвлөл, үндэсний хороонд үндсэн гишүүд маань орж ажиллах ёстой. Үүнийг би бүтэн жил гаруйн хугацаанд ярьж, хүргээд явж байгаа.

МАН-д хэрэгтэй хүн гэж намайг гүтгэсэнд мөн хариулт өгье. Б.Батбаатар өөрөө захиалгатайгаар үйл ажиллагаа хийдэг болохоороо л намайг тэгж хэлсэн байх. Надад ямар нэгэн нөлөө байхгүй. Бид намын гишүүдийнхээ хурлыг л хийсэн. Энэ олон намын гишүүд захиалгаар хөдөлнө гэж байх уу. Үгүй шүү дээ. Өөрийнхөө намын цаашдын хувь заяаны төлөө л яваа.

-ИЗНН нэг сайдын суудалтай. БОУАӨЯ-ны ойрын хугацааны маш том сорилт бол COP17 хурал. Амжилттай зохион байгуулж чадах үгүй нь дэнслэгдэж байна.

-COP17 хурлыг зохион байгуулах комисс, бүрэлдэхүүнд буй хүмүүс нь ажлаа хийгээд явж байгаа байх.

ИЗНН өөрөө ногоон хөгжлийн чиг хандлагатай, ногоон бодлого явуулах ёстой нам. БОУАӨЯ-ны сайд байна гэдэг өөрөө бодлого хэрэгжүүлэх хамгийн дээд түвшинд хүрсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо нам дотор ямар ч мэдэгдэх зүйл алга. Бидний намын бодлого хаана хэрэгжиж байна гэдэг асуултын тэмдэг болоод л үлдчихэж байгаа хэрэг.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батбаатараа чи өөрөө хаанаас ирсэн зүүд зэрэглээ сүгсэлзүүр вэ.

Зочин
Зочин

Зүүдлээд сэрсэн байх гэдэг нь их ёжтой хариулт байна шүү

Зочин
Зочин

Батбаатар ерөнхийлөгчид санаатай юу ичээчээ.

Зочин
Зочин

Энэ нам доторх маргаан бүр хэзээ дуусах юм бол

Зочин
Зочин

ene bol neg namiin dotorh erh medliin temtsel l haragdaj bn

Зочин
Зочин

Тамга тэмдэг хэнд байна гэдэг нь одоо болтол улс төрийн маргаан болдог нь сонин

Зочин
Зочин

Batbaatar ooroo devshine geed yriad bsn ni une uu hudal uu

Зочин
Зочин

Нам дотор ийм их зөрчилтэй байхад сонгуульд яаж оролцох бол доо

Зочин
Зочин

ene nam odoo 2 tal bolood salchih shinjtei haragdaj bn

Зочин
Зочин

nam dotorh sanhuugiin asuudal ni il garval ih yum garah bh daa

Зочин
Зочин

АТГ шалгаж байгаа бол үнэн худал нь тодорхой болох байлгүй

Зочин
Зочин

ene ih tomilolt zardal uneheer bodmoor l too bn

Зочин
Зочин

erunhiilugchiin songuul hurtel ene heruul duusahgui bh daa

Зочин
Зочин

yamar ch bsan UDSh deer burteglee shiidehgui bol buur budilna

Зочин
Зочин

Намын дотоод ардчилал гэдэг үнэхээр чухал зүйл шүү

Зочин
Зочин

Ер нь жижиг намууд дотор ийм зөрчил их гардаг юм шиг

Зочин
Зочин

Намын дарга нь хэн бэ гэдэг нь хүртэл тодорхойгүй байна шүү дээ

Зочин
Зочин

bugd galzuurtsan yum bishu er ni??????

Зочин
Зочин

Батболдоо чи өөрөө хаанаас ирсэн зүүд зэрэглээ сүгсэлзүүр юм

Зочин
Зочин

Энэ нам Оюунаас хойш олигтой даргаар удирдуулах хувь заяагүй бололтой

kkkk
kkkk

tarval taarsan nedch heregui namantsar

Зочин
Зочин

Том намын захиалга.... Ерөнхийлөгч, УИХ ын сонгууль ойртсоны шинж... Мөнгөний нөхдөөр эсрэг намаа буснуулдаг байдаг л технологи....

Зочин
Зочин

Б.батбаатарын нэр хүндээр л энэ иргэний зориг ногоон нам УИХ- д суудал авсан биз дээ. Тэгээгүй бол изннам суудал авах нь сураггүй байх л байсан. Хүн өмнөхөө ер нь санаж л явах хэрэгтэй дээ.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

ИЗНН.ашиг хайсан.нөхдийн.нам.болчих.вий???

Зочин
Зочин

Харваас зальтай намын дарга ч болж чадахааргүй хүн

Холбоотой мэдээ

Back to top button