Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлал: А-гаас Я хүртэл...

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний Москвад хийх гурав хоногийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлалаар хэлэлцэх асуудлууд, анхаарал татаж байгаа сэдвүүдийн талаар хэвлэлээр гарч буй мэдээллийг тоймлон хүргэж байна.  

А-Ши Жиньпиний хилийн чанад дахь Анхны айлчлал, В.Путинтай хийх 40 дэх уулзалт

Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээсээ хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байна. Кремлиэс гаргасан албан мэдэгдэлд жижүүрийн мэдэгдлээс гадна “Олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх талаар санал солилцоно” гэсэн нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, хоёр улс одоо барьж буй, олон улсын хамтын нийгэмлэгүүд дээр болж буй санал хураалтад нэг, нэгнийхээ байр суурийг дэмжихээс илүү гүнзгий хамтарч ажиллах нь гэсэн төсөөллийг энэ мэдэгдэл өгч буй.

Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн анхны айлчлал дээр харилцааг “Улам гүнзгийрүүлж хөгжүүлэх” шинэ зорилт дэвшигдсэн нь өмнөх түүхтэй холбоотойгоор илүү ач холбогдол өгч, бодитой үнэлэхэд хүргэж байгаа юм. Тодруулбал, Ши Жиньпин 2013 онд бүрэн эрхээ хүлээж авсны дараах анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж, хамтын ажиллагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцсан бөгөөд түүнээс хойш хоёр удирдагч нийтдээ 39 удаа уулзсэн байдаг аж. Их гүрний удирдагчид дундажлаад үзэхэд жилд дөрвөн удаа уулзана гэдэг Москва-Бээжингийн харилцаа ямар түвшинд байсныг харуулах нэг үзүүлэлт. Гэтэл одоо Москвад болох  40 дэхь уулзалтаар илүү нягтрах асуудал ярих гэж байна.

Б-Барууныхны өнцөг

Ши Жиньпин, В.Путины уулзалтыг барууны хэвлэлүүдэд олон янзаар бичиж байгаа ч ихэнх нь “Бээжин барууныханд анхааруулга өгч байгаа хэрэг” буюу “Вашингтон Москва болон Бээжинтэй харилцахдаа давхар стандарт барьж, шударга бус хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харуулах гэсэн үйлдэл” гэсэн өнцгийг голложээ. Өөрөөр хэлбэл, Бээжин ОХУ-ыг дэмжинэ гэж сүрдүүлэх замаар Тайванийг Вашингтоны зэр зэвсгийн тусламжаас тасалж үлдэх зорилго агуулж байгаа гэнэ. Гэхдээ сүрдүүлэг нь хоосон биш, бодит үйлдэлтэй байна. Тэр нь Барууны хоригийг зөөллөх боломжийг Москвад олгох замаар илэрнэ гэж тааж байна.  

Том зургаар нь харвал, БНХАУ олон улсын тавцанд АНУ гол тоглогч байж, шударга, шударга бус нь хамаагүй өөрт илүү ашигтай “дүрэм тогтоодог” байдалтай хийх тэмцлийн нэг талбар нь ОХУ гэнэ. Ши Жиньпин хоёр жил гаруй гадаад томилолтгүй байж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард ШХАБ-ын уулзалтад оролцохдоо л Казахстан, Узбекистанд айлчилсан. Түүнээс хойш Индонези, Таиланд /Вашингтон БНХАУ-ын эсрэг турхирахыг оролддог улсууд/, Саудын Арабад айлчилсан. Ойрхи Дорнодын хамгийн том өрсөлдөгчид /бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө өрсөлддөг/ болох Саудын Араб Иран улс 2016 онд тасалсан дипломат харилцаагаа Бээжингийн зуучлалтайгаар хэдхэн хоногийн өмнө сэргээсэн нь энэ бүс нутагт АНУ-ын нөлөө суларч буйг харуулах том жишээ болсон юм.

Израиль бүс нутагтаа Вашингтоны дэмжлэгтэйгээр Ираны эсрэг эвсэл байгуулах санаархалд цохилт өгсөн гэдгээрээ энэ үйл явдал олон улсын тавцан дахь БНХАУ-ын байр суурийг гойд бэхжүүлсэн цаг үед Ши Жиньпин Москвад айлчилж байна.    

О-ОХУ-ын нөхцөл байдал нь горьдлого   

ОХУ-ын хувьд айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа ч бүрэн биелэх магадлал бага гэж дотоодын шинжээчид нь бичиж байгаа нь сонин. ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаанаас зэвсгийн тусламж хүсэж байгаа, энэ нь хоёул биелэх боломжтой. Айлчлалыг угтаж хийсэн В.Путины мэдэгдэлд “ОХУ-БНХАУ-ын худалдааны нийт эргэлт 2022 онд хоёр дахин нэмэгдэж 185 тэрбум ам.долларт хүрсэн. 2024 онд 200 тэрбумд хүргэх зорилт тавьсан ч энэ онд багтаж биелэх нь тодорхой болоод байна” гэсэн нь ч үүнийг батална.

Гэхдээ зэр зэвсгийн тал дээр бол биелэх магадлал бага, учир нь гэвэл хариуд нь Бээжин Москвад 1991 оны анхны яриа хэлэлцээрүүдийг хүчингүй болгож шинээр эхлүүлэх гэх мэт хүлээж авамгүй саналууд бэлдсэн гэж зарим шинжээч бичсэн нь маш их анхаарал татаж байна. Бээжин ихийг өгөх тусам илүү ихийг авна гэх ийм санааг тухайлбал, Оросын Шинжлэх Ухааны Академийн Хятад ба орчин үеийн Азийн хүрээлэнгийн судлаач Владимир Портяков илэрхийлжээ. Түүнийхээр бол Ши Жиньпиний айлчлалаар хоёр тал хоёул хүлээн зөвшөөрөхүйц, боломжтой асуудлуудыг л сайн ярих нь гол болохоос хий горьдлого тавин том асуудлууд руу орох нь цаг алдсан хэрэг болох гэнэ.

Эндээс харахад, энэ мэдээллийн Б үсгэнд бичсэн "Бээжин АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх, тулган хүлээлгэх гэж зүтгэж буй" үйлдлээ ОХУ дээр ч давхар хэрэгжүүлж буй байдал харагдана. Тодруулбал, Бээжин ОХУ-аас хүсэх зүйлд нь нөлөөний бүс ч орж байж мэдэх сэжүүр тэмтрэгдэх аж.

У-Украинчууд БНХАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлнэ гэж хардаж байна

Украины хэвлэлээр гарч буй мэдээллүүдийг үзвэл, тус улс Бээжинг ОХУ-д ямар ч байсан тусална, эдийн засгийн хувьд, хоригийг үр дүнгүй болгох арга зам, зэвсэг нийлүүлэлт дээр ч хамтарна гэж хардаж байна.  

Я-Цаашдаа Яах вэ

БНХАУ Украинд энх тайван байдлыг сэргээн тогтоох асуудлаар 12 зүйл бүхий төлөвлөгөө гаргасан. Энэ төвлөгөө нь баруунд “ОХУ-ын талыг барьсан” гэж шүүмжлүүлж буй. ОХУ дэмжинэ гэдгээ мэдэгдсэн ч барууныхан хүлээн зөвшөөрнө гэж итгэхгүй байгаа юм. Ерөнхийлөгч В.Путин саяхны нэгэн мэдэгдэлдээ “Украины дайн бол барууныхны хувьд одоо тогтож буй, өөрсдөд нь ашигтай нэг туйлт тогтолцоог хадгалах, улам бэхжүүлэхийн тулд хийж буй олон ажлынх нь зөвхөн нэг нь юм” гэсэн мэдэгдлээс харагдана. Түүний мэдэгдлээс харахад, Украины дайн нь системийн дайн тул намжиж болох ч өөр ямар нэгэн байдлаар үргэлжилсээр байна гэдгийг харуулна. Энэ нь Москва, Бээжин хоёр одоохондоо илүү нягт хамтрах хамгийн том шалтгаан юм. Магад, олон жижиг улын хувь заяа энд хөндөгдөнө.

Шинжээчдийн бичсэнээс үзвэл, үүнээс цаашихыг харах бололцоо үнэндээ хомс байгаа аж.

Зэвсэг нийлүүлэх тухайд, eguur.mn өмнө нь хөндөж байсныг эндээс уншина уу.

  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-20 14:00

Хятадууд Оросуудын дунд монгол яах вэ

Зочин
Зочин
2023-03-20 14:52
Reply to  Зочин

Яах ч үгүй, Амар тайван, аз жарг�##�тай амьдарцгаана

Холбоотой мэдээ

Back to top button