Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Холбоотон ил гарах уу: БНХАУ-аас ОХУ-ыг дэмжих хувилбарууд

Украинд өрнөж буй дайныг зогсохгүй, харин ч шатлан өргөжинө гэдэгт шинжээчид таамаг нэгдэж байгаа билээ. Тэгвэл монголчуудыг сар шинийн баяр тэмдэглэж байх зуурт энэ таамгийг бататгах олон чухал үйл явдлууд боллоо.

Барууны талаас, нэгд, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 20-ны өдөр Украинд гэнэтийн айлчлал хийсэн. Өндөр нууцлал дор явагдсан энэ айлчлал нь АНУ Киевийг тууштай дэмжих баталгаа бөгөөд Украины хувьд хөрөнгө санхүү, зэр зэвсгээр дутагдаж гачигдахын зовлон үгүй гэдгийг дайсанд нь харуулсан явдал байв.

Хоёрт, байлдааны ажиллагаа өрнөх магадлалтай дараагийн улсын талаар яригдаж эхэлсэн. Тодруулбал, АНУ, ХБНГУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Польшийн нутагт хээрийн сургуулилт явуулах асуудал одоо ид яригдаж байна. Польш бол УАЦЭ-ийн зүүн хил хязгаар бөгөөд ОХУ Польш руу халдан довтлох нь УАЦЭ-тэй халз тулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дайн жинхэнэ утгаараа эхлэх юм.    

ОХУ-ын хувьд, цөмийн бус зэвсгийн тал дээр холбоотнуудаасаа, тусмаа БНХАУ-аас дэмжлэг авах хувилбар руу шилжих магадлал нэмэгдсэн. Хэдийгээр БНХАУ, ОХУ хоёул үгүйсгэж буй ч Жо Байденыг Киевт айлчилж, Маринскийн ордонд В.Зеленськийтэй уулзсан яг тэр үе буюу найм хоногийн өмнөөс барууны хэвлэлүүд энэ сэдвийг эрчимтэй хөндөж эхэлсэн юм.

ОХУ, БНХАУ бодлогын түвшинд нэгэндээ үзүүлж байсан дэмжлэгээ илүү бодит болгох, өөрөөр хэлбэл, зэвсгийн тусламж үзүүлэх боломж үнэхээр байгаа юу гэдэгт шинжээчдийн өгч буй хариултуудыг харвал “Тийм” гэсэн хариулт давамгайлж байна. Зэр зэвсэг нийлүүлдэггүй юм гэхэд дэмжих өөр олон арга байгааг тэд бичиж байгаа юм. Үүний тулд БНХАУ ил гарах ч шаардлагагүй бөгөөд АНУ тэргүүтэй барууны улсуудын Украинд хэрэгжүүлж буй аргыг хуулбарлах, илүү боловсронгуй болгоход л болох гэнэ.

Хоёр хөрш нэгэндээ дэмжлэг үзүүлэх ямар, ямар арга байгааг харж үзье.

-Шууд туслах-

БНХАУ, ОХУ нь тусгаар тогтносон бүрэн эрхт улсууд бөгөөд цэрэг-техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь хэн нэгний зөвшөөрөл шаардлагагүй. Шинжээчдийн үзэж байгаагаар, ОХУ-д төрийн эргэлт гарч, В.Путин унавал оронд нь барууны утсан хүүхэлдэй гарч ирэх магадлал өндөр бөгөөд энэ хүн ОХУ-ыг задлах, БНХАУ-тай дайсагнах бодлого барих магадлал өндөр тул Бээжин одоо тогтож буй дэглэмийг өөрчлөх, цэрэг улс төрийн хувьд ноцтой ялагдал хүлээлгэх сонирхолгүй.

Хэрвээ тийм зүйл болбол барууныхан ОХУ-ыг Хятадын эсрэг тавьж, нэг ёсны одоогийн Украин шиг ашиглахыг хичээнэ гэдгийг Москва ч, Бээжин ч ойлгож байгаа. Тиймээс, хэдий одоохондоо үгүйсгэж байгаа ч цаашдаа дэмжих нь тодорхой гэдэгт шинжээчдийн дийлэнх нь санал нэгдэж байна. Хэлбэрийн хувьд шууд туслахаас зайлсхийж болно гэдгийг тэд мөн хүлээн зөвшөөрч, хувилбарууд дэвшүүлж байгаа юм. Тэдгээр хувилбаруудыг нь харъя.

  • Дам байдлаар зэвсэг нийлүүлэх

Гадаад харилцааны сайдын албанаас буусан ч ХКН-ын Гадаад харилцааны комиссын дарга хэмээх албанд очиж, жинхэнэ эрх мэдлийг атгасан хэвээр буй Ван И хэдхэн хоногийн өмнө АНУ болон түүний холбоотон улсуудыг “Украиныг зэвсэглэхдээ давхар стандарт баримталж байна” хэмээн хурцаар шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, дайныг зогсооно гэж амаараа ярих атлаа үйлдлээрээ улам даамжуруулж байна гэсэн шүүмжлэлээ илүү хурцаар гаргаж тавьсан юм.

Үүнийг барууны  шинжээчид маш соргогоор хүлээж авч, Бээжин өөрсдөө энэ аргыг хэрэглэх нь хэмээн шууд хардсан. Учир нь, аливаа хоригийг тойрох тал дээр БНХАУ АНУ-аас хол тасарсан гэдгийг тэд тэмдэглэж байгаа юм.   

Европын улсууд оронд нь АНУ-аас илүү орчин үеийн зэвсэглэл авна гэж найдан хуучин зэвсгээ Украин руу нийлүүлж байгаа. АНУ жишээ нь, яг одоо Норвегиос сөнөөгч онгоцуудыг нь Украинд өгүүлж, оронд нь илүү орчин үеийн сөнөөгч онгоцууд өгнө гэж амлаж буй.

Тэгвэл Бээжин ч ингэж чадна.

VT-4 танк

Батлан хамгаалахын чиглэлээр дагнан бичдэг АНУ-ын “Military Watch Magazine” сэтгүүл БНХАУ VT-4 танк, HQ-9 агаарын довтолгооноос хамгаалах системийг Иранд нийлүүлж, хариуд нь Тегеран Москвад Т-72В танк, С-300 агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ шилжүүлэх боломжтой гэж бичжээ. Хятадуудыг Иранд зэвсгээ зарахыг хэн ч хориглох эрхгүй бөгөөд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тухайд,  Орост зарим зэвсэг, сумаа шилжүүлэхэд барууны хориг арга хэмжээний хувьд юу ч алдахгүй.

VT-4 (зураг дээр) нь 51 тонн жинтэй, 125 мм-ийн сумтай буу, 5000 м хүртэлх тусгалтай пуужин, 12.7 мм-ийн зенитийн, 7.62 мм-ийн пулеметоор тоноглосон Хятадын экспортын гол байлдааны танк юм. Тайланд, Нигерид нийлүүлдэг энэ танкаа хятададууд өөрсдөө Оросын Т-90МС-ийн шууд өрсөлдөгч гэж өргөмжилдөг юм.

Харин Ираны ОХУ-д нийлүүлэх боломжтой 72Z төрлийн танкуудын тухайд, хүчирхэг хөдөлгүүр, найдвартай хуяг, 105 миллиметрийн их буу, сайжруулсан галын хяналтын системээр тоноглосон, Ойрхи Дорнод, Африкийн бусад орнуудад одоо ч эрэлт хэрэгцээтэй байгаа хүчирхэг эд юм.

АДЭХС-ийн тухайд, БНХАУ-ын HQ-9 нь Оросын С-300 агаарын довтолгооноос хамгаалах системийн хуулбар юм. 250-300 километрийн радиус дахь агаарын байг онох чадвартай.

Бээжин Москвад зэвсэг нийлүүлүүлж чадах өөр нэг улсаар БНАСАУ, Беларусь тооцогдож байна.

  • Шошго өөрчлөх

Бээжингээс ОХУ-ыг зэвсэглэх өөр нэг арга нь шошго өөрчлөх явдал юм. Жишээ нь, тэд холбоотон улсынхаа аль нэг давуу талыг өөрийн давуу талтай хослуулж тухайн улсад үйлдвэрлэсэн болгоод ОХУ-д нийлүүлж болно. Үүний тод жишээ нь Беларусьтай хамтарч хийсэн “Polonaise MLRS” юм. АНУ HIMARS-тай ижил зориулалттай энэ зэвсгийн явах эд анги нь Беларусийнх боловч пуужингууд нь БНХАУ-ынх юм.

Дашрамд, ОХУ-ын Зэвсэгт хүчин эдгээр MLRS-ийг Беларусьтай хамтарсан сургуулилтын үеэр эзэмшээд эхэлчихсэн. Тэгэхээр, Бээжин энэ хувилбараар явахаар шийдсэн бол тун удахгүй Беларусь улс нисгэгчгүй онгоц, их бууны систем, сум гэх мэт БНХАУ-ын лицензтэй үйлдвэрүүдийг эзэмшиж, үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /II.27/ Беларусь, Хятадын аж үйлдвэрийн "Их чулуу" /Великий камень/ паркт ОХУ-ыг нэгтгэж, гурван улс аж үйлдвэрийн тал дээр нэгмэл бодлого баримтлахыг санал болгосон нь гурван улс энэ хувилбарыг аль хэдийнэ тохирсны тэмдэг ч байж болох юм.

  • Үйлдвэрлэл сэргээх

БНХАУ-аас ОХУ-д тусламж үзүүлэх хувилбаруудаас хэрэгжих магадлал өндөртэй нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний лицензээ шилжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, Бээжин зэвсэг нийлүүлэхгүй, харин үйлдвэрийг нь өгснөөр ОХУ өөрсдөө зэвсгээ үйлдвэрлэнэ гэсэн үг.

Бээжингийн хувьд, дээрх аргууд нь хөршийнхөө тогтвортой байдлыг хангах замаар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ их хэмжээний орлого олох боломж юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 09:20

Байж болох хувилбарууд

Зочин
Зочин
2023-02-28 11:32

Путин юу бодож явдаг юм болдоо Болдоо гэж хэн юм болдоо

Зочин
Зочин
2023-02-28 15:00

Хятад Орос хоёр нэгдмэл сонирхолтой байгаа нь манайд бол шууд аюул. Ардчил## гэдгийг шууд уландаа гишгэж манай засаг төр ганхана. Бидний тусгаар тогтнол цагаа тулв## Украйнаас ч хэврэг байж мэднэ шүү

Мааги
Мааги
2023-02-28 17:21
Reply to  Зочин

Баавгай луу хоёр эвтэй л байв## бид амьд байна хоорондоо зодолдуул дундаа байгаа жижигхэн а##з шиг юмыг гишгэхгүй зодолдож чадах уу энгийнээр бодоход ийм л байна

Холбоотой мэдээ

Back to top button