71 настай Ш.Ичинхорлоо гуай ач охиныхоо тоглолт бүрийг очиж үздэг

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Тэмцээн гурван тойргоор бүтэн улирлын турш явагдаж аваргуудаа тодруулах юм. Бид энэ удагийн лигийн эргэн тойронд болж буй сонирхолтой мэдээллүүдийг товчоор хүргэж байгаа билээ.
Энэ удаа "Энагурэ" багийн ахлагч П.Энххүслэнгийн эмээг онцолж байна. Түүний эмээг Шагдарсүрэнгийн Ичинхорлоо гэдэг. Тэрбээр ач охин Энххүслэнгийнхээ лигийн тоглолт бүрийг өөрийн биеэр очиж алгасахгүй үзэж, дэмждэг аж. Ш.Ичинхорлоо гуай өдгөө 71 настай бөгөөд ийнхүү ачийнхаа ялалт, ялагдал бүртээ хамт байна.

Түүний ач охин П.Энххүслэн энэ удаагийн дээд лигт багаа ахалж байгаа юм. Тэрбээр 2019, 2021 оны лигийн шилдэг хаагчаар шалгарсан багийнхаа голлох тоглогч. Энххүслэнгийн баг өмнө жил анх удаа дээд лигийн хүрэл медалийн эзэд болцгоосон юм.

Өмнө нь тэд таван удаа лигийн тэмцээнд оролцохдоо гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан бахдам амжилттай. Ингэхдээ 2008-2011 онд дөрвөн лиг дараалан аваргын төлөө өрсөлдөж 2009, 2011 онд түрүүлж, 2008, 2010 онд мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2011 оноос хойш найман жил завсардсан Дээд лиг 2019 онд эргэн сэргэхэд “Энагурэ” клубийн шинэ үеийн тамирчид амжилтын буухиаг үргэлжлүүлж, гурав дахь аваргын цомыг нь авчирсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.