УЛС ТӨР

“Эмэгтэйчүүдэд улс төрийн эрх олгосон анхны 15 улсын нэг нь Монгол боловч...”

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл болон шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш оролцооны талаар асуудал дэвшүүлсэн нийтлэлийг хүргэж байна.

Түүх сөхвөл эмэгтэйчүүд хамгийн анх 1718 онд сонгох, сонгогдох эрхтэй болжээ. Харин орчин үеийн түүхэнд эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон анхны улс нь Финлянд улс юм. Энэ улсын эмэгтэйчүүд 1906 оноос хойш сонгуульд эрчүүдтэй нэгэн адил эрхтэйгээр оролцох болжээ.Улмаар 1913 онд Норвеги, 1915 онд Дани,  Исланд, 1917 онд ОХУ, 1918 онд Канад, 1919 онд Герман, Австри, 1920 онд АНУ, Албани, Чехословак, 1921 онд Швед, 1922 онд Ирланд, 1924 онд Эквадор, Монгол, 1927 онд Уругвай, 1928 онд Их Британи, 1934 онд Турк улс эмэгтэйчүүдээ сонгох, сонгогдох эрхээр хангажээ.

Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулан боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төр, гэр бүлийн гэсэн үндсэн 4 чиглэлд төрийн бодлогыг боловсруулж байсан түүхтэй. Харин улс төрийн эрхийн хувьд сонгуульт албанд эмэгтэйчүүдийг ажиллуулах, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, Ардын их хуралд эмэгтэй төлөөллийг хангах зэрэг дэвшилтэт бодлогыг 100 шахам жилийн өмнө хэрэгжүүлж байсан нь сайшаалтай.

Анхдугаар Үндсэн хуулинд тусгаж өгсөн хүйсийн тэгш эрхийг хангах дэвшилтэт заалтууд 1940, 1960 оны Үндсэн хуулийн шинэчлэлүүдэд улам төгөлдөржиж:

  • Эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх, хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, улс төрийн эрх болон хувийн эрхийг хамгаалах,
  • Социализмын бүтээн байгуулалтад эмэгтэйчүүдийг татан оролцуулах
  • Намын эгнээнд эмэгтэйчүүдийг элсэн өргөжүүлэх
  • Тэргүүний эмэгтэйчүүдийг бүх шатанд дэвшүүлэн ажиллуулах
  • Эмэгтэйчүүдийн заавал ажиллах албан тушаалыг бодлогоор дэмжин гарган өгсөн байдаг.   

 Харин  цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараах өөрчлөн шинэчлэл, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль” ,  УИХ болон орон нутийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квотыг хангаж өгсөн. Энэ мэтчилэн хууль эрх зүйн хувьд олон сайн зохицуулалт, хэм хэмжээ тусгаж өгсөн хэдий ч хууль хэрэгжүүлэх тал дээр цаашид анхаарах олон асуудал байсаар байна.

Жишээлбэл, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг хэр нь шийдвэр гаргах түвшин буюу УИХ, Засгийн газар, ИТХ, улс төрийн намын удирдлагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа нь тодорхой жишээ мөн. Улс төрийн нам дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа гол хүчин зүйлийн нэг нь намын үндсэн дүрэм юм. Ганц МАН-ын дүрэмд л “Намын бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Санал хураалтыг шинэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна” гэж заасан байдаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Монголд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй нам улс төрийн ууган хүчний энэ мэт дүрмийн шинэчлэл, санал санаачлагыг нэвтрүүлэн ажиллах зайлшгүй шаардлага ажиглагдаж байна.

 Нийтлэлийн эхэнд дурдсанчлан  эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгосон анхны 15 улсын нэг нь Монгол улс мөн боловч дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын 2020 оны тайланд Монгол Улс 153 орноос 71-р байранд орсон бөгөөд манай улс “Эрүүл мэнд, амьдрах чадвар”, “Эдийн засгийн оролцоо, боломж” үзүүлэлтээр эхний 40-д багтсан боловч “Улс төрийн эрх мэдэл” үзүүлэлтээр 120 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа нь нэгийг илтгэж байна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр өмнө нь түүхэнд байгаагүйгээр хамгийн олон эмэгтэй улс төрчид парламентад сонгогдож УИХ дах эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувь болсон хэдий ч энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. 2021 оны байдлаар эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх хувь 25.6 байсан бол Зүүн ази номхон далайн бүсийн дундаж үзүүлэлт 20.8 хувь байна.

Уг нь Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиудаар хүйсийн тэгш байдлыг хангах зарчмын зохицуулалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-д Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг ч сонгуульд өрсөлдөх нь өндөр зардалтай байгаа өнөөгийн нөхцөлд эмэгтэй нэр дэвшигчдэд ихээхэн бэрхшээл тулгардаг. Зарим улс төрийн намууд нэр дэвшигчдээсээ дэнчин хэмээх мөнгө татдаг нь нэр дэвших хүсэлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн боломжийг хааж буй шууд илрэл юм.

Тиймээс сонгуулийг мөнгөний биш бодлогын өрсөлдөөн болгохын тулд улс төрийн намууд нэр дэвшигчдээс дэнчин авдаг байдлыг халвал дан ганц бизнесийн салбарынхан бус бүх салбарын мэргэжилтнүүд, ахмад, залуу үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд орж ажиллах нөхцөл бүрдэх нэг хөшүүргэ юм.

Эндээс нэг асуулт зайлшгүй урган гарна.  Улс төрд яагаад эмэгтэйчүүдийн төлөөлөл чухал вэ? Дэлхийн улс төрийн практикаас харахад эмэгтэйчүүд улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нам, үзэл баримтлал, шашин шүтлэг зэрэг хүчин зүйлсийг давж ажилладаг нь нэгэнт нотлогджээ.

 Эмэгтэй хууль тогтоогчид тэгш бус байдлыг багасгах, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж чаддаг. Түүнчлэн эмэгтэй хууль тогтоогчдын эзлэх хувь өндөр парламент хүний эрх, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг хуулиудыг багтаасан жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлдэг нь илүүтэй ажиглагддаг аж.

Нэгэн судалгаагаар парламент дах эмэгтэйчүүдийн төлөөлөл 5 хувиар өсөхөд тухайн улсын зүгээс дэлхий дахины хямралд хүчирхийллээр хариу үзүүлэх магадлал тав дахин багасдаг нь нотлогджээ.

Тэгвэл Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн сайжруулах вэ?  Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих гол механизмууд бий. Нэгэнт төлөөлөл нь доогуур учраас тусгайлсан арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. Тусгайлсан арга хэмжээ гэдэг нь хууль зүйн орчны зохицуулалтаар доогуур байгаа төлөөллийн хувийг бодлогоор дэмжих шийдлийг хэлнэ.

Нэн тэргүүнд сонгууль хөрөнгө мөнгөний биш бодлогын өрсөлдөөн байх хэрэгтэй учир нэр дэвшигчид хэнд нь ч ялгаагүй тэгш гарааны нөхцлийг бүрдүүлэх нь туйлын чухал. Ингэснээр сонгуулийн зардлыг бууруулах, намуудын өрсөлдөөнийг илүү нээлттэй болгох боломжтой. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын шинжээчдээс Улс төрийн намын тухай хуулинд өгсөн зөвлөмжид төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтын тодорхой хэсгийг эмэгтэй улс төрчдийг бэлтгэх,  сургах ажилд зарцуулах нь зүйтэй гэснийг хуулинд тусгах шаардлагатай байна.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулинд намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог, намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлөх, сонгуульд ухуулагчаар ажиллах намын гишүүдийг цалингүй болгох зэрэг зохицуулалтуудыг хийхээр хуулийн төслийг боловсруулаад байгаа билээ. Эдгээр зохицуулалтууд хэрэгжиж эхэлбэл парламент дахь тэгш оролцоог хангахад бодит үр дүн авч ирэхээр харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x