СПОРТ

“Макс”-ын Д.Ганбаатарын “Монгол адуучин” хүлэг 579 мянган ам.долларын бай шагнал хүртжээ

Морьтон монголчуудын хувьд гадаадын томоохон уралдаанд хүлгээ түрүүлгэх нь бүү хэл тоосыг нь өргөнө гэдэг мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Энэ бүхэн одоо ард хоцорсон. Монгол хүлэг дэлхийн дэвжээнд зүгээр нэг тоосоо өргөх бус түрүүлдэг, торгон жолоо өргүүлдэг болсон. Нэр хүнд, чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог “Breeders’ cup world championship 2015” уралдаанд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” гэдэг нэртэй үрээ түрүүлж, Монгол адууны шандас, монгол уяачийн ур ухааныг дэлхийд таниулсан.

Д.Ганбаатарын хүлгүүдийн уяа сойлгыг нь АНУ-д амьдардаг, улсын алдарт уяач Э.Ганбат тааруулдаг. Монгол эзэнтэй, монгол уяачийн хүлэг дэлхийн дэвжээнд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа.

“МОНГОЛ АДУУЧИН” “BREEDER’S CUP-2019”-т ХУРД СОРИНО

1982 оноос хойш зохион байгуулж буй дэлхийн аварга шалгаруулах “Breeder’s cup” уралдаанд өнөө жил Д.Ганбаатарын төдийгүй Монголын өөр нэг хүлэг шалгуурыг нь давж, тоосоо өргөх эрх авлаа.  Ангилал тус бүрийн шагналын сан харилцан адилгүй, 1-6 сая ам.долларын шагналын сантай тус уралдаанд өнөө жил  “Mongolian Groom” буюу “Монгол адуучин” гэдэг нэртэй хүлэг уралдахаар албан ёсоор бүртгүүлэв.

“Монгол адуучин” хэдхэн хоногийн өмнө буюу есдүгээр сарын 28-нд болсон нэгдүгээр зэрэглэлийн “Awesome Again stakes” уралдаанд хурд сорихдоо “McKinzie”, “Higher Power” нарын хурдан хүлгүүдийг ардаа орхин түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн. Улмаар дэлхийд алдартай, арваннэгдүгээр сарын 2-нд болох “Breeder’s cup” уралдаанд оролцох эрх авсан юм.

Энэ талаар Д.Ганбаатар цахим хуудсандаа “Монгол түмэн ахан дүүс та бүхэндээ сайхан мэдээ дуулгая аа. “Mongolian Groom” (Монгол адуучин) маань G1 уралдаанд Америктаа нэг, хоёроор эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдаж, тасархай түрүүллээ. 2015 онд “Mongolian Saturday” түрүүлж, монгол түмнээ огшуулж байсан. Монгол уяачид үнэхээр чаддаг гэдгээ харууллаа. Уралдааны дараа Э.Ганбатаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч морины ертөнц шоконд орлоо гэж гурван удаа хэлсэн байна. Америкийн хэвлэлээр шуугиж байгаа сурагтай. Их сайхан байна аа” гэж нийтэлсэн юм.

“MONGOLIAN GROOM”-ийг ШҮДЛЭН НАСТАЙД НЬ 12 МЯНГАН АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДАН АВЧЭЭ

Тод манлай уяач Д.Ганбаатарын хүлгүүдийг улсын алдарт уяач Э.Ганбат “Mongolia stabe” гэдэг нэртэй зүчээндээ сойдог.

Тэд “Монгол адуучин”-г шүдлэн болох хавар нь 12 мянган ам.доллароор худалдан авчээ. Д.Ганбаатар хүлгээ “Breeder’s cup” уралдааны классик ангилалд бүртгүүлэхийн тулд хураамжинд нь 200 мянган ам.доллар төлсөн гэнэ. Тус уралдааны классик гараа нь зургаан сая ам.долларын шагналын сантай, дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг юм.

 Төдийлөн олны анхаарлыг татаагүй, даруухан амжилттай байсан “Монгол адуучин” хүлэг ийнхүү дэлхийн шилдгүүдтэй хурд сорин, “Mongolian Saturday”-ын амжилтыг буухиалахаар уяан дээрээ үүрсэж байгаа нь мэдээж.

“МОНГОЛ АДУУЧИН” ГУРАВ ТҮРҮҮЛЖ, ХОЁР АМАН ХҮЗҮҮДЭН, ГУРВАН УДАА АЙРАГДЖЭЭ

Э.Ганбат уяачийн уяж хурдлуулдаг “Mongolian Groom” одоогоор 16 уралдаанд хурд сорихдоо гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, айргийн гуравт гурван удаа хурдалжээ.  Эл амжилтаараа 579.141 ам.долларын бай шагнал авч, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулаад байгаа юм.

Б.БУЯНДАЛАЙ

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Bid mori tanihgui bol uur hen mori tanih yum we Mongolchuud bid morinii uyag olohgui bol uur hen olohiim we mongolchuudiin mori turuulehgui yum bol uur henii mori turuuleh yum we gej bodohoor uuriin ogshood bh yum. 2 Ganbaad amjilt husiye saihan uiliin ehleliig tawij bna

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close