ЭДИЙН ЗАСАГ

"Акулуудын" халаасыг зузаалсан газрын тосны салбар цаашид хэрхэх вэ

Газрын тос худалдаалдаг томоохон компаниудын тайлан хэд хоногийн өмнө гарсан. Уг тайланд “акулууд”-ын 2022 оны нийт ашиг 223.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар дурджээ. Эл ашиг нь 2021 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тооцоолол байв.

“Акулууд”-ын ашиг ийн нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлсэн зүйл бол Орос-Украины хооронд өрнөсөн мөргөлдөөн юм. Газрын тос, байгалийн хий нийлүүлэгч томоохон улс болох ОХУ салбарынхаа экспортын дийлэнх хувийг эзэлдэг байсан тул зах зээлд их хэмжээний нийлүүлэлтийн хомсдол үүсэж буй хэрэг.

ОХУ-ын барууныхны эсрэг авсан хориг арга хэмжээ газрын тосны үнэд шууд нөлөөлнө

Эргэн сануулахад Оросын талаас Украиныг түрэмгийлсний маргааш нэг баррель нефтийн үнэ 100 ам.долларыг давж, гуравдугаар сард 127 ам.долларт хүрч байв. 2020 оны цар тахлын үед их хэмжээний алдагдалтай ажиллаж байсан тэд ийн алдагдлаа хэд дахин нөхөж чадлаа.

Товчхондоо “алдсан биш завшив” гэгчийн үлгэр шиг их хэмжээний алдагдалд орсон хэдий ч мөргөлдөөний улмаас газрын тос нийлүүлдэг томоохон компаниудын аз нь гийсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт барууны хориг арга хэмжээний эсрэг ОХУ газрын тосны хориг арга хэмжээ авсан. Тодруулбал, нийлүүлэлтээ 500 мянган баррелиар бууруулна гэдгээ мэдэгдсэн. Энэ нь газрын тосны салбарт жинхэнэ “галзуурлыг” бий болгох юм.

Дээрхийн жишгээр барууны хориг арга хэмжээ чангарсны улмаас улс орнуудын шатахууны хомсдол нэмэгдэж, тэр хэрээр үнэ нь өсөж, харин нийлүүлэгч компаниудад ашигтай нөхцөл байдал үүсэх юм.

Том компаниуд 1.4-2.3 дахин их ашиг олов

Газрын тос нийлүүлэгч компаниудын хамгийн их ашиг олсон компаниудыг доор танилцуулъя.

ExxonMobil: Компанийн 2022 оны орлого 1.4 дахин өсөж, 413.7 тэрбум ам.доллар болжээ. Тус компани секунд тутамд дунджаар 13.1 мянган ам.долларын орлого олсон байна. Ашиг нь 57.5 тэрбум ам.доллар болж, барууны газрын тосны салбарын түүхэнд дээд амжилт тогтоолоо.

Chevron: 2022 оны ашиг нь 2021 оноос 2.3 дахин нэмэгдлээ. Ингэснээр 35.5 тэрубум ам.долларт хүрсэн байна. Тэдний одоогийн ашиг нь 2011 онд тогтоосон өмнөх амжилтаас нь 36 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Хөрөнгө оруулагчдын тоо нь 75 хувиар нэмэгдсэнээр Америкаас олборлох газрын тосны хэмжээ нь өдөрт 1.2 сая баррельд хүрсэн байна.

Shell: Тэдний өнгөрсөн оны ашиг нь хоёр дахин өсөж, 40 тэрбум ам.долларт хүрэв. Жилийн орлогынх нь 40 гаруй хувийг шингэрүүлсэн байгалийн хийн орлого эзэлжээ. Улмаар нэгж хувьцааны ногдол ашгаа 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button