Ярилцлага

Декрет авсан аав Г.Амаржаргал: Эхнэрээ ажлыг нь хийлгэж, өөрөө гурав дахь хүүхдээ өсгөж үзэхээр шийдсэн

Улсын хэмжээнд 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойш 3200 гаруй эцэг хүүхэд асрах чөлөө авжээ. Түүний нэг бол Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын арга зүйч Г.Амаржаргал юм.

“Хүүхдээ асрах үедээ уйдахдаа үсэндээ буржгар хими хийлгэсэн юм. Тэр үстэйгээ одоог хүртэл явж байна даа” хэмээн аар саар хөгжилтэй зүйлс ярилцсаар бидний ярилцлага эхэлсэн юм.

ДХИС-ИАС ХҮҮХЭД АСРАХААР ЧӨЛӨӨ АВСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛСОН ЭЦЭГ

-Таныг хүүхдээ асрахын тулд ажлаасаа чөлөө авсан талаар ярилцацгаая. Энэ шийдвэрийг хэрхэн гаргаж байв?

-Би 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй гэж тооцуулсан. Манайх ам бүл зургуулаа. Би 11, ес, гурван нас болон нэг ойтой дөрвөн хүүхэдтэй. Гурван настай хүүхдээ төрөх үед нь хүүхэд асрах чөлөөгөө авсан юм. Харин нөгөө гурван хүүхэд маань төрөх үед манай эхнэр хүүхэд асрах чөлөөгөө авч байлаа.

Гурав дахь хүүхэд маань төрөх дөхсөн үе байсан юм. Эхнэр бид хоёр энэ хүүхдээ хэн нь өсгөх талаар зөвлөлдөв. Бид дөрвөн ам бүлтэй байсан бол таван ам бүлтэй болохоор бэлдэж буй хэрэг. Бүл нэмж байгаа учраас өрхийн амьжиргаагаа хэрхэн шийдэх вэ гэдгийг ярилцаж эхэлсэн юм.

Ярилцсаны эцэст өндөр цалинтай нь ажлаа хийж, нөгөө нь хүүхдээ асрах шийдэлд хүрсэн. Энэ шийдвэрийг 2019 оны зургаадугаар сард гаргасан юм. Улмаар есдүгээр сард ажил эхлэх үеэр удирдлагууддаа хүүхэд асрах чөлөө авах талаараа хэлсэн. Хүүхэд маань аравдугаар сарын 21-нд хоёр сар хүрэхтэй зэрэгцэн ажлаасаа чөлөө авч байлаа.

-Таныг ийм шийдвэр гаргах үед ажлын хамт олон нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Янз янзаар л хүлээж авсан даа. Дийлэнх нь дэмжих байр суурьтай байсан. Намайг хүүхэд асрах чөлөө авч буйг сонссон нэг хүн “Та чөлөөгөө авалгүй ажлаа хийсэн нь дээр. Хүүхэд асрах чөлөө танд бус эхнэрт тань л хуулийн дагуу үйлчлэх учраас та тэтгэмж авахгүй. Эсвэл төрөхийн хүндрэлийн улмаас эхнэр нь нас барсан бол нөхөр нь тэтгэмж авдаг” гэж хэлж байлаа.

Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орох үед ч ажлын хамт олон маань сайхан хүлээж авсан.

-Тэгэхээр та ажлын газраасаа анхдагч нь байх нээ?

-Дотоод хэргийн их сургуулийн анхны тохиолдол нь би юм.

-Танаас хойш хүүхэд асрах чөлөөгөө авсан ажилтан байгаа юу?

-Хугацааг нь тодорхой санахгүй байгаа ч миний дараа нэг хүн хүүхэд асрах чөлөө авсан юм билээ. Одоог хүртэл чөлөөгөө эдлээд явж байгаа. Заримдаа тэр хамтрагчаа хүүхдээ салхилуулаад явж байгаа үед нь таардаг.

ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ААВУУД ТЭТГЭМЖ АВДАГ БОЛООД НЭГ ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

-Таныг хүүхэд асрах чөлөө авах үед Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болох эцэгт ч мөн адил тэтгэмж олгоно гэх нэмэлт өөрчлөлт ороогүй байсан юм байна шүү дээ?

-Тийм ээ. Чөлөөгөө авсан үедээ Хөдөлмөрийн тухай хуулийг судалж үзсэн. Гэтэл зөвхөн ээжүүдэд олгодог байсан юм билээ.

SnowHill Consulty хуулийн фирмийн Б.Улсболд гэдэг хүн бол эхнэрийн маань ажлын хамтрагч. Тэр хүнд би өөрийн жишээгээ хэлсний дараа өөр олон аавуудын энэ мэт тохиолдлууд гарч ирсэн юм. Энэ хүн Үндсэн хуулийн цэцэд материал өгч, уг асуудлын араас нэлээдгүй хугацааг зарцуулж, ажилласан. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дугаартай шийдвэрийн дагуу Гэр бүлийн харилцаанд орж буй эрэгтэй болон эмэгтэй тэгш эрхтэй гэх заалтыг зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.

Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй гэх заалтыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс түдгэлзүүлсэн. Улмаар хүүхдээ асарч буй эх гэлтгүй эцэг ч тэтгэмж авахаар болсон юм.

-Үндсэн хуулийн цэц анх удаа ийм шийдвэр гаргасан гэдэг юм билээ?

-Цэцэд гомдол гаргаснаар тухайн хуулийн үйлчлэл зогсдог байсан юм. Энэ хуулиар олон эхийн асуудалд хөндөгдөх учраас Улсын Их Хурал /УИХ/-д хугацаа өгсөн хэрэг. Хэрэв долоодугаар сарын 1-нээс өмнө хуулинд өөрчлөлт оруулахгүй бол тэтгэмж олгох хуулийн хэрэгжилтийг зогсоох байсан юм.

УИХ-ын хуулийн дүгнэлтийг Цэц хүлээж авснаар 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эцэг гэх үг нэмэгдсэн.

Ингэж хүйсийн ялгаварлалгүйгээр 2021 оны долоодугаар сараас хойш хүүхдээ асарч буй эх, эцэг тэтгэмж авахаар болсон юм.

-Та ч бас энэхүү ажлын нэгээхэн хэсэг болжээ?

-Хүүхдээ асраад чөлөөтэй байх хугацаандаа ийм хуулийн орчин бий болоход бага ч атугай нөлөөлсөн маань нэр төрийн хэрэг байсан.

ААВУУД ХҮҮХДЭЭ АСРАХДАА УРЬДЧИЛЖ ДАДЛАГА ХИЙХ НЬ ОНОВЧТОЙ

-Ярилцлагын эхэнд дурдсан сэдвээ дэлгэрүүлж ярилцацгаая. Гэр бүл төлөвлөлтөд хүүхдээ асрахад эхнэр, нөхрийн оролцоо хэр байхыг барагтай бол ярилцаад байдаггүй. Дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүд нь хүүхдээ асрах цаг нөхрийнхөөс нь их байдаг шүү дээ?

-Эхнэр бид хоёр ярилцаж байх үед “Хүүхдээ би харъя даа” хэмээн тоглоомоор хэлж байсан юм. Эхнэр маань хуулийн дагуу энэ нь боломжтой зүйл хэмээн хэлсэн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд “Ажил олгогч амаржсаны болон ээлжийн амралт эдэлсэн 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө олгоно” хэмээн заасан. Эцэг ч мөн адил чөлөө авч болно гэдгийг 2003 оны нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байгаа юм.

Хуулийн дагуу бол 2003 оноос хойш эрэгтэй хүн хүүхэд асрах чөлөө авах боломж нь нээлттэй байсан гэсэн үг.

Гэрлэлт гэдэг бол насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ойлголцол дээр тогтдог зүйл. Тиймээс л хоорондоо ярилцаж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэн нэгэнд нь давуу эрх гэж байхгүй.

Сүүлийн үед хүйсийн эрх тэгш байдал хамгийн чухал зүйл болоод байна. Залуу гэр бүл хоорондоо ярилцаж, хэн нь хүүхдээ харахаа зөвшилцөх хэрэгтэй. Цалин, орлого нөлөөлөх ч гэсэн эцэг хүн хүүхдээ асрах нь гэр бүлийн орчинд хэрхэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлдгийг мэдэрнэ.

Мөн хүүхдээ асарч буй эх хүний стресс, хүүхэд асрахдаа юунд анхаарах гэх мэт олон зүйлийг мэдэрдэг юм билээ. Ядаж нэг хүүхдээ эцэг хүн асарч үзэх хэрэгтэй.

-Эх хүний хүүхэд асрах үеийн мэдрэмжийг авдаг гэлээ. Хүүхдээ асарч байхад ямар байсан талаараа хуваалцахгүй юу?

-Хүүхдээ хоёр сар хүрэхээс нь долоо хоногийн өмнө чөлөө авсан. Энэ долоо хоногийн хугацаанд хүүхдээ асрах бэлтгэлийг эхнэртэйгээ хийсэн юм. Эхний өдөр нь эхнэрээ 30 минут дэлгүүр оруулах, дараа нь цагийн турш гадуур байлгах, тэр хугацаанд хүүхэд бид хоёр хоёулхнаа үлдэх гэх мэтээр дадлага хийсэн.

Хүүхэд маань хоёр сар хүрэхтэй зэрэгцээд эхнэр ажилдаа орж би хүүхдээ асрах болсон. Эхнэр маань хуулийн дагуу ажлын зургаан цаг ажиллаж байсан учраас хүүхдээ дагуулаад ажлаас нь авахаар машинаар явдаг байлаа. Түгжрэлд хүүхэд уйлах хамгийн хэцүү юм билээ. Сүүлдээ машинтай явахаа больж, гэртээ өдөржин хүүхэд бид хоёр үлддэг болсон.

Удалгүй цар тахлаас болж, том хоёр хүүхэд маань хичээлдээ явахаа больсон нь надад хамгийн их түшиг болсон. Ингэж л нэг жил гурван сарыг өнгөрөөсөн дөө.

Хэрэв дадлага хийлгүй шууд хүүхдээ асрахаар болвол шоконд орж, хүүхдээ асарч чадахгүй байх байсан гэж боддог.

-Дадлагаараа хийсэн гол зүйл нь юу байв?

-Хүүхэд хуурайлах цаг, хэдэн цагийн үед хооллох, гадуур салхилуулах гэх мэт цагийн баримжаа хамгийн чухал байсан. Эдгээр ажилд дадлага нэлээдгүй хийсэн.

-Хүүхдээ асарч буй аавуудын хувьд сүү найруулах, хуурайлах нь хамгийн том бэрхшээл байдаг. Таны хувьд хэр хүнд байсан бэ?

-Намайг хүүхдээ асарч буйг мэдээд эхнэрийн ажлын хамт олон угж ариутгадаг, сүүгээ халуунаар нь барьдаг төхөөрөмж бэлэглэсэн. /инээв/ Түүний ачаар сүү найруулахад асуудалгүй байсан шүү. Харин хүүхэд хуурайлах бол төдийлөн хэцүү зүйл байгаагүй.

"Эцэг болж буй хүмүүсийг хүүхдүүдийнхээ ядаж нэгийг нь ажлаасаа чөлөө авч асарч үзээсэй гэж боддог. Ингэснээр гэр бүлийн харилцаа илүү тогтвортой, эхнэр нөхөр бие биенээ дэмжиж, нэгэнтэйгээ ойлголцох байдал нь нэмэгддэг. Тиймээс залуу гэр бүлүүдэд үүнийг ойлгуулахын тулд өөрийн зүгээс нөлөө үзүүлж болох бага ч болтугай зүйлийг хийхийг эрмэлздэг. Хүрээлэл дунд маань хүүхдээ асрах чөлөөг оролдож үздэггүй юм аа гэхэд судалж, сонирхож буй аавууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай" хэмээн ярьсаар бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:03

Үлгэр жишээ авч эхнэрээ олон з�##�уус ингэж ойлгодог хайрладаг байгаасай

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:04

Бүхнээс илүү гэр бүлээ нэгд тавьдаг үнэхээр мундаг аав, сайн хань юмаа

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:04

Ymar eyreg setgeleetei aaw be?

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:05

Мундаг хань, Сайн аав юмаа

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:06

Ернь аавуудад маш том үлгэр жишээ үзүүллээ. Үаав�##� хүүхэдээ хар гэж бгаа юм биш хамтдаа энэ бүхнийг мэдрэх хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:46

Мундаг. Зөв шийдвэр бна.

Зочин
Зочин
10 сар 18, 2022 09:47

Гайх�##�тай

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:06

Маш их бахархав ийм сайхан аавууд олон байх болтугай амжилт хүсий

Зочин
Зочин
10 сар 18, 2022 10:33

Баяр�##�лаа энэ аавд олон аавууд ийм байгаасай манай нөхөр бараг л зэрэгцээд чөлөө авснаас ялгаагүй үдийн цайгаараа гялс ирээд хоол унд хийж өгчихөөд даавуугаа угаачихаад л явна хүүхнүүдээ эрчүүдийхээ д�##�ай их хайрыг дааж амьдраарай ганц нэг хүүхэн тэгэхэд нь мэдээгүй юм шиг өнгөрөөгөөрэй.

Зочин
Зочин
10 сар 19, 2022 08:35

ганц 1 хүүхэн бавахад нь мэдээгүй юм шиг байгаарай гэнүү хэхэ

Зочин
Зочин
10 сар 19, 2022 15:23

Щааваас даа декрет гэж бичдэг гэнээ хахахаа

Зочин
Зочин
10 сар 21, 2022 12:56

Цэц их зөв шийдвэр гаргасан шүү

Холбоотой мэдээ

Back to top button