Баянзүрх дүүргийн сурагчид тулгамдсан асуудлаа Засаг даргадаа уламжиллаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх төгсөх ангийн сурагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Баянзүрх дүүрэгт хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, ирэх онуудад хийгдэх ажлууд дээр төгсөх ангийн сурагчдаас санал авах, хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53,79, 92,68,33,88 дугаар сургууль болон Тэмүүжин өрлөг сургуулийн 12 дугаар ангийн 70 сурагч оролцлоо.79 дүгээр сургуулийн сурагчид сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, гэр сургууль хоёрын хооронд явах зам харанхуй байгаа учраас гэрэлтүүлэг шинээр тавих, 92 дугаар сургуулийн сурагчид эмчтэй болох, стандартын явган хүний зам сургуулийн орчинд хийх, гэрэлтүүлэг авто замын ажил хийх шаардлагатай байгааг хэллээ.
Харин Баянзүрх цогцолбор сургуулийн сурагчид спортын заалыг шинэчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна сургуулийн сэтгэлзүйч хүүхэд бүртэй ажилладаг эсэх, сургуулийн орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх асуудал гардаг уу зэрэг олон асуудлын хүрээнд сурагчидтай нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариуллаа.
Дүүрэг орон нутагт хийгдэх ажилд хүүхдүүдийн саналыг авах, сургуулийн орчинд хийгдэх шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уулзалт зохион байгуулж байгаад сурагчид талархалтай хандаж, цаашид ч тогтмол зохион байгуулахыг хүссэн юм. Харин сурагчдаас өгч байгаа санал хүсэлт бүрийн хүлээн авч шийдвэрлэж ажиллана гэдгийг хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.