Өмнөд Солонгос: Сынри шоронгоос суллагдаж, ТОР сарыг зүглэнэ

"Bigbang" хамтлагийнхан тайзнаа гарснаас хойш олны анхаарлыг татсаар. 2006 онд анх уран бүтээлээ туурвисан тус хамтлаг одоо ч цахим орчинд алдартай хэвээр. Нэг гишүүн нь хамтлагаасаа гарч, цэрэгт явж, аав болохоо хүлээж байгаа гэх мэтээр тэдний амьдрал үргэлж олны өмнө дэлгээтэй байдаг. Тэгвэл тус хамтлагийн талаарх сүүлийн үеийн хоёр мэдээ цахим орчныг шуугиулж байгаа юм.
-Сынриг суллагдахыг олон нийт дургүйцэв-
"Bigbang" хамтлагийн гишүүн асан Сынрид Солонгос улсын шүүхээс гурван жилийн хорих ялыг 2021 оны наймдугаар сард олгосон байдаг. Улмаар энэ оны нэгдүгээр сард давж заалдах шатны шүүхээс түүнийг есөн төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч хийсэн хэргээ хүлээн, уучлал гуйснаар ялын хэмжээг нь 1.6 жил болгон бууруулжээ.
Тэгвэл түүнийг ирэх оны хоёрдугаар сард суллахаар болжээ. Уг мэдээ олон нийтэд цацагдсаны дараа Солонгос улсын иргэд цахим орчинд уур бухимдлаа илэрхийлсээр. Нөгөө хэсэг нь түүнийг суллагдсаныхаа дараа юу хийхийг сонирхож буй.
-ТОР сансарт ниссэн анхны К-РОР од болно-
"Bigbang" хамтлагийн ТОР шинэ онд сансарт аялсан анхны К-РОР од болохоор болжээ. Японы тэрбумтан Юсакү Маэзава өөрийн инстаграм хуудастаа сансарт нисэх багийнхныг баталгаажуулснаар олон нийтэд тус багийн гишүүдийн мэдээлэл ил болсон байна. Сансарт нисэхэд Илон Маскийн "SpaceX Starship" хөлөгт найман хүн явах ажээ.
Тус төслийн нэр нь "DearMoon" бөгөөд төслийн албан ёсны сайтад мэдээлснээр "Сар руу хийх анхны иргэний илгээлт 2023 онд хийхээр төлөвлөсөн. Сар руу долоо хоног аялаад буцна" гэсэн байна.
Японы бизнес эрхлэгч Юсакү Маэзава пуужин дээрх бүх тасалбарыг 2018 онд худалдаж авсан юм. Төслийн тайлбарт "Энэ даалгавраар Starship болон Super Heavy Rocket хөлөг онгоцоор сар руу явна. Дараа нь ангараг болон түүнээс цааш хүн, ачаа тээвэрлэх зориулалттай пуужин, сансрын хөлгийг хөөргөнө" гэсэн байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.