Top StoriesСурвалжилгаЭРҮҮЛ МЭНД

Хорт хавдартай хүүхдүүдийг гэр бүлтэй нь үнэгүй байрлуулж, тусалдаг "Дарь эхийн өргөө" төв

Бид өвдөх, хагацахыг зовлон хэмээн хүлээн зөвшөөрдөг. Харин бусад саад, бэрхшээлийг давах л ёстой даваа гэж хүлээж авдаг. Эдгэшгүй хүндээр өвдөж энэрч хайрласан, хайрлуулсан бүхнээ орхиод явж буй олон мянган хүүхэд, залуус, хүмүүс. Ялангуяа сүүлийн арван жил хорт хавдар гэх чимээгүй аюул нийгмийг тэр чигт нь нөмөрсөн. Өөрөөр хэлбэл, жам ёсноос урьтаж хайртай бүхнээс нь хагацаадаг ийм нэг хүнд даваа бидний хэнд ч тулгарч болох эрсдэлтэй нийгэмд та, бид амьдарч буй. Гэхдээ энэ өвчнөөр оношлогдсон бүхэн эдгэх боломжгүй гэвэл өрөөсгөл ойлголт.

Бид энэ удаа хавдартай хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчийг үнэгүй байрлуулдаг Хавдрын үндэсний зөвлөлийн дэргэдэх "Дарь эхийн өргөө" төвийг сурвалжиллаа. Энэхүү төв хөдөө орон нутгаас ирсэн, Улаанбаатарт удаан хугацаанд амьдрахад байрны асуудалтай тулгарч буй хавдартай хүүхэд, хүмүүст зориулагдсан гэдгээрээ онцлог. Тус төвийг одоогоос дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулжээ.

Үүдээр нь ормогц гял цял цэвэрхэн орчин угтах агаад дөрвөн давхар барилгыг эдгээр хүмүүст зориулан орон сууцны айл шиг л тохижуулсан байв. Өрөө бүр интернет төхөөрөмж, зурагт, ариун цэврийн өрөө, өргөн том ор, хувцасны шүүгээ, хөргөгчтэй. Мөн нийтийн том гал тогоо, хооллоод суух боломжтой ширээ сандал, тухлаад амарч болох буйдан, том зурагт, номын сан, хүүхдийн тоглох хэсэг, тоглоом зэргийг цогцоор нь шийджээ.

Хавдрын үндэсний зөвлөлийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн магистр Ц.Батцэцэг

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэр цаг хугацаанаас яриагаа эхлүүлье?

-Манай үндсэн байгууллагын нэр бол Хавдрын үндэсний зөвлөл. Энэхүү төрийн бус байгууллага маань 2014 оноос эхлэн хавдартай хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, хүн амд эрүүл мэнд, хавдарын талаарх мэдлэг, боловсролыг түгээх, олон улсад нийцсэн судлагаа шинжилгээний ажил хийх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

-"Дарь эхийн өргөө" төвийн хувьд?

-Дарь эхийн өргөө төв маань үйл ажиллагаагаа дөрвөн жилийн өмнөөс явуулж эхэлсэн. Давхардсан тоогоор хавдартай болон тэдний асран хамгаалагч гээд нийт 4000 гаруй хүнийг байрлах байраар хангасан. Гэхдээ энэ бол зүгээр нэг байр биш. Тодруулбал, бид өвчтөн болоод тэдний ар байрлахад хэрэг болох бүх зүйлийг цогцоор нь шийдсэн. Жишээлбэл, тохьтой тухтай хоол ундаа хийгээд идэх нэгдсэн том гал тогоо, зурагт үзээд амрах амралтын өрөө, номын сан гэх мэтчилэн. Мөн хүмүүсийн маань байрлаж буй өрөө бүр тусдаа ариун цэврийн өрөө, зурагт интернеттэй. Бид аль болох л гэртэй байгаа юм шиг тухтай, дулаахан, өөр зүйлсэд санаа сэтгэл нь бүү зовоосой гэдэг байдлаар ханддаг. 

-Хавдар өвчнөөр оношлогдсон хүүхдүүд рүү түлхүү анхаарч ажиллаж байна уу, одоо?

-Анх нээгдсэн цагаасаа эхлээд л энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүүхдүүд рүү түлхүү анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг үнэгүй байлгадаг. Харин асран хамгаалагчаас нь тодорхой хэмжээнд бага төлбөр авдаг ч юм уу иймэрхүү байдлаар ажилладаг байсан. Манай төлбөрийн хувьд өдрийн 10-20 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин одоо бол хүүхэд болон түүний асран хамгаалагчийг үнэгүй байрлуулдаг болсон.

-Хүүхдийг яагаад үнэгүй байлгахаар шийдсэн юм бол?

-Энэ үүхдүүд маань ямар нэг хорт зуршлаас болоод эсвэл өөрийн гэм буруутай үйлдлээс болоод хавдар гэдэг энэ хэцүү өвчнөөр өвдөөгүй шүү дээ. Хоёрдугаарт, энэ хүүхдүүдэд маш урт, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байдаг. Энэ хугацаанд орон нутгаас ирсэн эдгээр хүүхдүүд, тэдний ар гэрийнхэний байрлах байрны асуудал маш хүнд. Хамаатан садан, ах дүүгийндээ байрлаж болох ч эмчилгээндээ удаан хугацаа буюу дунджаар хоёр жилийг зарцуулдаг учир аль аль талдаа хэцүү, хүндрэлүүдтэй тулгардаг. Тиймээс эдгээр хүмүүс маань өөрийнхөө төрсөн гэрээс нэг, хоёр жилээр хол амьдарч байгаа энэ үедээ аюулгүй, цэвэр цэмцгэр, өөр бусад зүйлд санаа зовохгүйгээр эндээ тухтай байрлаад эрүүл саруул болоосой гэдэг үүднээс энэ санаачилга хэрэгждэг.

-Энэ хэрээр санхүүгийн бэрхшээлүүдтэй нүүр тулдаг байх?

-Анх бол өрөөнүүдээ хүмүүсийн нэрэмжит болгож нэрлээд буюу хандив, тусламжийн байдлаар тохижуулсан. Одоо бол урсгал зардал, тог, усны төлбөр гээд бүх зүйл рүү мөнгө урсаж байгаа. Бүхэл бүтэн байшин авч явна гэдэг амарүй л дээ, бид ашгийн байгууллага бас биш. Мөн хүүхдүүдээс болон аав, ээжээс нь төлбөр авахгүй байна гэдэг бол бидэнд энэ байшингаа авч явах хэмжээний мөнгө олох шаардлага тулгардаг гэсэн үг. Тиймээс бид үүнийхээ хүрээнд хөрөнгө босгох байдлаар хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлдэг. Жишээлбэл, жил бүр "Аз жаргалын хуанли" нэртэй календар гаргадаг. Мэдээж борлуулаад олсон ашгаа энэ төвдөө зарцуулдаг. Мөн дэвтэр бас гаргаж худалдаалж байна. Бид мөн аялалууд зохион байгуулж бага ч болов олсон ашгаа төвдөө нэмэрлэдэг. 

-Хүмүүсийн хэрхэн хандаж байна. Зарим хүмүүс "ийм төв байна гэж сонсоод итгээгүй" гэдгээ хэлж байсан л даа?

-Ийм төв байдаг гэж мэдсэн ч хүмүүс шууд хүрч ирдэггүй. Итгэдэггүй юм байна лээ. Дээрээс нь үнэгүй гэхээр үгүй байлгүй дээ, ийм байр байдаг гэж үү гэх байдлаар ханддаг. Эдгээр хүмүүсийн маань ихэнх нь тохь, тух муутай нийтийн байранд байрлаж байгаад ирэх нь элбэг. Хүмүүс эхлээд утсаар лавладаг ч ирж үзэхээс нааш итгэдэггүй. Ирээд бүх зүйлийг цогцоор нь шийдсэн байхыг хараад гайхдаг, баярладаг. Гэхдээ өрөө маань их олон биш тоотой учир бид мэдээж бүх хүнийг эндээ байлгах боломжгүй. Манайх ер нь бүтэн сайн өдрөөс эхлээд дүүрчихдэг. Харин баасан гарагаас л жаахан сийрдэг дээ. Мэдээж ирсэн хүн бүрийг авчих чин хүсэл байдаг ч өрөө, байрныхаа багтаамжид захирагдахаас өөр аргагүйд хүрдэг. 

"Дарь эхийн өргөө" төвд хүүхэдтэйгээ байрлаж буй ээжүүд

Энэ эмэгтэйг Золзаяа гэдэг. Түүний хүү 2022 оны арваннэгдүгээр сард Цусны цагаан эсийн хорт хавдартай гэх онош сонссон байна. Түүнээс хойш гэртээ буцаж харилгүйгээр хүүгийн хамт Улаанбаатар хотын Эх нялхасын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Тэрбээр, "анх ийм төв байдаг гэдгийг хорт хавдартай хүүхэдтэй эцэг эхчүүдийн "Эрэлхэг баатрууд" гэдэг группээс олж мэдсэн. Энд ирээд сар хагас болж байна. Бидний хувьд хамгийн тулгамдсан зүйл бол байрны асуудал байдаг. Хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж гарч ирээд хэд хоног гадуур байрлаx болдог. Тэгээд түрээсийн байр хайхаас өөр аргагүйд хүрдэг. Ихэнх байрнууд өвчтэй хүүхэд байлгах боломжгүй бохир, тухгүй зэргээр шаардлага хангадаггүй. Энэ газар бол үнэхээр бидний төлөө, хүүхдийн төлөө гэсэн сайхан газар. Энд дутуу юм гэж байхгүй. Угаалгын машин хүртэл бий. Анх ийм газар байдаг дээрээс нь үнэгүй гэж сонсоод итгээггүй. Заа юутай ч очоод л үзье гээд бараг азанд найдаж ирж байсан. Энд ирэхийнхээ өмнө хүүтэйгээ түрээсийн байрнуудаар их явсан. Гэхдээ энэ бүхнийг даваад эцсийн зорилго минь хүүхдээ л эдгээх шүү дээ. Анх хүүхдээ ийм өвчтэй гэдгийг мэдээд маш их хямарсан. Эхний хоёр сар байнгын уйлаад их хэцүү байсан. Сэтгэл зүйчид хүртэл хандаж намайг аваачиж байсан. Түүнээс хойш би л өөрөө чанга байж, сэтгэлийн тэнхээтэй байж хүүгээ эдгээж чадах юм байна гэж боддог болсон. Одоо бол хүүхдээ заавал эдгээнэ" гэсэн юм.

Харин түүнтэй нэг өрөөнд хамт амьдарч буй, Баянхогор аймгаас хүүгээ эмчлүүлэхээр ирсэн энэ эмэгтэйг Түвшинтөгс гэдэг.

Тэрбээр, "хүү маань одоо зургаан настай. Хоёр жилийн өмнө тархины хавдартай гэж оношлогдсон. Багадаа унаж татдаг байсан ч онош нь тодорхой болохгүй л яваад байсан. 2021 оны дөрөвдүгээр сард анхны мэс засалдаа орсон ч 2022 онд дахиж давтаж ургаад тухайн оныхоо зургаадугаар сард ахиж мэс засалд ороод есдүгээр сард Хавдар судлалын эмнэлэгт хэвтсэн юм. Ингэхдээ сарын хугацаанд хэвтэж туяа эмчилгээ хийлгэсэн. Одоо туяа эмчилгээний дараах химийн эмчилгээндээ явж байна. Ар гэрийн амьдрал бол бараг орхигдсон доо. Хүүгээ л эдгээж байвал бусад нь болно доо гэж бодох юм. Урт хугацааны эмчилгээ шаарддаг тэгээд гэрээсээ хол байгаа учир саад бэрхшээлүүдтэй их тулгардаг. Харин энэ төв бидэнд маш том дэм,тус, буян болж байгааг хэлмээр байна. Зовлон нэгтэй учир өрөөний эгчтэйгээ бүр найзууд шиг л дотно болсон. Хүүхдүүдийнхээ төлөө бүх л зүйлсээ хамтдаа хийж байна" гэв.

Энэхүү төвд хорт хавдартай хүүхэд, тэдний эцэг эхээс гадна тухайн өвчнөөр оношлогдсон насанд хүрэгчид ч байрлаж байв. Тэдний хувьд мөн л орон нутгаас ирсэн, байрлах газар, байрны асуудалтай байнга нүүр тулах нь хүнд өвчний хажуугаар дараа болдог байсан тухайгаа хэлж байлаа. Тэдгээр хүмүүс дүрс, яриа, бичлэгт ормооргүй байгаагаа илэрхийлсэн бол харин дээрх сурвалжилганд багтсан зургууд болон яриаг тухайн хүмүүсийнх нь зөвшөөрөлтэйгөөр авч, нийтлэв.

  • Дарь эхийн өргөө төвтэй холбогдох утасны дугаар: 70001494, 99137075
  • Байршил: Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон, Арслантай гүүр, АШУҮИС-ийн оюутны хоёрдугаар байрны эсрэг талын саарал өнгөтэй дөрвөн давхар байр
  • Фэйсбүүк хаяг: Хавдрын үндэсний зөвлөл ЭНД дарж нэвтэрнэ үү
  • Хандивын данс: Хаан банк 5070371953 /төг/, 5003893528 /USD/, Голомт банк 1415101162, Худалдаа хөгжлийн бак 499313474 /төг/, 499313471 /USD/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2023 10:13

Хавдар гэх аймшигтай өвчинөөр өвдсөн хүмүүст тус�##�ж байгаа сайхан сэтгэлтэй та нартаа т�##�архаад баршгүй. Амжилт хүсье.

zochin
zochin
4 сар 17, 2023 15:03

Xort xavdar geech aimshigt uvchun xumuusiin ami nasand zanalxiilen xichneen xuuxduud zaluus etseg exchuudiig zovooj shanalgaj baina daa edgeer zovj shanalj bui xumuust setgel sanaanii dem sanxuu bolon bair oron goor tusalj demjij baigaa tanai baiguullagiin xamt olond gunee talarxaj baina

Зочин
Зочин
4 сар 18, 2023 09:21

Hi zow ban gehdee shangai soliooroi HUBANTSAR bna terniig anhaarn biz

Зочин
Зочин
4 сар 18, 2023 12:26
Reply to  Зочин

шангай гэж юу байдаг ?

Зочин
Зочин
4 сар 18, 2023 12:24

оны өмнө цагаан сарын өмнө сайн сурт�##�члах хэрэгтэй байж дээ. Тэгвэл хүмүүс тэртэй тэргүй к�##�ендар авахдаа буян бодож эднийхээс авна.

Холбоотой мэдээ

Back to top button