Л.ТАВАНБАЯР: Кино үзэл суртлын зэвсэг байхаа болиод удаж байна

Кино найруулагч, зохиолч Л.Таванбаяртай ярилцлаа.
-Таванбаярыг кино найруулагч гэдгээс гадна маш сайн үзэгч, кино ревьюч гэдгээр хүмүүс мэднэ. Сүүлд ямар найруулагчийн уран бүтээлийг үзэв гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Сүүлд монголоос гэвэл оюутан ангийн найз Б.Отгонзоригийн найруулсан “2000” киног үзлээ. Сайн кино болсон байна гэж хувьдаа талархаж байгаагаа хэлмээр байна. Гаднаас гэвэл “Бригада” киноны найруулагч Тодоровскийн “Т 34” гэж киног үзлээ.
-Үзэгчдийн хувьд шинээр хүртээл болж буй киног дүрүүд, трэйлерт хөтлөгдөж үздэг. Харин кино хорхойтнуудын хувьд найруулагчаар нь дагнаж, төрөлжүүлж үздэг. Таванбаярын хувьд?
-Хүн бүр л янз бүрийн арга барилаар кино үздэг байх. Үзэж байгаа нь л сайн. Миний хувьд хайртай найруулагчдынхаа киног сонгож, хүлээж үздэг. Алексей Балабанов гэж кино найруулагчид маш их хайртай. Даанч эрт явчихсан. Тарантино, Ким Ки Дук-д дуртай. Пак Чан Вүүк гэж Солонгосын бас сайн найруулагч бий. Түүний кинонууд ч дуртай. Ер нь Солонгосын нэг ангитай кинонууд маш сайн болж байгаа. Номыг нь үзэж, усыг нь уусан учраас кино найруулагчийн арга барил, дотоод ертөнц, илэрхийлэл зэргийг эхний киноноос нь л гадарлачихдаг. Тийм болохоор ямар найруулагчийн кино вэ гэдэг их чухал. Сүүлд гэхэд л найруулагч Гаспер Ноэгийн “CLIMAX” гэж киног хүлээлт өндөртэй үзсэн.

-Climax кино ревьючдийн хувьд яах аргагүй хүлээлт өндөр байсан кино. Хүлээлтийг давсан уу. Найруулагч Гаспер Ноэгийн талаар багахан мэдээлэл өгвөл?
-Хүлээлтийг бүрэн давж, намайг шоконд оруулсан. Энэ бол психологи хоррор буюу сэтгэлзүйн аймшгийн төрөл жанрын кино. Бүжгийн элементүүдээр сэтгэлзүйн аймшгийг мэдрүүлнэ гэж хэний санаанд буух билээ. Энэ бол яах аргагүй Аргентин гаралтай найруулагч Гаспер Ноэгийн л санаа. Бид Тарантиногийн цуст буудалцаантай киног үзээд цочирддог бол Ноэгийн киног үзээд сэтгэлзүйн хувьд бүрэн цочирдох болно.
-Сайн номыг уншиж байж мэднэ. Сайн киног ч мөн үзэж байж л мэднэ. Гэхдээ кино ревьючид бидэнд сайн, муу киног ялгах зүг чигийг гаргаж өгдөг шүү дээ. Магадгүй сайн киног сонгож үзэх Таванбаярын арга гэвэл?
-Өөрөө зохиол оролддог хүний хувьд киноны зохиолд яалт ч үгүй ач холбогдол өгдөг. Кино үзэж эхэлмэгцээ л дүгнэлтээ хийгээд явчихна. “Таксидермиа”-г чи мэднэ дээ. Киноны эхлэл яг л номын гарчиг уншиж байгаатай адил эхнээсээ л анхаарал татаад, хөтлөж чадаж байвал үзчихнэ. Өөрийн чинь хэлдгээр мэдээж кино ревьючид сайн кино руу чиглүүлж өгөх, найруулагчийнх нь арга барил, дүрүүдийн онцлог зэргийг хэлээд өгчихөөр бүр ч илүү дөхөм бололгүй яахав.
-“Нөгөө кинонууд” нэвтрүүлэг бол тийм л үүрэгтэй шүү дээ. Маш сайн кинонуудыг үзэгчдийн хүртээл болгож чаддаг?
-“Эко” телевиз уг нэвтрүүлгийг ашиггүй гэж үзсэн. Нэвтрүүлгийн хамтран хөтлөгч Гамбино ах UBS телевизтэй хамтран ажиллах санал тавихад цалингаар биш рекламны эрхээр ажиллана гэхээр нь би татгалзсан. Тархиа ажиллуулж, хэдэн үг хэлж суугаагийн хувьд тодорхой үнэлэмж хүртэх ёстой гэж бодсоных л доо.
-Манайд энэ төрлийн үзчих сайн нэвтрүүлэг нэг ч үгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Магадгүй үзэгчид холливудын киноноос илүү өргөн сонголтыг хүлээж байж болох юм?
-Бидний хэлээд байгаа “нөгөө кино” ч гэсэн ашиг олж болдог гэдгийг ойлгох уран бүтээлчид, продюссерууд алга л даа. Бид ч гэсэн психилоги, сурреалист, андергроунд кино хийх боломжгүй биш шүү дээ. Гол нь эндээс мөнгө олох уу үгүй юу гэдэг асуудал л нэн түрүүнд яригдаж байгаад асуудал бий. Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” бол сайн кино. Гэтэл монголд ашиг олоогүй атлаа Европт 40 сая евро олсон байх жишээтэй. Ашиг ч олдог, үзэгчдэд ч таашаал өгдөг олон кино бий. Гэтэл телевизийн захирлууд “Нөгөө кинонууд” нэвтрүүлгээс өгөөж олж харахын оронд дундуур нь гарах рекламны цацалтыг л ашиг гэж харсан. Уг нь хүүхэд залуучуудад том хувь нэмэр юм шүү дээ. “Эко” телевизийг “Нөгөө кинонууд”-аар хүмүүс мэддэг болсон байсан юм. Одоо тэр телевизийг хэн ч мэдэхгүй биз.
-Энэ тухай ярихаар бид дотоодын кино урлаг ярих болчихдог. Жишээ нь бид дотоодын киногоо найруулагчаар нь төрөлжүүлж үздэг хэмжээнд хүрсэн үү?"
-Яагаад хүрээгүй гэж. Найруулагч З.Батболд, Ж.Сэнгэдорж, Б.Ганболд найруулагчийн киног үзэх дуртай өчнөөн л үзэгчидтэй таарсан. Тэд бол тэр найруулагчийн киног хүлээж байгаа гэх зэргээр хүлээлттэй л байдаг юм билээ.

-Үзэгчид бид дотоодын киноноос цэвэр уран бүтээлийг олж харахаас илүүтэй санхүүгийн бэрхшээлд хүлэгдсэн ядмаг үзэгдлүүдийг ч хамтад нь үзээд байх шиг мэдрэмж төрдөг гэдгийг нуухгүй?
-Ингээд ярихаар жижиг зах зээл гэдэг үг эрхгүй амнаас унадаг л юм. Магадгүй бид тогоон дотроосоо л хараад байгаа нь тэр биз. Хоёрхон дүртэй дэлхийн хэмжээний кино хийж болдог гэдгийг кино уран бүтээлчид ерөөсөө ойлгохгүй л байгаа шүү дээ. Гэхдээ сайн кино гарч байгаа. Мэдээж эхэндээ олон шүүмжлэлүүдийг дагуулна. Сүүлд би найруулагч Ц.Өлзийбуян гээд залуугийн “War” киног үзээд баярласан. Хүнд үзэгдлүүдтэй. Хүний толгойг тасдаад хувинд хийж байгаа ганц сцена гэхэд л уран бүтээлчдээс маш их ур шаардана. Цочроо өгсөн бүтээл болсон байна лээ.
-Кино театрт гаргахгүй гэж яригдаж байсан санагдана?
-Ний нуугүй л хэлье. Кино театрын үзлэг гэж марзан зүйл болдог. Маркетингийн мэргэжлээр сургууль төгссөн хэдэн залууст таалагдах эс таалагдах тухай л асуудал болж өнгөрнө. Тухайн киноноос ашиг олох уу үгүй юу гэдгээ л ярина. Энд урлаг, уран бүтээл гэж ярих ямар ч боломжгүй. Уран бүтээлийн үнэ цэнийн тухай бүр гялтайх ч үгүй. Арваад жилийн өмнө дөө хүүхдийн киногоо зургаан сарын нэгэнд гаргахаар өгөхөд хүлээж аваагүй. Хүүхдүүд үзье гээд зөндөө ирсэн. Гэтэл солонгос киногоо шахаж билээ. Тэр үед Тэнгис, Өргөө, Соёмбо гэсэн гуравхан л кино театр байлаа. Арван жилийн өмнөх энэ дүр зураг үнэндээ өнөөдөр ч өөрчлөгдөөгүй байна.
-Нэг үеэ бодвол өөрийн өнгө аясыг бүрэн тодорхойлсон сайн найруулагчдын сайн киног "Нөгөө кинонууд", "Tegshee’s movie corner”, “Жинхэнэ кино" групп, "Dreamers day” кино өдөрлөгүүдийн ачаар үзэж чаддаг болсон гэж боддог. Хэдий дотоодын зах зээл жижиг гэж бид ярьдаг ч үзэгчдийн сайн кино үзэх хүсэл бол их гэж боддог шүү?
-Үзэгчид кино уран бүтээлчдээсээ хэдийнэ түрүүлчихсэн. Харин кино уран бүтээлчид маань байрандаа л байна. Болж л өгвөл уйлуулчих гээд л. Хоёр мянгаад оны арга барилаа өөрчлөх цаг нь болсон. Үзэгчдийг уйлуулж ашиг олно гэдэг арга барилаа хаях цаг ирсэн. Нөгөөтэйгүүр манайд бага зардлаар жинхэнэ чамбай кино хийж болно гэдгийг олж харах продюсер манайд алга. Продюсер гэдэг зөвхөн мөнгө олдог хүн биш. Продюсер гэдэг уран бүтээлчийг нээж олж, хит болгож, үзэгчдэд тулгаж чаддаг хүнийг хэлдэг. Гэтэл манайд бол продюсер нэр зүүсэн хүмүүс зөвхөн хуучин, улиг болсон хэдтэйгээ л зууралдаад байдаг. Продюсерийн сайн системтэй, том багтай компаниуд байна. Монгол контент, Номадиа, Хүлэгү, Оранж энтертайнмэнт гээд продюсер компаниуд байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн ашиг харж, кино прокатаас хэтрэхгүй байна.
-Бид ашиг олох хэмжээний үзэгчгүй учраас цэвэр уран бүтээл биш "халтуур" хийгээд байна гэж үү?
-Хатуугаар хэлвэл тийм.Тогоо руугаа нулимлаа л болдог юм. Гэхдээ үзэгчид сайн уран бүтээлээр үргэлж цангаж байдаг. Бүр нэхдэг. Үнэндээ үзэгчдэд бидний нойртой нойргүй хонох огт хамаагүй л дээ. Цаагуураа бид өөрсдийнхөө л төлөө нойргүй хонож байгаа. Кино үзэл суртлын зэвсэг байхаа болиод удаж байна. Бид сайн киноноос мэдрэмж, таашаал авах гэж л үздэг. Өөр юу хүлээх юм бэ. Би л гэхэд сайн киног үзэгчийн хувиар үргэлж олон дахин үздэг. Сайн уран бүтээлээс үзэх бүртээ л шинийг олж мэдэрч, харах нь сонин. Сайн кино ийм л үүрэгтэй байдаг биз. Ном ч ялгаагүй. Жишээ нь “Арбатын хүүхдүүд” номыг унших бүртээ л би өөр өөр өнцгөөс олж хардаг. Сашаг хайрлаж нэг уншина. Сталины талаас нэг харна. Магадгүй нэг сайн бүтээлийг мөлжиж болж байхад өөр олон муу кино үзэж, олон муу ном унших ямар хэрэг байх вэ. Киноноос “Загалмайлсан эцэг” байна. Олон дахин үзэх тусам улам л гоё байдаг.
-Таванбаярын кино листийг сонирхвол?
-Маш олон сайн кино бий. Би санаанд орж байгааг нь л хэлье.
1. "INCENDIES"
2. "TAXIDERMIA"
3. " ANTICHRIST"
4. "IRREVERSIBLE",
5. "BEDELVILLED"
6. "LILYA FOREVER"
7. "OLDBOY"
8. "AMORES PERROS"
9. "TALE OF TALLES"
10. "THE HATEFUL EIGHT"
11. "ПЛЕМ`Я"
12. "НЕЛЮБОВЬ"
13. "КОЧЕГАР"
14. "ДУРАК"
15. "ROMA"
-Заримдаа гэнэтхэн л үзэж байсан киноны диалоги, сцена толгойд буух нь бий. Таванбаярын хувьд тийм хэсгүүд бий юу?
-Балабанов найруулагчийн "ГРУЗ 200"-ийн сценууд байна. Биллийг устга киноны Японд тулалддаг сцена гээд л хэд хэд бий шүү.

-Найруулагч хүнээс уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Энэ жил УГЗ, Төрийн Соёрхолт найруулагч Бадрахын Сумхүү багшийн минь 90 насны ой тохионо. Мөн Халхын голын түүхт 80 жилийн ой болно. Багш маань Монголын болоод Дэлхийн кино урлагийн түүхэнд Халхын голын тухай хамгийн том киног хийж үлдээсэн. “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киног мэдэхгүй хүн үгүй биз. Манай Кино урлагийн дээд сургуулийн нэг ангийнхан энэ жил багшийнхаа дурсгалд зориулж Халх голын сэдэвтэй түүхэн кино хийхээр болсон. Би зохиолд нь орчихсон явж байна. Мөн “Гэрэл паблишинг”-тай хийсэн гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сард дараагийн романаа хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор дөрвөн жил бичсэн романыхаа нооргийг эмхэлж сууна.
-Кино уран бүтээлээр хэзээ уулзах вэ. Таванбаярт “Санхүүд бүү санаа зов. Уран бүтээл л хий” гэвэл?
-Продюсер алга. Эртний сүмд цугласан хүний адгуудын тухай өгүүлэх нэг кино зохиол бий. Тарантиногийн “Агуулахын ноход” кино шиг уур амьсгалтай гэх үү дээ. Хамт хийчих гээд азаартсан уран бүтээлч найзууд ч бий. Уран бүтээлийн хамтрагчид маань таарахаараа “Тамака өнөөхөд чинь мөнгө олдохгүй л байна уу” гэж хүртэл асуудаг. Гэхдээ яахав болох л биз. Найруулагч С.Бямба ахын нэг гоё үг байдаг даа “Уран бүтээлч байна гэдэг мэргэжил биш. Харин хувь заяа юм” гэж. Энэ далимд “Тагтаа паблишинг”-ийн залууст маш их баярлаж явдаг гэдгээ хэлье. Феллинигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номыг уншчихаад өөр олон залуус энэ номыг уншаасай гэж бодож билээ. Уран бүтээлч байна гэдэг ямар их хувь заяа болохыг энэ номоос илүү ойлгосон.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ киногоор нь уулзана гэж итгэж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.