СПОРТ

Ираны эмэгтэйчүүд цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тэмцээн анх удаа үзнэ

Ираны бүсгүйчүүд тун ч баяртай байна.Учир нь 1979 онд болсон Исламын хувьсгалаас хойш Иран улсад эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн спортын тэмцээн, уралдаан үзэхийг хориглосон юм. Ингэснээр тус улсын бүсүйгүйчүүд өнөөг хүртэл сүүлийн 40 жил цэнгэлдэхэд нэвтэрч, дэмждэг багийнхаа тэмцээнийг үзэх эрхгүй байв.

Iranian women watch the World Cup Group B soccer match between Portugal and Iran at Azadi stadium in Tehran on June 25, 2018. / AFP PHOTO / ATTA KENARE

Тэгвэл саяхан Тегераны эрх баригчид энэхүү хоригоо цуцалснаар Ираны бүсгүйчүүд цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тоглолт үзэх боломж бүрджээ. “Цэнхэр охин” хэмээн алдаршсан нэгэн эмэгтэй хөгжөөн дэмжигч эрэгтэй хүний хувцас өмсөн цэнгэлдэхэд хулгайгаар орж, тэмцээн үзэх гэж оролдсоныхоо төлөө шийтгүүлсэн. Улмаар 29 настай эмэгтэй иран бүсгүй өнгөрсөн сард шүүхийн гадна өөрийгөө шатааж амиа хорлосон нь үүнд нөлөөлсөн юм. 

Мөн хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон FIFA улсынхаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөг үзэх эрхийг сэргээхийг Ираны эрх баригчдаас удаа дараа шаардсан нь үр дүнгээ өгсөн.

Ираны эмэгтэйчүүдийн үзэх анхны тэмцээн нь Тегераны “Азади” цэнгэлдэхэд болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт. Иран болон Камбожийн багийн хооронд маргааш болох тэмцээний тасалбар богино хугацаанд зарагдаж дуусчээ.

Ираны бүсгүйчүүд худалдаж авсан тасалбарынхаа зургийг цахим сүлжээнд нийтэлж, цэнгэлдэхэд тэмцээн анх удаа үзэх болсондоо тун ч баяртай байгаагаа илэрхийлжээ.

 Б.ДАЛАЙ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close