Хөлбөмбөгийн “Мөрөөдлийн баг” хийгээд түүний гунигт төгсгөл

“Барселона 1992” олимпийн наадамд оролцсон АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ багийг ур чадвараараа бусдаас хол тасархай байснаар нь “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл ур чадвар, техник тактикаараа тухайн спортдоо “шинэчлэл” хийж, үзэгдэл болсон багууд түүхэнд цөөн боловч бий. Eguur.mn уншигчдадаа хөлбөмбөгийн түүхнээ “Мөрөөдлийн баг”, “Домогт шигшээ“, “Хүчирхэг мажарууд” гэгдэн мөнхөрсөн Унгарын домогт шигшээ багийн тухай нийтлэлийг хүргэхээр бэлдлээ.
"Хүчирхэг мажарууд" буй болсон нь
“ХХ зууны эхний хагаст Унгар нь улс төрийн хувьд ч, хөлбөмбөгийн хувьд ч Австрийн сүүдэрт байсан” гэж сэтгүүлч Жонатан Уилсон “Уруугаа харсан пирамид” номдоо бичжээ. Хюго Майсль /Австрийн шигшээ багийн дасгалжуулагч/, “Дунайн хар шуурга” /хөлбөмбөгийн тактик/ үүнд нөлөөлсөн, гэхдээ хамгийн гол нь тэд сэтгэдэг байв. Венад ч, Будапештэд ч хөлбөмбөг мэтгэлцээний хамгийн чухал сэдэв байсаар иржээ.
Дашрамд дурьдахад, Унгар, Австрийн багийг аль, алиныг нь “Дэлхийн аварга болох ёстой байсан” гэж ярьдгийг одоогийн хүүхдүүд сонсоогүй байж магадгүй.
Австрийн баг 1934 онд хагас шигшээд Италид ширүүн борооноор тоглож хожигдсон бол Унгар 1954 онд шигшээ тоглолтод ХБНГУ-ын багтай тоглох үеэр мөн л маш ширүүн аадар бороо орж байв.
Дээрх хоёр тоглолт одоо ч хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шударга бус хожигдол гэж тооцогддог.
Унгар нь үргэлж л Европтоо дажгүй хүчирхэг багтай гэгдэж /1912 оны олимпод шөвгийн наэймд үлдэж, 1938 оны ДАШТ-д үзүүрлэсэн/ байсан ч 1940, 1950-иод онд хөлбөмбөгт түүхэн үсрэлт хийж, домог болон мөнхөрсөн билээ. Дэлхийн дайнй дараа үеийн хөлбөмбөгт “Арсенал”-ын домогт дасгалжуулагч Хэрберт Чэпмений анхлан анх нэвтрүүлсэн "W-M” гэдэг /3-2-2-3/ тактик зонхилж байв.

Энэ нь гурван хамгаалагч, хамгаалах болон довтлох чиглэлийн тус бүр хоёр хагас хамгаалагч гурван довтлогчтой байрлал бөгөөд бөмбөг эсрэг багт шилжсэн тохиолдолд бүгд маш хурдан хамгаалалтад шилждэг давуу талтай. Энэ онцлогоос нь болоод “W-M” тактикийг “Эвертон”-ы домогт довтлогч, 1927-28 оны улиралд 60 гоол оруулсан /Одоо ч эвдэгдээгүй дээд амжилт/ Дикси Динийг зогсоох зорилгоор бүтээгдсэн гэж гэж мэтгэгчид бий.

"W-M” тактикт бас өөрийн гэсэн сул талууд байсан ч “Арсенал”-ын гайхамшигтай /Английн аваргаар тавантаа тодорч, цомын тэмцээнд хоёр түрүүлсэн/ амжилтаас болж Английн бусад багууд, шигшээ баг ч хэрэглэх болсон байв.
1950 оны ДАШТ-д АНУ-д хожигдсон ч хөлбөмбөгийн эх орныхныг Европын хамгийн шилдэг багт тооцож байв. Гэвч Дорнод Европт бас нэгэн баг гэнэт хүчирхэгжиж гурван жилийн турш ялагдаагүй гайхалтай амжилт гаргасан нь нийтлэлийн гарчигт тохирох тэрхүү Унгарын домогт шигшээ баг байв.
Унгарын шигшээд тухайн үед довтлогч Ференц Пушкаш, Шандор Кочиш, одоогийн хэллэгээр бол “найруулагч” Нандор Хидегкути нарын шижигнэсэн залуус дасгалжуулагч Густав Шебешийнхээ боловсруулсан МU хэмээх тактикаар тоглож энэ амжилтад хүрчээ.
Энэ “аймшигт” баг 1952 оны олимпод таван тоглолтод тав хожин түрүүлэхдээ 20 гоол оруулж, хоёрыг л алдсанаас гадна хагас шигшээд өмнөх олимпийн аварга Шведийг 6:0-ээр бутниргэж, шигшээд Югославыг 2:0 буулгаж авсан байдаг.

Гэсэн ч тэднийг дэлхийн шилдэг гэж хэн ч нэрлэхгүй л байсан хэрэг. Тиймээс 1953 онд Англитай хийсэн нөхөрсөг тоглолтыг Унгарчуудын сүр хүчээ нотлон харуулсан, “МU” байрлалаа хүлээн зөвшөөрүүлсэн, нэг ёсондоо агуу баг мэндэлсэн өдөр гэж тооцдог юм.
“Уэмбли”-д болсон “Зууны тоглолт”
Хоёр баг тоглох болсны дараа английн сонинуудад “Жижигхэн тарган нөхөр” /Ф.Пушкаш/-ийг хэрхэн зогсоох талаар эрээ цээргүй зүйлс бичиж байв. Товчхондоо, 1953 оны арваннэгдүгээр сарын 25-ны тэр өдөр “Уэмбли”-д "W-M”, “МU” байрлалын аль нь илүү вэ гэдгийг үзэх тулаан болсон юм.
Тоглолтоос 10 хоногийн өмнө Унгарын баг Будапештдээ Шведтэй тэнцсэн нь англичуудын бардам занг сэдрээж, хэвлэлээр элдэв зүйлс бичиж эхэлсэн хэрэг. Гэтэл тэр орой, “Уэмбли”-д цугласан 105 мянган үзэгчийн өмнө унгарчууд англичуудыг жинхэнэ утгаар нь бутниргэж орхисон билээ.
Английн багт тэр үед дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагч гэгдэж асан Билли Райт, Стэнли Мэтьюз, хожим Английг дэлхийн аваргад түрүүлүүлсэн Сэр Альф Рэмзи нар тоглосон гэдэг. Статистик тоглолтыг бүрэн илэрхийлж чадахгүй. Гэхдээ MU буюу 3-2-5 байрлалаар тоглосон унгарчууд тоглолтын турш 35 удаа хаалга руу цохижээ.

Тоглолтын дараа хэвлэлүүдэд “Хөлбөмбөгийн спортод хувьсгал гарлаа” гэсэн нь Г.Шебешийн тактикийг шинэчлэл хэмээн хүлээн зөвшөөрснийх байв.
Дээр нэр дурдсан домогт англи тоглогчид ч “Бид шоконд орлоо. Унгарчууд тоглолтын турш бөмбөгөө бараг алдсангүй” гэх мэтээр ярьсан байдаг. Хариу тоглолт Будапештэд болоход “Жижигхэн тарган нөхөр” тэргүүтэй талбайн эзэд 7:1-ээр бутниргэжээ. Унгарын шигшээ тэр үед 1950 оны тавдугаар сарын 14-нөөс хойш дөрвөн жил гаруйн хугацаанд нэг ч тоглолтод хожигдоогүй, нэг үгээр “хаанчилж” байв.
“Бернийн гайхамшиг”
ДАШТ-ий шигшээ тоглолтуудаас хамгийн дуулиантай нь 1954 онд Швейцарийн Бернд болсон гэдэгт одоо ч бүгд санал нэгддэг. Тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг нь мэдээж “Хүчирхэг мажарууд” байсан бөгөөд хэсэгтээ БНСУ-ыг 9:0, ХБНГУ-ыг 8:3-аар хөнгөхөн хожоод шөвгийн наймд Бразилийг 4:2-оор буулгаж авсан.
Энэ тоглолт дуусч, шүүгч шүгэл үлээсний дараа талбай дээр ДАШТ-ий түүхэн дэх хамгийн дуулиантай, олон оролцогчтой зодоон дэгдсэн байдаг.
Хагас шигшээд дэлхийн аварга Уругвайтай үндсэн цагт 2:2 тэнцсэн ч нэмэлт цагт Бразилийн нэгэн адил 4:2-оор хожин шигшээд шалгарсан тэдэнтэй алтан медалийн төлөө ХБНГУ-ын баг тулсан юм.
1954 оны долдугаар сарын 4. Швейцарь улс, Берн хот. Унгарын шигшээ баг дэлхийн аварга болоход ганц л алхам үлдээд байлаа. Тэднийг ХБНГУ-ыг хөнгөхөөн хожиж, анх удаагаа дэлхийн аварга болно гэдэгт эргэлзэх хүн бараг байсангүй. Хоёр баг хэсгийн шатанд учраа таарахад Унгар 8:3-аар хожсон учраас хожно гэдэгтээ ХБНГУ-ын шигшээ багийнхан ч итгэлтэй байгаагүй болов уу.

Тоглолт эхэлж, эхний 10 минут яг таамгийн дагуу өрнөлөө. Зургаа дахь минутад Ференц Пушкаш, найм дахь минутад Золтан Цибор гоолдож, унгарчууд 2:0-ээр тэргүүлэх болов. Унгарчууд 2:0-ээр хожиж яваад бариулсан түүх үгүйн дээр, ер нь энэ тоглолтоос өмнөх дөрвөн жил хожигдол гээчийг амсаагүй байсан юм.
Гэтэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн санаанд оромгүй үр дүн гэж одоо ч нэрлэгдсээр буй тэрхүү гайхамшиг тохиож, германчууд гурван гоол нөхөж хийснээр /3:2-оор хожсон/ анх удаагаа дэлхийн аварга болсон билээ. Энэхүү 80 минутыг “Германы шигшээ мөн чанараа олж авсан 80 минут” /”Немцы как стали немцами”/ гэж нэрлэх нь ч бий.

Хельмут Ран 84 дэх минутад гоол оруулсны дараа унгарчууд улайран дайрсан. 87 дах минутад Ф.Пушкаш тэнцээний гоолыг оруулсан ч шүүгч “идэвхигүй отон тоглолт” гээд тооцсонгүй. Хожим энэ гоол зөрчилгүй байсан нь мэдэгдсэн нь тоглолтыг улам л домог болгосон юм.

“Германчууд сэргээш хэрэглэж хожсон”, “Ади Дасслерын шинэ шипиний хүчээр хожсон” гэх мэт өөр олон яриа бий.
Германчуудын нөхөж хийсэн гурван гоол түүхэнд “Бернийн гайхамшиг” нэрээр үлдсэн бол Унгарын баг дахин хоёр жил хэнд ч ялагдаагүй билээ.
Агуу багийн гунигт төгсгөл
ДАШТ-ий шигшээд хожигдсон ч унгарчууд дахин хоёр жил ялагдашгүй байж, 18 тоглолтод хожжээ. 1958 оны ДАШТ-д түрүүлэх багаар Унгарыг нэрлэж, багийн цөм болсон Михай Лантош, Ференц Пушкаш, Нандор Хидегкути, Шандор Кочиш, Золтан Цибор нар ид ирэн дээрээ гялалзаж байлаа. Товчхондоо тэдний ирээдүйн амжилтад ямар ч эргэлзээ байсангүй. Гэтэл ЗХУ 1956 онд Унгарт цэрэг оруулснаар хөлбөмөгийн түүхэн дэх хамгийн шилдэг баг нуран унах нь тэр.
ЗХУ-ын “Ахын тусламж” гэж нэрлэсэн уг ажиллагаагаар энгийн номхон 3000 гаруй иргэн амь насаа алдсан нь цөөн хүн амтай энэхүү жижиг улсын бүх л салбарыг, тэр дотор хөлбөмбөгийг ч хамарсан гамшиг болсон юм.
Шигшээ багийн цөм болсон “Гонвед” тэр үед Өмнөд Америк тивээр аялан тоглолт хийж таарчээ. Тэднээс Ф.Пушкаш, Ш.Кочиш, З.Цибор нар эх орондоо очихоос татгалзаж, хормын дотор социалист блокийн орнуудад “Тааламжгүй этгээд” /персона нон грата/ болж хувирав. Тэд Испанид цагаачиллаа. Ф.Пушкаш Мадридын “Реал”-д, Ш.Кочиш, З.Цибор нар “Барселона”-д очив.

Божик, Хидегкути нар эх орондоо харьсан ч “Хүчирхэг мажарууд” дахин сэргэхээсээ өнгөрсөн байв. Сонирхолтой нь, Хүчирхэг мажарууд 1956 оны есдүгээр сард ЗХУ-ыг Москвад 1:0-ээр хожиж, “гэртээ” хүлээсэн анхны хожигдлыг нь бэлэглэж байв.
Домог...
Унгарын шигшээ баг 1950-иад оны эхний хагаст олон, олон ялалт байгуулж, дээд амжилтуудыг тогтоосон. Тоглолт бүрт гоол оруулсан цуврал /73 тоглолт/, хожигдоогүй хугацаа /Дөрвөн жил, нэг сар/, хожлын хамгийн өндөр хувь /зургаан жилд 91 хувь/, хамгийн олон гоол оруулсан довтолгооны хослол /159 гоол/ гээд дурдаад байвал дуусахгүй.

“Хүчирхэг хулганууд” мөн нэг ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан /27 гоол/, хамгийн олон гоолын зөрүү гаргасан /+17/, хамгийн олон гоолын зөрүүтэй хожсон /БНСУ-ыг 9:0-ээр/ дээд амжилтыг эзэмшдэг. Хэрвээ ЗХУ Унгарт цэрэг оруулаагүй, шилдэг тоглогчид нь хамтдаа байсан бол энэ баг хэчнээн жил хаанчлах байсныг хэн ч таашгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайт оросууд бас л дайн хийж цэрэг оруулжээ. Гэхдээ 21 дүгээр зуунд энн арга нь төгссөн гэдгийг ойлгоогүй л яваа согтуу толгойнууд шүү.