Б.Золжаргал: Нийгмийн эрүүл гишүүн байхын тулд өнгөрсөн дэх траумануудтайгаа нүүр тулах хэрэгтэй

Комедиан Б.Золжаргал гурван настайдаа гэр бүлийн хамт Польш улс руу шилжин суурьшжээ. Тэнд ЕБС-иа төгсөөд, ХБНГУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн байна. Харин цээжинд нь “Монголдоо л очиж амьдарна” гэсэн бодол хатаатай явсаар байж. Буцахынхаа өмнө Шанхайд нэг жил тэтгэлгээр суралцан, амьдрах боломж тохиоход “Монголчуудынхаа хятадуудад дургүй байдаг хандлагыг ойлгоё” гэж хүлээж авчээ. Улмаар Шанхайд амьдарч байх хугацаандаа UB Comedy-ийн залуустай анх танилцсан байна. Чингээд 2017 онд эх орондоо иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Гурван настайдаа Польш руу явсан ч Монголд өнгөрүүлсэн хүүхэд насны нандин дурсамж байдаг уу?
-Бий, бий. 11, 12 нас хүртлээ жил бүр Монголд ирдэг байсан. Манай аав Говь-Алтайнх, ээж Хөвсгөлийнх. Авга, нагацууд хөдөө байдаг тул үеэлүүдийн хамт зуныг, хөдөө өнгөрүүлдэг байлаа.
Гадаадад өссөн хүүхдүүд Монголыг зөвхөн хар зургаар л төсөөлдөг. Зарим нь эдийн засгийн шалтгаанаар харь орныг зорьсон байдаг, тэр шалтгаанаар ч эх орон руугаа буцалгүй үлддэг. Харин Монголдоо буцаж ирээд хулхидуулах, амьдралын нөхцөл таарахгүй байх шалтгаанаар эргээд яваад өгөх нь дийлэнх.
Миний хувьд Европд амьдрах бүрэн боломжтой ч эх орондоо, сурсан мэдсэнээ бүтээл болгож, нийгмийнхээ нэг хэсэг болон алхахыг илүүд үзсэн. Монгол хөгжиж буй орон учраас Европоос ч олон боломж бий гэж боддог. Европт амьдарч байгаад ирэхэд ирээдүйгээс өнгөрсөнд буцсан мэт дүр зураг ажиглагдах, улмаар эх оронд маань хөгжлийн ямар гарц байгааг илүү тодорхой харах боломжтой шүү.
-Тэгэхээр та Монголоос тийм ч хол өсөөгүй юм байна. Яагаад ч юм Монгол руу татаад байдаг тийм хүүхэд насны дурсамжийг тань сонирхсон юм?
-Үеэлүүдийн хамт хөдөө, хаданд тоглодог байснаа сайн санадаг. Мал бол хариулж үзээгүй. Нэрс түүдэг байсан. 2000 оны эхээр хөдөө шилэн сав ховор. Гэтэл би нэг шилэн савыг хадан дээр хагалж, хэрэг тарьж байсан. Түүнийгээ их сайн санадаг.
-Голчлон эх орон гэдэг сэдвийн тухай ярилцмаар санагдаж байна. Энэ үг магадгүй монголчуудад хуучинсаг, хоцрогдсон аясаар буудаг. Залуусын урсгал гадагшаа чиглэж байгаа өнөө үед буцаад ирэх сонголтыг цөөн хүн хийж байна. Ер нь таны энэ шийдвэрт бусад хүний нөлөөлөл байсан уу?
-Германд эх орон гэж хэллэг байхгүй, эцэг орон гэж ярьдаг. Польшид бас эцэг орон гэж хэлдэг. “Эх орон” гэдэг үгийг сонсоод энэ сэтгэлгээний ялгааг дурдмаар санагдлаа.
Монголд ирэхийн өмнө миний сэтгэхүй өөрөө зөв байсан гэж хэлж болно. Анхнаасаа л “Би дасах ёстой, таарах тохирохгүй зүйлс байх нь ойлгомжтой, гэхдээ суралцаж аваад дасан зохицох нь зүйтэй” гэдэг өнцгөөс хандсан. Амьдралын нөхцөл сайн Польшид юм уу, Германд амьдарч ирчхээд, “Энд бөөн утаатай юм”, “Нийтийн тээвэр ямар муу хөгжөө вэ” гэж харахаас илүү дасах нь л чухал шүү дээ. Би ийм сонголт хийсэндээ маш хангалуун байдаг. Миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж боддог.
Дийлэнх монголчууд намайг комеди, подкэстээр төсөөлдөг. Харин би Германд эзэмшсэн мэргэжлээрээ энд ажиллаж байгаа. Суралцсан мэргэжлээрээ, эх орондоо ажиллаж буйдаа аз жаргалтай явдаг.
Монголын нийгэм Европын орнуудтай харьцуулахад залуу. Тэнд дунджаас дээш насны хүмүүс хүн амынх нь дийлэнхийг эзэлдэг. Монгол хүний үүднээс харахад тэндхийн амьдрал бас уйтгартай. Жилийн дараа юу тохиолдох нь ойлгомжтой. Гэнэтийн юмтай учрах магадлал тун бага. Монголд эсрэгээрээ, залуу хүмүүс олон, дунджаас дээш насны хүн цөөн. Бизнес уулзалт хийж явахад өөрийн үеийн, эсвэл Z үеийн залуус олон тааралддаг. Маш эрч хүчтэй, хөдөлгөөнтэй нийгэм шүү дээ.
-Залуус олон байдаг нь ирээд харахад шууд контраст үүсгэж байсан уу?
-Тийм. Ид хөгжиж яваа орны нийгэм ийм залуу байдаг.
-Монголчуудын урд хөршдөө дургүй байдаг хандлагыг ойлгохын тулд Шанхайд нэг жил амьдарсан гэлээ. Энэ үзэл санааны хувьд гаргасан хүчтэй шийдвэр байсан мэт санагдаж байна. Тэнд юу ойлгосон бэ, Монгол-Хятадын харилцааны тухайд?
-Гадаадад буй монголчууд Монголын тухай бичлэг, нэвтрүүлэг үзэх их дуртай байдаг. Би завтай үедээ “Монгол тулгатны 100 эрхэм” зэрэг контент үздэг байсан. Тэдгээрээс харахад хятадууд Монгол руу дайрч орж ирээд эзэлнэ, манай үндэстнийг устгах гээд байна гэх мэт яриа сонсогдох нь элбэг. Дээхэн үед Монголд ирж байхад хятад хүний муу санаа монголчуудынхаас нэг дахин илүү гэж ярьж байхыг сонссон. Энэ бүхнийг өөрийн биеэр нягталъя, тэр соёлд амьдарч үзье гэж бодсон.
Мөн БНХАУ маш том эдийн засагтай, АНУ-тай ид өрсөлдөж байна. Иймд хэл, соёлтой нь танилцана гэдэг энэ утгаараа давуу тал болох мэт санагдсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн учраас надад ямар ч алдах зүйл байгаагүй. Мөн Шанхайд англи хэл дээр комеди хийдэг клуб байдгийг мэдсэн. Ийм учир хоббигоо ч хөгжүүлэх боломжтой юм байна гэж харсан.
Шанхай хот 28 сая хүн амтай. БНХАУ-ын хүн амын 70-80 хувь нь далайн эрэг хавьцаа амьдарч буй. Үүнийгээ дагаад эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл нь тэнд төвлөрдөг. Шанхай бол улсынхаа эдийн засаг, санхүүгийн төв. Харин би Хятадын тосгодоор явж үзээгүй, том хотод нь амьдарсан учраас бүрэн дүүрэн дүгнэлт хийхэд хэцүү. Гэхдээ хятадуудын тухай монголчуудын стереотипийг няцааж чадсан гэж хэлнэ.
Өөрөөр хэлбэл, Шанхайн хятад хүмүүс Монголыг ор мэдэхгүй, ирэх сонирхол ч байдаггүй юм билээ. Нэг жил амьдарсны хувьд би Шанхайн тухай ярих боломжтой л доо. Гэхдээ Увсад очингуутаа Монголыг төсөөлнө гэвэл учир дутагдалтай шүү дээ. Монголд хоёрхон долоо хоног аялчхаад “Миний Монгол” гэдэг ном хэвлүүлсэн Польш эмэгтэйг харж байлаа. Энэ арай л буруу санагдсан. Хоёр долоо хоног бол Монголыг танихад тун хангалтгүй хугацаа. Гэтэл Хятад үндэстнийг судалдаг Польш судлаач (Bogdan Goralczyk) нэгэнтээ “Би 30 жил БНХАУ-д амьдарч, судалж байна. Хятадын тухай ном бичнэ гэдэг хариуцлагатай ажил хэвээр” хэмээсэн байдаг.

-Та ер нас, насны үечлэлийг хэрхэн хардаг вэ. Амьдралын зорилгоо таньж мэдээд, түүнийхээ дагуу ажиллаж эхлэх нь хэдэн наснаас эхэлж төлөвшдөг гэж боддог вэ?
-Миний таньдаг, хүндэлдэг 50-иас дээш насны хүмүүсийг авч үзвэл төлөвшсөн мөртлөө төлөвшөөгүй байдаг. Хүн сониуч зангаа хадгалах маш чухал. Нэг ёсондоо хүүхэд шиг байх, жилдээ нэг шинэ зүйл сурах, шинэ газар луу аялах чухал гэж боддог. Харин туйлшрах дэмий.
Монголчууд “Нас намбандаа байх” гэж ярьдаг. Нэг талаараа тийм ч байж болох юм. 35, 40 нас хүрчхээд “Tse”-д үүр цайтал шоудах дэмий биз дээ. Би өчигдөр шоудсан л даа. Гэхдээ нас ахих хэрээр хүн шоудахаас илүү найзуудтайгаа хоол идээд ярилцаж суух илүү чухал болдог юм шиг байна. Мөн эрүүл мэнддээ анхаарах, долоо хоногтоо 3-4 удаа фитнесс хийх чухал санагдаж байгаа. Ер нь 30-аас дээш насандаа зөв хөгшрөх тал дээр анхаарч эхлэх хэрэгтэй, манай монголчууд. 20 настайдаа амьдралын хэвшилдээ анхаараагүй бол одоо 7-8 цагийн хангалттай нойр авах, бэлтгэл хийх, зөв хооллохын тулд хичээх хэрэгтэй.
-Амьдралын зорилго тодорхойлох тухайд?
-Би оюутан байхдаа хувь хүний хөгжлийн номууд их уншдаг байсан. Одоо бол больсон. Оюутан байхдаа нэг жилийн зорилго тавьдаг байсан, одоо бас больсон. Илүү одоо цагтаа амьдардаг болсон. Том зорилгууд мэдээж бий л дээ. Хэд хоногийн өмнө Мэри Кондо өөрөө минимализмаас татгалзсан тухайгаа дэлхий нийтэд мэдэгдлээ шүү дээ. Энэ нь тодорхой хатуу зорилго дор өөрийгөө түгжихээс илүү одоо цагтаа амьдрах нь чухлыг ойлгуулж буй шиг.
Скотт Адамс хэмээх миний дуртай зохиолч бий, комик бүтээдэг. Тэр АНУ-ын нэгэн корпорацад энгийн л нэг ажилтан байсан. Ажлынхаа хажуугаар комикоо бүтээж, өдгөө саятан болсон нэгэн. Одоо тэр ном бичихийн зэрэгцээ томоохон арга хэмжээнүүдэд илтгэл тавьж байгаа. Мань хүний философи минийхтэй нийцэж байгаа. Зорилгоос илүү систем чухал. 5 кг туръя гэж зорихоос илүү “Эрүүл хооллоё” гэж зорих нь зөв. Гоё биетэй болох биш тогтмол бэлтгэл хийх нь амжилтанд хүрэхэд илүү тус дөхөм болдог.
Гадаадад амьдардаг монголчуудын тодорхой хувь нь “Монголдоо буцаж ясаа тавина” гэж ярьдаг. Болохгүй гэх юмгүй л дээ. Гэхдээ энэ нийгэмтэй зэрэгцэн алхаж, гишүүн нь болж амьдрах гоё юм шиг санагддаг. Жишээлбэл, би нийгмийнхээ болон UB Comedy-ийн нэг хэсэг болж яваадаа их баярладаг. Талбайн жагсаалуудад оролцсондоо ч тун их баярладаг. Гадаадад байсан бол хий дэмий хараад л өнгөрнө шүү дээ.
Мөн Польшид сонгуульд оролцох боломжгүй байсан. Би Монголд ирээд анх удаа 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон, сайхан байсан. Гэхдээ энэ бодит ардчилал мөн эсэхийг бодох ёстой. Парламент дахь 76 суудлын 52 нь орон нутгаас сонгогддог. Гэвч санал өгөх эрхтэй иргэдийн 48 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тийм мөртлөө энэ хэсэг яагаад 24-хөн суудал сонгож байна вэ. Дөрвөн жилд нэг удаа өөрсдийн төлөөлөгчөө сонгож байгаа энэ хэлбэр яг сонгодог ардчилал биш шиг. Швейцарийн ардчилал яг Грекийн сонгодог ардчилалтай хамгийн ойр. Төлөөлөгч нь амласан зүйлийнхээ дагуу ажиллахгүй байвал сонгогчид нь шууд татан буулган эрхтэй байдаг. Мөн Швейцарийн иргэд тогтмол улс орны хөгжлийн асуудалд саналаа өгч байдаг. Манайд бол дөрвөн жилд нэг удаа УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөс өөр оролцоо алга, энэ нь ардчилал гэж томъёолоход учир дутагдалтай хэрэг. Мөн гадаад дахь монголчууд сонгуулиа өгөх боломжгүй. Үүнийг би ойлгодоггүй.
-Дээрх асуултуудаа холбоход, ер Монгол руугаа буцах нь бодож шийдсэн зорилго байв уу, эсвэл илүү сэтгэлийн татагдал байв уу?
-Сэтгэлийн хөөрөл байгаагүй. Буцна гэдгээ хэзээнээс л мэдэж байсан. Цээжинд маань “Би Монголдоо буцаж амьдарна даа” гэдэг үг үргэлж л байж ирсэн.
-Үүнийг хүний төлөвшилтэй холбож бодох ёстой юм шиг санагддаг. Сэтгэл зүйн асуудал ихтэй өссөн залуус маань түүнийхээ шийдлийг олохгүйгээр төөрч, дутуу зүйлсээ нөхөхийн тулд амьдралын томоохон шийдвэрүүдийг гаргаж, хандлагаа тодорхойлоод байх шиг. Энэ нь эх орныхоо үнэ цэнийг мэдрэхгүй байх чиглэлд хөтлөөд байдаг мэт санагддаг л даа. Танд жишээ нь сэтгэл зүйн асуудлууд хэр байсан бэ. Тулж ажиллахаар хичээж байсан үе бий юү?
-Байгаа. Намайг найман настай байхад ээж маань автомашины ослоор нас барсан. Үүний дээр би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Хойд ээжтэйгээ өсөж, том болсон. Мөн гадаадад арьс, өнгөний үзэл багагүй, түүнийг ч туулсан. Иймээс сэтгэл зүйн хувьд эрүүл хүн байхын тулд Польшид ЕБС-иа төгсчихөөд, сэтгэл зүйчтэй ажиллаж үзсэн. Мөн коллежийн ангийнхаа охины гэр бүлд гурван сар амьдарсан юм. Тэр гурван сар миний амьдралд маш их нөлөөлсөн. Тэдэнтэйгээ одоо хэр холбоотой, миний төрсөн аав, ээж шиг санагдаж явдаг. Учир нь эрүүл гэр бүлийн харилцаа ямар байдгийг би тэднээс харж, мэдэрч байлаа. Польшид “Залуудаа сураагүй юмаа хөгшрөөд ч сурахгүй” гэдэг зүйр үг бий. Эрүүл бус гэр бүлд өссөн хүүхэд эрүүл гэр бүл ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Гэтэл яг хайр давамгайлсан гэр бүлд амьдарч үзээд харьцуулна, тийм үү.
Ялангуяа 1990-ээд оны шилжилтийн үеийг бодож үзвэл олон монгол хүн төөрөлдөж, ахуйн асуудлаас болж архинд орох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хандлага бий болсон болов уу. Энэ ганц миний биш олон монгол залуусын сэтгэлд үлдсэн асуудал гэж бодож байна.
Түрүүнд дурдсанчлан, Польшид сургууль төгсөх үедээ сэтгэл зүйчтэй ажиллаж эхэлсэн. Монголд байхдаа мөн цар тахлын өмнө Польшийн нэг сэтгэл засалчтай долоо хоногт нэг удаа, дараа нь хоёр долоо хоногт нэг удаа уулзаж, ажилласан. Сүүлийн үед монголчууд токсик харилцаа, траума гэж их ярих болсон. Би өөрөө нийгмийн эрүүл гишүүн байхын тулд өнгөрсөн дэх траумануудтайгаа нүүр тулах л хэрэгтэй. Ходоодонд боловсрохгүй байгаа хоолыг гадагшлуулах ёстой. Тэгэхгүй бол өмхийрнө шүү дээ.
-Бусад залуустай харилцахад сэтгэл зүйн асуудалтай юм шиг санагдах нь хэр их вэ?
-Байдаг шүү.
Жишээ нь, токсик харилцааны асуудал Монголд их байгаа. Ганц бие, өрх толгойлсон ээж нар маш олон. Хүмүүс өөрсөд дээрээ ажиллаагүйгээс болж, гэр бүлийн асуудал үүсгэж байх шиг. Мөн бэлэн биш мөртлөө гэр бүл зохиож, хүүхэдтэй болж байна. Би монголчуудын уламжлалт гэрлэх ёслолыг судалъя гэж бодож байгаа. Эцэг эх нь нөгөө талаа таван удмаар нь шинжиж байгаад, хүүхдээ хэнтэй ханилахыг шууд шийддэг байсан. Одоогийн нийгэмд энэ харгис санагдах нь мэдээж. Гэхдээ хосуудын хамгийн урт удаан амьдрах боломжийг энэ шийдэл бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Урьдчилж тохирсон, зохицуулж өгсөн гэрлэлтийн дараа хосууд насаараа, жаргалтай амьдрах магадлал хамаагүй өндөр гэж бичсэн байхыг уншсан. Хоёр биенээ огт танихгүй байсан ч дараа нь дасаж, дараа нь дурлаж эхэлдэг жишээг тухайн судалгаанд дурдсан байсан л даа.
Б.Цэнгэл бид хоёр “Кекс” подкэст хийдгийг мэднэ байх. Үүгээр дамжуулж, олон нийтэд бэлгийн боловсролыг нээлттэй, хөгжилтэй байдлаар хүргэхийг зорьсон. Энэ бол дээр ярьсан сэдвийн хүрээнд хийхийг хүссэн миний нэг ажил. Үр дүнд хүрч байгаа эсэхийг мэдэхгүй ч зөв мессеж өгөхийг хичээж байгаа.
Мөн хосууд бие биенийхээ орон зай, хил хязгаарыг хүндэлдэг байх хэрэгтэй юм билээ. Харилцааны тухай асуудлыг цахим орчинд нээлттэй мэдээлээд л байх нь их тохиромжгүй. Нандин харилцаагаа, эсвэл гэр бүлийнхээ маргааныг тэгж ил задгай мэдэгдэх нь миний хувьд хамгийн токсик зүйлсийн нэг. Мөн амьдралынхаа тухай детальчилсан влог хийх нь дэмий санагддаг, миний хувийн л үзэл бодол шүү. Ер нь харилцаанд юуг зөвшөөрөх, юуг эс зөвшөөрөхөө нээлттэй ярилцаж, ойлголцох ёстой болов уу.

-Өдгөө Монголд яг өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо тодорхойлох буюу баруун, зүүний үзэл баримтлалын асуудал тулгамдаад байна л даа. Өнгөрсөн 30 жилээ шинээр харах шаардлага үүссэн. Дэлхийд бол нийгмийн чиг баримжаатай зохицуулалт моодонд орж байна. Тан шиг барууны оронд суралцаж ирсэн залуус социализмын үеийг идэвхийлэн буруушааж, чөлөөт эдийн засгийг хэт туйлшран дэмждэг шиг санагддаг юм?
-Олон өнцгөөс тайлбарлах боломжтой юм шиг санагдаж байна. Социализмын үед монголчууд үйлдвэрлэлээ асар сайн хөгжүүлсэн, бүтээгдэхүүн экспортлох хэмжээнд хөгжсөн байсан. Өнөөдөр уул уурхайн түүхий эдийг боловсруулалгүй экспортолж буй хэлбэр дээр л голчлон суурилж байгаа шүү дээ.
Баруунд амьдраад... Барууны орнууд капитализмаас эргээд социализм руугаа чиглэж байгаа нь харагдаж байна, үнэн. Улс төрийн хувьд авч үзэхэд, баруун, зүүн, төвийн үзэл өөрөө хуучирчихсан. Баруун, зүүн, төв бүгд хоорондоо холилдчихсон. Үүний дээр онол болон бодит амьдрал гэдэг өөр, өөр зүйл. Би оюутан байхдаа либертари эдийн засгийн номууд уншаад, төгс эдийн засгийн шийдэл юм гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл төрийн оролцоо аль болох хамгийн бага байхыг зөв гэж харсан. Гэхдээ он жил өнгөрөх хэрээр, бодит байдлыг авч үзвэл энэ хэзээ ч биелшгүй зүйл юм байна. Өөрөөр хэлбэл, онолдож болно, харин үр дүнг нь түүхээс харж, таамаглах ёстой. Би Монголыг Швейцарь шиг ардчилалтай, Эстони шиг цахимжсан, Израиль шиг хагас цэрэгжсэн орон болоосой гэж хүсэж болно. Гэвч Монголын гэсэн, нөлөөлж болон өөрчилж болшгүй өөр олон хүчин зүйлс байгаа шүү дээ. Бодит байдалд суурилсан сэтгэхүй л чухал гэж бодож байна. Мөн эдийн засгийн хүчин зүйл улс төрд шууд нөлөөлдөг.
-Одоо хоёул комедигийн талаар ярилцъя. Үүнээсээ өмнө, “Ер нь монголчуудын дунд тархи угаалтад автдаг байдал хэр анзаарагддаг вэ” гэж асууя?
-Миний хувьд аливаа мэдээллийг хүлээж аваад “Үнэн үү”, “Надаас яг юу хүсээд байна” гэж асуух, нягтлахыг хичээдэг. Өөртөө бол тархи угаалтад автахгүй байхыг их хичээдэг гэсэн үг. Харин манай монголчууд их өртдөг. Хятадууд, Өмнөд Солонгосчууд гэх мэт гадаадын ард түмэн ч үүнд нөлөөлж байгаа. Би Монголд ирээд солонгос “хэл”-тэй болсон. Улаанбаатарт монголоос илүү солонгос хоолны газар илүү олон. Энэ бол сүүлийн 25 жилд хийсэн солонгосчуудын тархи угаалт. Та Жежү арал руу явахыг хүсдэг үү?
-Үгүй.
-Дийлэнх монголчууд хүсдэг болов уу?
-Мэдээж.
-Энэ бол зөөлөн хүчний бодлогоор Монголд олон ангит кино, хөгжмөөр дамжуулж өөрсдийн соёлоо нутагшуулж буй хэлбэр. Солонгос үсний засалт, солонгос хоол гэх мэт. Соёлоо нутагшуулах хэлбэрээр өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж буй. Холливүүдийн нэг кино нэг сая Hyundai автомашин борлуулсны адил ашиг олж байгааг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч анзаараад, энэ чиглэлд ажиллаж эхэлсэн гэдэг. Гэхдээ эхлээд Монгол мэт хөгжиж буй орнуудад анхаарсан. Одоо л хөгжингүй орнуудад нэвтэрч эхэлж байна.
-Гадаадаас дотогш чиглэсэн “тархи угаалт”-аас илүү өөрсдөө анзаардаггүй, хэт туйлширсан нийтлэг стеоротипүүд юу байдаг вэ?
-Их энгийн зүйлүүдээр жишээ авч болох байх. Дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авахдаа л орц, найрлагыг нь уншдаг болох хэрэгтэй. Монголчууд зарим будааг Япон гэж боддог ч яг шошгыг нь уншвал Хятадынх байх жишээтэй. Ийм энгийн зүйлсээс эхэлж гэмээнэ сэтгэлгээний асуудлууд руу орох байх л даа. Ер нь аливааг уншиж, сонсоод “Энэ яг үнэн үү” гэж бодох, илүү хэрсүү байх хэрэгтэй санагддаг.
-Та Монголд ирэхээсээ өмнө комедид татагдсан юм байна. Хобби гэж нэрлэсэн. Үүнээс яг ямар кайф авдаг вэ?
-Өөрөө инээнэ. Тэгээд хүүхэд шиг байх, бүтээлч байх, тодорхой хэмжээнд “элийрэх” боломж олддог нь сайхан. 19, 20 настай байхдаа сэтгэл зүйчтэй ажилласны дараа өөрийгөө нээж эхэлсэн. Нэлээд дотогшоо, дуугүй хүүхэд байсан ч сониуч зантай нэгэн байлаа. Сэтгэл зүйчтэй ажиллаад харилцаанд өөрийгөө нээх, шинийг туршиж үзэх сонирхолтой болсон. Ингээд комеди клубт орж, дараа нь стэнд-ап комедиг оролдож эхэлсэн юм.
Стэнд-ап комедигийн онцлог нь тайзан дээр гарсан анхны удаадаа гоё дурсамж бүтээж чадвал цааш үргэлжлүүлэх эрмэлзэл төрдөг. Англи хэл дээр, огт танихгүй хүмүүсийг 5 минут инээлгэж болж байгааг мэдээд өөртөө шинэ ертөнцийг нээх мэт санагдсан.
Би амархан зүйлд дургүй. Стэнд-ап комеди асар хэцүү урлаг учраас, татагдсан шалтгаануудын маань нэг энэ. Мөн хүмүүсийг инээлгэхээс гадна хувийн үзэл бодол, ертөнцөө илэрхийлэх боломжтой. Ихэнхдээ өөрөө жүжигчин нь, найруулагч нь, зохиолч нь болох шаардлагатай болдог ч онцлогтой.
-Тэр хэрээр бүтээлч үйл ажиллагаа их шаардах нь ээ. Хэцүү тусмаа татагдсан гэсэн нь анхаарал татлаа?
-Тийм шүү. Мөн нийтлэг нэг буруу ойлголт байдаг. Дуун дээр ярихад, дуучин нь өөрөө ая, үгийг нь зохиосон юм шиг төсөөлдөг. Харин өнөөдөр Youtube-ээс бичлэг үзэхэд дууны ая, үгийн зохиогчоос гадна продюсерын мэдээллийг нээлттэй бичдэг болсон байгаа. Дуучин дууг амилуулдаг ч дийлэнх тохиолдолд өөрсдөө зохиодоггүй. Харин стэнд-ап комеди хийхэд жүжигчин өөрөө зохиолоо бичдэгээрээ ялгаатай.
Сүүлийн үед “Дайралцаан”-ыг чанартай бүтээл болгохын тулд зохиолын баг ажиллаж байгаа.
-Та өөрийнхөө юуг эвдэх шаардлагатай болсон бэ?
-Дотогшоо хүн учир олны өмнө гарах айдас бий. Одоо ч тэр айдас байгаа хэвээр, гэхдээ бага багаар багасаж буй. Тэр айдас хэзээ ч арилахгүй, харин тайзан дээр гарах бүрд хуримтлуулж буй туршлагаараа сайжрах боломжтой. Хоёрдугаарт, олон хүний өмнө ярьж сурч байгаа. Тухайн моментод сэтгэж, joke хэлэх чадвар нэмэгддэг. Мөн контент, нэвтрүүлэгт оролцохдоо нээлттэй, хөгжилтэй байж сурч байгаа. Central TV-д Daily Show нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж байгаа.
-“Дайралцаан”-ы шинэ хийц сонирхолтой санагдлаа. Зохиолчдын багт хэн, хэн ажиллаж байгаа вэ?
-Манай UB Comedy-гээс “Дайралцаан”-ыг хийгээд бараг гурван жил болж байгаа байх аа. Анх Дайралцаан Joke Wrestling нэртэй байсан. Санааг Батаа бид хоёр хамтдаа олж хийсэн. Энэ форматаар явж байгаад ноднин жилийн цагаан сарын үеэр арай өөр байдлаар хийе гэж шийдэцгээсэн л дээ. Өөрөөр хэлбэл, Comedy Central-ийн Roast шоуны хэлбэрийг туршихаар болсон. Хоорондоо Battle хийхгүй ч оролцогчдыг нэг нэгээр нь “шарна” гэсэн үг. Энэ хэлбэр үзэгчдэд түлхүү хүрч чадсан гэж бодож байгаа. Саяхан 2022 оны шилдэг контентоор манай “Дайралцаан” шалгарсан учраас их баяртай байна.
Одоо “Дайралцаан” IPTV-гийн төлбөртэй контент болсон учраас илүү чанартай байх ёстой. Ийм учраас зохиолчдын баг ажиллаж байгаа. Баг оролцогчдод joke бичиж өгдөг. Би өмнөх хоёр дугаарт зохиолчдын багт орж ажилласан. Сүүлийнхэд нь өөрөө оролцсон. Зохиолчдын багаас өөр нэр нэрлэвэл, Бааска удирдаад, Мөнхбат, Ravioli, болон Clap Comedy Club-ийн Буяка, Хосоо, Санаа, Баясаа гээд залуус бий.
-Ингэхээр контентын чанар үнэхээр сайжирч байна уу, зарим нэг сул тал гарч байна уу?
-Үүнийг үзэгчид өөр, өөрсдийнхөөрөө дүгнэх байх. Үзэгч бүрийн хувьд “Дайралцаан”-ы дугаарууд олон янзаар хүрсэн байдаг. Бидний хувьд тултал нь хичээсэн, ажил хийсэн, үүндээ их сэтгэл хангалуун яваа.
-Ер нь стэнд-ап комеди хүмүүсийг инээлгэхдээ гол байдаг уу. Эсвэл ямар нэг шинэ санаа сэдэл, үзэл бодлыг мэдрүүлэх нь чухал уу?
-Инээлгэх нь. Та юу ч ярьж болно. Гол нь хүмүүс инээж байх ёстой. Гэхдээ хувь комедиан юу хэлмээр байна, түүнийгээ илэрхийлэх нь нээлттэй. Тэгэхээр ямар мессеж өгөх нь тухайн комедианаас шалтгаална. Мессеж өгч ч болно, өгөхгүй байсан ч болно.
-Дэлгэцийн ардаас зарим комеди шоуг үзэхэд хүмүүс хүчээр инээгээд байгаа ч юм шиг санагддаг. Чин сэтгэлээсээ инээж байгаа нь тайзан дээрээс ялгарч харагддаг уу?
-Комедиг яг үзэгчийн суудлаас үзэхэд бодитой мэдрэмж төрнө. Комеди бол амьд харилцаа. NBA-ийн тоглолтыг стадионоос очиж үзэхэд шал өөр дурсамж бүтээдэгтэй адил.

-Одоо та өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллаж байгаа. Гэхдээ энтертайнмент чиглэлийн карьер нь илүү хүчтэй болсоор байна. Зэрэгцүүлэхэд цаг зав нь хүрэлцэж байна уу. Цаашид аль нэгийг нь сонгох бодол бий юу?
-Ажилдаа илүү төвлөрч ажиллана гэж бодож байгаа. Комеди бол миний хобби, би насан туршдаа хийнэ. Гэхдээ ам руу маань хоол хийж буй үндсэн зүйл бол комеди биш. Урлаг гэдэг үүднээс хайртай учраас мөнгө олох хэрэгслээс илүү урлаг, хобби талаас нь харж явдаг. Иймд цаашид хобби байдлаар хадгалж, өөрийнхөө хэмжээнд хөгжөөд явъя гэж бодож байгаа. Өмнө нь хүмүүст сайн хүргэхийн тулд хичээдэг байсан бол одоо больсон, энэ нь өөрийгөө нэг их чөлөөлчихсөн юм шиг санагдаж байгаа. Өөрөөр хэлбэл комедигийн хүрээнд болон Монголын энтертайнмент салбарт том зорилго тавихгүй байгаа. Олон хүнд танигдах хүсэлгүй болсон.
-Олон хүн таних хэрээр тавгүй мэдрэмж төрдөг үү. Одоо таныг гудамжинд таних хүн улам олон болсоор байгаа гэж харж байна?
-Сайн ч талтай, муу ч талтай юм даа. Үүнийхээ хариуцлагыг өөр дээрээ бүрэн хүлээж авдаг. 2022 онд Твиттерт миний нэр “Шалтгаангүйгээр үзэн яддаг олны танилууд” жагсаалтад багтсан байсан. Хараад, өөрөөрөө жаахан бахархсан /Инээв/.
Олны анхаарлын төвд байх дургүй байна. Энэ бол миний өөрийн сонголтоор хийж буй зүйлийн нэг үр дагавар юм л даа, яах ч аргагүй. Би “альтернатив” Отгоо эгч шиг хувийн амьдрал нь нууц мөртлөө уран бүтээлээ тогтмол хийдэг нэгэн байхыг хүсдэг.
-Та Монголын нийгмийн нэг гишүүн байх нь гоё гэж түрүүнд хэлж байсан. Нийгмийн хөгжилд яг өөрийн оруулах хувь нэмрийг юу гэж хардаг вэ. Энэ комеди юу. Эсвэл ирээдүйд улс төрд орох, бизнесийн салбарт хүч үзэх гэхчлэн өөр оролцоог төсөөлж байгаа юу?
-Улс төр лүү хэзээ ч орохгүй. Харин хөгжлийн тухайд өөрийн үзэл бодол болон уншсан, мэдсэн зүйлээ, байр сууриа нээлттэй илэрхийлж явдаг. Гадаадад олон жил амьдарлаа, Монголдоо ч хөөрхөн удаж байна. Үүнээс үзэхэд, гадагшаа явахын тулд сайн судалж, бэлдэх хэрэгтэйг л залуустаа зөвлөмөөр байна. Мөн заавал гадагшаа явахгүйгээр эндээ гадаадын их сургуулиудад суралцаж, боловсрол эзэмшиж, бүр ажиллаж болдог болсныг бодолцоосой.
-Ер нь Монголдоо амьдрахын юу нь сайхан байна вэ?
-Төрөлх соёлынхоо дунд, төрөлх хэлээрээ би ярьж байна. Польшид би польшоор цэвэр ярих ч хүмүүс “Чи хаанахынх вэ. Япон уу, Солонгос уу” гэдэг. Харин Монголдоо би монгол төрхөөрөө шууд л уусчихаж байгаа шүү дээ. Гадагшаа явж үзээд л хүн эх орноо хайрлаж эхэлдэг байх. Огт гадаад явж үзээгүй хүмүүс харийн оронд тодорхой хугацаанд ажиллаж, амьдраад үзчихвэл бүх талаараа хөгжих болов уу гэж боддог. Төрөлх чанар гэдэг хамгийн сайхан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.