“Дэлхийн цом”-ын хүрэл медальт Ч.Мандахбаяр: Бэлтгэлийн баазтай орнуудын тамирчид дөрвөн улирал бэлдэж, түрүүлдэг

Олон улсын уулын холбооноос Франц улсад зохион байгуулсан “Мөсөн авиралтын Дэлхийн цом 2023” аварга шалгаруулах тэмцээний хурдны төрлөөс “ХҮРЭЛ” медаль хүртсэн, Улаанбаатар аялагч клубийн тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяртай ярилцлаа.
-Монголоос анх удаа олон улсын Мөсөн авиралтын тэмцээнээс медаль хүртсэн тамирчин болсон уу?
-Дэлхийн аварга хоёр жилд нэг удаа зохиогддог, дэлхийн цом нь жилд хамгийн багадаа гурван удаа цувралаар өөр, өөр улсад зохиогддог. Энэ жил Солонгос, Швейцар, Франц улсуудад болсон. Би Франц улсад зохиогдсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Харин манай багийн тамирчин Н.Хэрлэн маань Өмнөд Солонгос улсад болсон тэмцээнээс мөн адил хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр бид хоёр яг нэг цаг үед адилхан хүрэл медаль авсан гэсэн үг.
-Яг адил нэг холбооноос зохиогдож байгаа ч улс улсаасаа шалтгаалж тэмцээний ялгаа гарах уу. Эсвэл адил байдаг уу?
-Хоорондын ялгаа гарч ирнэ. Солонгосын хурдны авиралтын зам нь 12-оос 13 метр байдаг. Францын хурдны авиралтын зам нь 15-аас 16 метр орчим байсан. Стандарт нь бол 13-аас 18 метр гэж явдаг. Тухайн зохиогдож буй улсынхаа хэмжээнээс шалтгаалаад өөр өөр. Жишээ нь Оросын ихэнх стандарт хана 18 метртэй байдаг.



-Тэгэхээр бэлтгэлээ яаж, хаана хийдэг вэ?
-Зуны улиралд зааланд бэлтгэл хийдэг. Өвлийн улиралд яг эхний цас орсноос хойш. Мөсөн авиралтынхаа ханыг цасыг устай холиод зуурч хийдэг. Тийм учраас заавал цас хэрэгтэй, цас орсноос хойш буюу арваннэгдүгээр сараас хойш бэлтгэлээ хийдэг гэсэн үг. Одоохондоо өөрсдөө ханаа хийгээд л явж байна. Найрамдал зуслан дээр 15 метрийн стандарт авиралтын хана байдаг. Түүн дээр жил болгон өөрсдөө цас, усаар ханаа бариад бэлтгэлээ хийдэг юм.


-Ямар нэгэн клубд харьяалагддаг уу?
-Улаанбаатар аялагч клүб буюу “UB Hiking Club”-д харьяалагддаг.Манай клуб идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягт уриалдаг. Байнгын идэвхтэй алхдаг, ууланд авирдаг клуб. Мөн уулчдын үндэсний холбооны мөсөн авиралтын хороо гэж байдаг. Тэр хороо тэмцээн уралдаан, Монголд зохиогдож байгаа арга хэмжээнүүдэд анхаардаг. Үндсэндээ хороо нь авирдаг тамирчдаа анхаарч бэлтгэл сургуулилт хийлгэдэг.
-Олон улсын тэмцээн уралдаанд явахад хананд авирч буй тамирчдыг улсаас дэмждэг үү?
-Улсаас бол дэмжлэг байхгүй. Тодорхой хэмжээгээр клубээс дэмждэг. Холбоо бол гадаад харилцаа, виз, олон улстай холбогдох гэх мэтийн үйл ажиллагааг хариуцан хийдэг. Зардлаа тамирчид өөрсдөө тодорхой хэмжээгээр төлдөг, мэдээж харьяалагдаж байгаа клуб маань хамгийн их дэмжлэгийг үзүүлдэг.
-Спонсор яаж олдог вэ?
-Спонсор олох бол жаахан хэцүү. Монголд дөнгөж хөгжиж байгаа спорт учраас хүмүүс сайн мэдэхгүй. Ханан авиралтын төрөл нь зуны олимпод албан ёсоор орсон байгаа. Харин өвлийн мөсөн авиралтын төрөл хараахан олимпод ороогүй байгаа. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал гэж харж байна. Тийм учраас уг спортын талаар хүмүүс тийм ч их мэддэггүй тул тамирчид спонсор олох хэцүү байдаг. Харин надад 2019 оноос хойш “UB Hiking Club” болон “Ayanchin Outfitters” нар байнга дэмжлэг үзүүлж байгаа.

-Тэмцээнд амжилт гаргахад өөрийн тань хичээл зүтгэлээс гадна ямар туслалцаа хамгийн их хэрэгтэй байдаг вэ?
-Туслалцаа дэмжлэг гэвэл бэлтгэл хангах стандарт бааз байхгүй. Дөнгөж өвлийн сар гаран цас ороход л ханаа бариад бэлтгэлдээ ордог. Түүнээс өмнө зуны улиралд хавар намартаа бэлтгэл хийх бааз байхгүй учраас жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хангах боломжгүй. Арваннэгдүгээр сараас эхлэн үсрээд л хоёрхон бэлтгэл хийгээд тэмцээнд оролцдог. Зуны улиралд зааландаа ханан авиралт дээрээ дасгалаа хийдэг дээ. Бусад улсын тамирчидтай өөрсдийгөө харьцуулахад бэлтгэл дутуу байгаа нь илт харагддаг. Олдсон хоёр сараа үр дүнтэй ашиглаад л явцгаадаг даа.
-Бусад орны, олон улсын тамирчид хэрхэн яаж бэлтэгэлээ хийдгийг хамт тэмцээнд орж байхдаа асуусан уу?
-Ер нь бол улс улсын тамирчдаас асуудаг. Улсад нь 16 метр тэрнээс дээш өндөртэй мөсөн авиралтын байгууламжууд байдаг. Байгууламжуудтай улсын тамирчид тэмцээнүүдэд үргэлж амжилт гаргадаг. Бүх улиралд бэлтгэлээ хийх боломжтой учраас нэлээн өндөр амжилт үзүүлж байгаа. Улс орон нь мөн тамирчдаа дэмжин бэлтгэлийн баазаар нь бүрэн хангаад өгчихсөн байдаг. Тамирчид нь байнга жилийн дөрвөн улирал бэлтгэлээ хийдэг. Монголд одоохондоо байхгүй. Удахгүй болох байх гэж найдаж байгаа.


-Монголын баг тамирчид энэ жил баг болон оролцсон. Олуулаа оролцож байгааг хараад зохион байгуулж байгаа улсын хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн оноос буюу 2022 оноос багаараа оролцож эхэлсэн. Энэ жилээс тодорхой хэмжээгээр багийн амжилт үзүүлж байгаа. Монголчууд ер нь маш хүчтэй гарч ирж байна. Хурдан сайжирсан байна. Хүчтэй өрсөлдөгч гэж хардаг болсон.
Миний орсон тэмцээний нэгдүгээр байранд Өмнөд Солонгос улсын тамирчин орсон. Харин хоёрдугаарт Ираны тамирчин байр эзэлсэн. Солонгосын тамирчин бол олон жил хичээллэсэн, өмнөх жилүүдийн дэлхийн аваргын тэмцээнүүд дээр дээгүүр байранд орсон хүчтэй өрсөлдөгч. Ираны тамирчин бас 22 оны дэлхийн аварга болж байсан тамирчин. Хоёулаа маш туршлагатай сайн тамирчид.
-Ханан авиралт мөсөн авиралт хоёрын техникийн ялгаа яг юу вэ?
-Ханан дээр ямар ч багаж хэрэгсэлгүйгээр зөвхөн өөрийнхөө гар хөлөөр авирна. Мөсөн авиралт бол үзүүртээ хадаастай гуталтай, гартаа бас давхар авиралтын багажтай авирдгаараа ялгаатай. Гэхдээ хоорондоо хоёр өөр спорт, нэг нь өвлийнх нь нэг зуных. Ерөнхий төлөв нь авирдгаараа л адилхан. Биеийнхээ бэлтгэлийг хангахын тулд зундаа ханан дээр бэлтгэлээ хийдэг.
-Ер нь сүүлийн жилүүдэд өөрийн тань харж байгаагаар энэ спортыг хүмүүс хэр сохирхож байна вэ?
-Сүүлийн 2, 3 жил бол хүмүүс маш их сонирхож байгаа. Жишээлбэл манай “Гүем” сургалтад олон хүүхэд суралцдаг. Томчууд ч тэр сонирхоод яг тамирчин болохгүй ч гэсэн хоббигоо болгоод чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх гэж хичээллэж байгаа.
-Та хэр олон жил энэ спортоор хичээллэж байгаа вэ?
-Яг зуны спортын авиралтын төрлөөр бол 2013 оноос хойш 10 жил, мөсөн авиралтынхаа төрлөөр 2019 оноос хойш 4 жил хичээллэж байна. Манай аавын дүү энэ спортоор олон жил багш, дасгалжуулагч хийсэн ОУХМ Батжаргал гэдэг хүн бий. Анх намайг нэг өдөр дагуулж ирээд л авируулж эхэлсэн. Эхэндээ би зугтдаг байсан, авирахгүй гээд, хоёр гурван удаа байгалийн хананд бэлтгэлд гараад дуртай болчихсон. Тэр үед 13 настай байсан.
-Тэгэхээр хананд авирах, мөсөнд авирах, байгалийн хаданд авирах гээд гурван төрөл байна гэсэн үг үү?
-Тийм гурвуулаа хоорондоо өөр. Хана мэдээж өөрсдөө тогтоож, боож угсарсан бариул гишгүүр дээр дамжиж авирдаг. Байгалийн хад бол ямар ч хүний хийсэн барьц гэж байхгүй угаас тогтсон байгалийн тогтоцоор л авирна. Хад илүү нарийн туршлага шаарддаг.

-Түрүүн дурдсан “Гүем” хүүхдийн авиралтын сургалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
-“Гүем” сургалт маань 2015 онд байгуулагдсан. Тэр үед бага насны хүүхдүүдийн дундах тэмцээн зохион байгуулагддаг байсан юм. Харин 2019 ноос хойш бага насны хүүхдийн сургалт хийж эхэлсэн.
-Хэдээс хэдэн насны орчим хүүхэд суралцдаг вэ?
-Заалт нь хамгийн багадаа дөрвөн нас. Манайх дөрвөн наснаас 16 нас хүртэлх яг бага насны хүүхдүүдийг сургаад явж байгаа. Яагаад заавал бага насны хүүхэд вэ гэвэл ханан спорт авиралтын төрөл нь олимпод орж, 2022 онд анхныхаа гарааг хийчихсэн. Цаашдаа зуны олимпын нэг төрөл гэж явах учраас бид шинэ залуу үеэ бэлдэн, багаас нь амжилт гаргуулах зорилготойгоор ажиллаж байгаа юм. Хана, хад мөсөн авиралтыг илүү олон хүн сонирхож хичээллэдэг байгаасай. Мөн бэлтгэл хийх, хичээллэх газрууд олон болоосой.
Б.МАРАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засаг