Нийгмийн

Хэвлэл мэдээллийн салбарт 100 сая төгрөгийн дэмжлэгээр 4 стартап гаргалаа

Хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой, бие даасан бизнес загвар нутагшуулах “Урагш алхъя” төслийн анхны дөрвөн төгсөлтийн баг өчигдөр батламжаа гардан авлаа.

Уг төслийг АНУ-ын ЭСЯ дэмжиж, Spirit of America байгууллагын санхүүжилтээр People in need Mongolia /Пипл Ин Нийд - Монгол/ болон Үүр төв /Nest Mongolia/ хэрэгжүүлж байгаа билээ.  

“Урагш алхъя” төслийн хоёрдугаар шат, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэх бизнес загварын санааны шалгаруулалтад нийт 692 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл ирүүлсэн байна. Эдгээрээс хэрэгжих боломжтой, бодитоор тооцоолсон, мөн давтагдашгүй санаа гаргасан дөрвөн төслийг шалгаруулан, сургалт, менторшип хөтөлбөрөөр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг нь боловсронгуй болгох зургаан сарын аяллын дараа ийнхүү зах зээлд байршиж, цааш өөрсдөө бие даан хөгжих боломжтой болжээ. 

Төслүүдийг дурдвал, 

  • Төрөлжсөн, чанартай мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл, баталгаат хэрэглээг дэмжих хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн платформ бий болгох зорилготой Agroshop.mn төсөл, 
  • Зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой Songino.info мэдээллийн сайт, 
  • Охидод сэтгэл зүй, бэлгийн боловсрол олгох контент, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, мэдээлэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийгэмд бодитой өөрчлөлт авчрах зорилготой Охидын подкаст” төсөл, 
  • Крипто зах зээлийн бодит мэдээлэл, түүнийг ойлгох онол арга зүйг инфографик, постер, богино тайлбар видеогоор хүргэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Graph.mn сайтын Криптограф төсөл юм. 

Эдгээр төсөлд гарааны санхүүжилт олгож, олон улсад шинээр нэвтэрсэн бизнес загварын сургалтыг Монголд нутагшуулан төслийн багийнханд орж, бүтээгдэхүүнийг туршиж, сайжруулалт хийхэд чиглүүлсэн Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв /Nest Mongolia/ ТББ дараа жил “Урагш алхъя-2” төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ талаар “Nest Mongolia” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “Төслийн санхүүжүүлэгч Spirit of America байгууллага Монголын хэвлэл мэдээллийн экосистемийг эрүүлжүүлж, хараат бус, бие даасан байгууллага бий болгохын төлөө дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ амласан. Цаашид хөдөө орон нутагт буюу 21 аймаг тус бүрд жилд дөрвөн стартап бойжуулан гаргахын төлөө ажиллана” гэлээ.

Төгсөлтийн ёслолд АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жон Браун, People in Need байгууллагын Монгол улс дахь салбарын захирал Тим Женкинс нар хүрэлцэн ирж, АНУ-ын Spirit of America байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан төслийн менежер Данни Сантос онлайнаар үг хэлж, төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн юм. Мөн сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө “Урагш Алхъя” төслийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, эрхлэгч, сэтгүүлч нар сэтгүүл зүйн мерч бүтээгдэхүүн худалдан авах, сайн дураараа хандив өргөх зэргээр дараа дараагийн медиад дэмжлэг үзүүлэх олон нийтийн дундын сан бий анхны 3 сая төгрөгийг босгосон болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button