Б.Одончимэг: Бусдын амьдралд бүү анхаар, өөр лүүгээ л чиглэ

Жүжигчин, МУСТА Б.Одончимэгтэй ярилцлаа.
ДҮР БОЛ ТЕКСТ ЗАЖЛААД ӨНГӨРДӨГ ЗҮЙЛ БИШ
-Амьдрал дээрх Б.Одончимэг хэмээх хувь эмэгтэй чухам ямар зан чанартай юм бол. Гаднаасаа харагддаг энэ их эрч хүч нь хаанаас гардаг вэ гэж асуумаар?
-Эрч хүчийг аль нэг газраас эрж олно гэдэг өрөөсгөл ойлголт шиг санагддаг. Ер нь хэн нэгнээс тусламж гуйснаар амьдрал дээшилчихдэг биш байх. Нөгөө талаар өөрт байгаа боловсролоор, нөөц боломжоор ч амьдралынхаа туршид "гол зогоох" хангалтгүй. Заавал илүү юм уншиж, хөгжиж байж амьдрал урагшлах болов уу гэж боддог.
Нэг бяцхан нууц ярихад, би сэтгэл судлалаар суралцаж байгаа. Их сонирхолтой байна. Миний мэргэжилд ч дэм тустай. Дүр дээр ажиллахад, эргээд бусдыг ойлгоход тун дөхөм болж буй. Жүжигчний мэргэжил гэдэг тун амаргүй шүү дээ. Миний ярианаас авахыг нь авч, хаяхыг нь хаяарай. "Пялдага" загналгүйгээр, зүгээр л “Миний хувьд” гэж ний нуугүй ярих дуртай л даа.
Жүжигчин гэдэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, УДЭТ-т 13 жил ажилласны хувьд заримдаа яг ийн ний нуугүй яримаар санагдах нь бий. Жишээлбэл, жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зарим багш нэг ч удаа театрын тайзнаа гарч, камерын өмнө зогсож үзээгүй байдагт эмзэглэх юм. Энэ нарийн мэргэжлийг эзэмшихийн тулд туршлагаас гадна олон салбарын мэдлэг ч хэрэгтэй.
Би уг нь урлаг судлал болон найруулга зүйгээр магистр хамгаалахаар суралцаж байсан ч багш маань бурхан болсон. Үүний дараа сэтгэл зүйн хувьд жаахан уналтад орсон. Гэхдээ ухарч болохгүй, гарц эрэлхийлнэ. Заавал үүгээр магистраа хамгаална.
-Жүжигчний мэргэжлийг "Хүн судлал" гэж нэрлэх нь ч бий. Та дүрийнхээ сэтгэл зүйг мэдэрч, дотоод сэтгэлтэй нь холбогдохыг хичээдэг шиг анзаарагддаг юм. Харин залуу жүжигчдэд хандан энэ талаар захимаар, хэлмээр үгс байдаг уу?
-Жүжигчний мэргэжил цэвэр судалгаа, чиний хэлдгээр "Хүн судлал". Дүрийг зүгээр л хий жүжиж, хэлбэр үзүүлж бүтээдэггүй. Тайзан дээр ч, камерын өмнө нь ч адил, текст зажлаад өнгөрдөг зүйл биш юм л даа. Дэлгэцийн уран бүтээлд зураг авалтыг төгсгөлийн планаас ч эхэлж болдог. Энэ бүгдэд шугамаа алдахгүй дүрээ авч явна гэдэг зохиол дээрээ ажиллах ажиллагаанаас шалтгаалдаг. Зохиол дээр, өөр дээрээ ажилладаггүй, амар хялбараар зураг авалтуудыг аргалаад өнгөрүүлдэг зарим нэг залуус бий л дээ.

ЭНЭ НИЙГЭМД МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ, ХАЙРТАЙ БАЙХ САН
-Таны эзэмшсэн мэргэжилдээ хайртай, үнэ цэнийг нь өмгөөлөн хамгаалж явдаг үзэл санаа хаанаас эхтэй вэ?
-Мэргэжлээ хүндэлдэг, хүндлүүлдэг, дорд амархан ажил гэж хэлүүлдэггүй байхын тулд бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Өөрсдөө үлгэр дуурайл болох ёстой. Гэхдээ би Фэйсбүүкийн сэвээнээс айдаг ш дээ. Огт харилцаж, хамт байж үзээгүй хүнээ ор үндэсгүйгээр дүгнэдэг, туйлширдаг тийм нийгэмд амьдарч байна. Энэ дунд зүгээр л мэргэжилдээ үнэнч, хайртай байх юм сан. УДЭТ-д 13 жил ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулах тусмаа улам л болоогүй гэдгээ мэдэрч эхэлсэн. Бас нэг зүйл боддог нь, бид өөрсдийнхөө үеийг хамгаалж, дархлах хэрэгтэй шиг. "Алтан үеийн жүжигчид" гэж хүндэлдэг. Зэрэгцээд өөрсдийнхөө нэгэн үеийн жүжигчдийг нэр хүндтэй, бусдад суралцах, үлгэр дуурайл болох зүйлтэй үлдээхийн тулд хичээх хэрэгтэй байх.
-"Хүн нэрээ, тогос өдөө" гэж ч харж болмоор энэ хандлага магадгүй аавыгаа хүндэтгэж явдгаас үүдэлтэй юм болов уу?
-Ер нь хүн өөрөө чин сэтгэлээсээ хүссэн, мөрөөдсөн зүйлдээ л хүчээ зарцуулж, байдгаа зориулдаг юм билээ. Хайр сэтгэл дээр ч, мэргэжил дээр ч, найз нөхдийн тухайд ч. Би бүр мөрөөдлөө өнгөтөөр зураглаж, үүнийхээ төлөө бүхнээ зориулдаг. Яг ард нь гарчих юм шиг санагдаад л адгадаг. Харин “Уг нь би ийм зүйл хүсэж байсан. Гэтэл ийм мэргэжлээр төгсчихсөн юм” гэж ярьдаг залуус олон байгаа. Төгссөн сургууль, авсан диплом нь өөр, хүсэл мөрөөдөл нь бас өөр залуустай уулзсаны хувьд хэлж байгаа юм.
Харин би зөвхөн аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд энэ бүхнийг хийгээгүй юм. Энэ салбартаа хийж бүтээе гэж толгойгоо гашилгах хэрээр кайф авч явдаг.
-Тэгэхээр таны ч, аавын тань ч хүсэл нөлөөлдөг байх нь?
-Харин тийм. Аав миний сэтгэл зүйг бэлдэж өгч дээ. Багаас дуртай болгочихсон. Тэгээд бас намайг жүжигчин болохыг харахыг хүссэн. Харин би зүгээр л харуулаад өнгөрөх биш, үнэхээр хүлээлтийг давуулмаар, өөрийнхөө хүлээлтийг ч давмаар, чадварлаг жүжигчин болмоор, тийм охин нь баймаар санагдсан.
-Таныг УДЭТ-т ажилладаг байхдаа ямар нэг болохгүй байгаа асуудлыг шуудхан хэлчихдэг байсан гэж сонссон. Шударга зан чанарын тухай ярилцъя?
-Би тийм ч хэл амтай хүн биш л дээ. Ерөнхийдөө чимээгүй, урдахаа хийгээд явдаг. Үгээрээ биш үйлдлээрээ л харуулах дуртай. УДЭТ-д 13 жил ажиллах надад асар их туршлага болсон шүү. С.Сарантуяа эгч миний ярих урлаг, уран чадварт маш их түлхэц болсон хүн. Би хагас хоолойгоор дуугардаг байсан. Миний дуу хоолойг өдий хэмжээнд суулгаж, сургаж өгсөн. Үнэхээр надтай ажилласан. Ер нь УДЭТ-т анх ямар гайхалтай хүмүүстэй хамт зэрэгцэн ажиллах боломж тохиосон билээ. Тэднээс надад мөн авсан, суралцсан зүйлс бага сага бий. Түүнийгээ бусдад, залуустаа өөрийнхөө хэмжээнд түгээх сэн, ойлгуулах сан гэж шударга, шуудхан хэлчихдэг үе бий.
-Таны бүтээсэн хамгийн хайртай дүр юу вэ. Ямар ч мэргэжлийн хүнд үнэхээрийн асаж, дүрэлзэж хийсэн зүйл дурсагдан үлддэг шүү дээ?
-Аль нэг дүр гэхээс илүү нэг мэдрэмж л хамгийн гоё. Юу гэхээр, уран бүтээл дээр ажиллах цаг хугацаанд хэцүү, чадмааргүй санагдах үе олон ч яг жүжиг нээх төр мөч... нэг мэдрэмж бий. Ер нь шинэ дүр бүтээх л гоё. Мөн тухайлсан нэг дүрээс илүү бага хамт олноороо, багаараа уран бүтээлийн ард гарах сайхан. Муудалцах, маргалдах үе зөндөө шүү дээ. Харин ард нь гарснаа мэдэх их сайхан.
БУСДАД ӨГЧ ГЭМЭЭ НЬ Л ЭРГЭЭД АВДАГ
-Тайз, дэлгэцийн бүтээлийн аль нь илүү ур чадвар шаарддаг вэ. Таны бодлоор?
-Аль аль нь хэцүү шүү. Ер нь мэргэжлийнхээ тухайд амар, хялбар гэж хэлэх юм надад ер байхгүй юм байна. Харин өмнө нь оролдоогүй, өөрийнөө сориогүй юмыг маань л санал болгоосой гэж боддог. Миний ажиллаж байгаагүй тийм дүр.
Өөрийгөө соримоор зүйл зөндөө байна аа. Надад олон зүйлийг алдсан цаг хугацаа бий. Харин одоо ззарим айдсаа даван туулмаар байна. Цэвэр монгол, дайчин эмэгтэйн дүр дээр ажилламаах байна. Нэг тийм эрэгтэй хүн шиг монгол эмэгтэй. Түүхэн хатдын дүр биш шүү. Харин сур харвадаг, морийг жинхэнэ “эдэлдэг”, тийм эрэмгий монгол эмэгтэй. Тэгвэл би нэг айдсаа давах байх. Учир нь морь харахаар л үнхэлцэг хагарах гээд байдаг хүн л дээ.
-Эршүүд дүр бүтээхийг хүсдэг нь...?
-Эршүүд гэхээс илүү дайчин зан чанар байх л даа. Баатарлаг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ, тийм. Эмэгтэй хүнээс гарамгүй тэр нэг дотор сэтгэлийн дайчин чанарыг ил гаргасан, монгол "юм"-ыг хүсээд байх юм. Жинхнээсээ морьтой уусан нэгдсэн монгол эмэгтэйн дүрийг л гаргамаар байна.

-Тэгвэл хүүхдүүддээ ээжийн хувьд та яаж ханддаг вэ?
-Ээжийн хувьд би маш ардчилсан эмэгтэй шүү. Тийм ч хатуу, зарчимч биш. "Юу хүсэж байна, түүнийгээ хийгээд" үз гэдэг хандлагатай. “Тэгэх, ингэх ёстой” гэж тулгадаггүй. Харин хийсэн ажилдаа эзэн нь байж сургахыг хүсдэг. Хүүхдэдээ багаас нь мэдлэг, чадварыг нь суулгаад өгчихвөл хэнийг ч царайчлалгүй өөрөө өөрийгөө аваад явна гэж боддог. Эцэг, эх хүний үүрэг юу билээ дээ. Өөрийнхөө дутууг нөхүүлдэг золиос биш шүү дээ, хүүхдүүд чинь. Элдэв гадаад хэл, хатуу мэдлэгээр бөмбөгдөөд, эсрэгээрээ хүсэл мөрөөдлийг нь авч үзэхгүй байх буруу л даа. Би 11 настай том хүүдээ хичээлээ хий гэж шахахгүй, оролцохгүй гэж боддог. Би өөрийнхөө үзсэн арга барилаар л хүүдээ хичээлийг нь зааж таарна, гэтэл цаг үе өөр болсон шүү дээ.
-Харин ахуй амьдралдаа?
-Ер нь сэтгэл хөөрлөөр аливаад хандах дургүй. Эмэгтэй хүний хувьд, бусдын адил дэлгүүрээс юм худалдаж авахдаа сэтгэл хөдлөлөөр хандчих гээд байдаг тал бий. Гэхдээ яг ахуй амьдрал дээр буур суурьтай байж, буруу зөвийг нь ялгахыг хичээдэг. Би бас өөрийгөө сайн сонсогч гэж боддог. Бусдыг их сайн сонсоно, ажиглана. Тэр хэрээр өөрөө өөртөө суралцана. Мөн бусдад өгч байж гэмээ нь л эргээд авдаг гэж боддог. Харин уран бүтээлийн хувьд улам л шунаж байна.
-Одоо яг юунд шунаж байна вэ. Театрын тайзнаа эргэж гармаар санагддаг уу?
-Би олон юмыг зэрэгцүүлэн хийж, өөрийгөө илүү хөгжүүлэх, бодож явдаг зүйлстээ алхам ч болов дөхөх, амжуулах гэж үзэхийн тулд театраасаа гарсан. Бас өөрийнхөө хүслээр цаг, заваа зохицуулдаг байх гэж. Амрах үедээ амарч, аялах үедээ аялж... илүү бас суралцах гэж. Мэдээж тайз, дэлгэц хоёроо орхихгүй. Одоо харин тайзны урлагт өөрөө хүчин зүтгэх, өөрөө жүжиг тавих, өөрөө зохиол олох... Өөрөө бүтээж үзье л дээ.
-Тэгвэл өөрт ирж буй уран бүтээлийн саналуудыг хэрхэн хүлээж авч байна. Хэр өөрийн цензурээр ханддаг вэ. Жүжигчин хүнд ер цөөн мөртлөө чанартай дүрүүд байх ёстой гэх нь ч бий шүү дээ?
-Би үүнтэй санал нийлдэг, зохиолыг нь шууд л хардаг. Зохиолыг санал болгож буй хүн намайг л тохирно гэж үзсэн байгаа. Гэхдээ би миний өмнө нь ажилласан дүрүүдтэй ижил төстэй бол хүлээж авдаггүй. Зохиолыг сайтар уншихаас гадна баг, хамт олныг нь хардаг. Өмнө нь хамтарч байгаагүй багтай ажиллах сайхан шүү дээ.
МОНГОЛЧУУДЫГАА ИХ Л ЗАВТАЙ БАЙНА ДАА ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙНА
-"Фантастик" продакшны найруулагч Б.Тамир та хоёр үеэлүүд шүү дээ. Нэгэн гэр бүлээс найруулагч, жүжигчин хоёр төрсөн нь сонин тохиол ч юм шиг?
--Бага байхад Б.Тамиртай тоглож өссөн дурсамжууд бий. Харин оюутан болсон хойно манай нөгөө ангид орж, тааралдахаа байсан. Хоёр ангийн өрсөлдөөн байна уу л гэхээс. Үүний дараа УДЭТ-д ямар нэг шалгалт зэрэгт бие биетэйгээ хамтардаг болсон. Удам гэж бий. Биднийг хурцалж өгдөг О.Бат-Өлзий, С.Сарантуяа гэдэг хоёр хүн байна. Загнахдаа загнаж, инээхдээ инээнэ.
Гэхдээ яагаад ч юм эрэгтэй дүр хараад аазгай хөдлөх нь бий шүү. Би эмэгтэй хүн болж төрсөндөө харамсдаггүй л дээ. Харин зарим зохиолыг уншаад, эрэгтэй болоод төрчихгүй яав даа гэж харамсаж байсан удаа бий юм. Эсрэг талын эрэгтэй дүр энэ тэрийг харахаар өмнөөс нь аазгай хөдлөөд байдаг. Эрэгтэй байсан бол алахаар байж дээ гэмээр. Дүр дээр л. Хамаг үс босоод л, яая даа гэж аазгай хөдөлдөг солиотой хүн шүү дээ.
-Одоо та дараа, дараагийн ямар бүтээлүүдэд ажиллаж байна вэ?
-Бодсон зүйл их байна аа. Олон санал ирсэн байна.
Харин анх удаа УСК продюсерлэсэн маань "Солонго, үүл". 17 хоног гараад л хөл хорио тогтоочихсон. Одоо хоёрдугаар ангийг нь хийгээч гэж олон хүн хэлж байна. Найруулагчид маань зохиолын санаа нь бий. Ам дамжсан маркетинг буюу үзсэн хүмүүсийн сэтгэгдэл надад их урам өгсөн шүү. Үзээд алдъя, уран бүтээлийн бүх шатанд нь сэтгэл тавьж, анхаарах ямар байдгийг үзье гэж бодсон.
-Та бусдын шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ. Сэтгэгдэл бичигчид ч, шүүмж бичдэг хүмүүс ч зэрэгцэн олширч байна шүү дээ?
-Зөв шүүмжийг ёстой талархан хүлээж авна.
Харин шүүмж, доромжлолыг ялгах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. Үзэгчдийн нүд бол улам л чанга болж байгаа. Бид түүнд нь хүрсэн зүйлийг хийдэг баймаар байна. Муу ч, сайн ч кино хийгдэж буй. Энэ зүгээр, бүгд сайныг хийдэг болохын төлөө л ийн хөдөлмөрлөж байгаа. Харин үзэгчид шигшчихдэг юм.

-Үнэхээр үндэслэлтэй бичсэн шүүмжийг шүүмж биш, доромжлол гэж хүлээж авдаг хүмүүс байгаад байна л даа?
-Тухайн хүний өөрийн мэдрэмж, сэтгэгдлийн асуудал байх аа. Дээхэн үед шүүмжлэгч гэж тусдаа мэргэжил бүрэн утгаараа байсан шүү дээ. Гадаадад шүүмжлэгчдээс авсан оноогоороо өрсөлддөг. Яг үүн шиг мэргэжлийн шүүмжлэгчид идэвхийлэн бичдэг байсан, театрын архивт бий. Тэдгээрийг уншаад үнэхээр шүүмж гэж ийм юм байдаг юм байна гээд шагширч байлаа. Харин одоо Фэйсбүүкийн шүүмж, мэргэжлийнх гэж хоёр ялгах шаардлагатай болоо юу даа. Шүүмжлэгчид байхгүй биш, олон байгаа шүү.
-Хоёул энд хүрээд ярилцлагаа өндөрлөе. Миний асуугаагүй, таны бусдад хэлмээр оргиж явдаг зүйл үлдсэн үү?
-Нийгмийн стрессийн асуудал их жин дарчих байх л даа. Зүгээр л, өөрт оногдсон урдах зүйлээ хийцгээе гэж уриалмаар санагддаг. Бүү бусдын амьдралд анхаар. Өөр лүү чиглэ ээ л гэх гэсэн юм. Монголчуудыг, ялангуяа залуусыг их завтай байна уу даа гэж санаа зовж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өглөөө эрт ямар гоё ярилцлага уншичихваа. Уран бүтээлчидээ өндөрөөс өндөр амжилт хүсье
Ернь л бүх зүйл нь маш их та�##�агддаг даа. Эршүүд юм шиг хэрнээ дэндүү үзэсгэлэнтэй, мундаг уран бүтээлч шүү
Туувирч буй уран бүтээл бүр дээрээ дүрдээ маш орж өгч чаддаг шиг санагддаг маш их үлгэр жишээ авдаг даа эгчээсээ. Таньдаа томоос том аз жарг�##� хүсье
Gaihaltai emegtei shvv. Saihan yriltslaga boljeee bayrlalaaaa uran buteeliin tomoos tom amjilt husey
Мундаг уран бүтээлч шүү. Үнэхээр их бахархаж олон зүйлээс нь үлгэр жишээ авдагдаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье
Мундаг
Уран бүтээлд нь томоос том амжилт хүсье. Сайхан ярилцлага болжээ
Тийм шүү
Цаанаа л нэг донжтой, бас эгэл, өгөлт ихтэй жүжигчин шүү, үзэх харах дуртай. Та нар ч гэсэн ирээдүй цагийнханд �##�тан үе, магадгүй �##�мазан үе гэж нэрлэгдэх цаг ирэх л болно.
yaahav dee l jujigchin...ih l hicheeh hergtei! yel gegdeh Tamir n mundag
Hudlaa dandaa end tend ineegeed bdag sonin emegtei hund taalagdah albagui geh de haaya ineed eee barij surah heregtei uilasang buu asuu ineeseng asuu gej ug hurtel bdag bha ineej bolno geh de......
Яг үнэн.
Энэ авгай чинь саяхан монгол эмс охид ТЭМБҮҮТЭЙ гэнээ гээд хашгираад байсан авгай биздээ ямар их ухаантай болчихсон юм яг л хамилон
Сайн жүжигчин сайхан ч хүүхэн шүү амжилт хүсье