Япон улс казинод 28 их наяд төгрөг төсөвлөнө

Япон улс үндэсний анхны казино байгуулах төлөвлөгөөгөө баталж, Азийн хамгийн том казиногийн зах зээлийг нээх болсныг "The Washington Post" мэдээллээ.
Осака дахь хиймэл арал болох Юүмэшима дээр байрлах казино нь 1.08 их наяд иен буюу дунджаар 8.1 тэрбум ам.долларын өртөгтэй хэмээж буй. Энэ нь 28.5 их наяд төгрөгтэй тэнцэх юм. Манай улсын төсвөөс найман их наяд төгрөгөөр илүү өртөгтэй гэсэн үг.
Тус казино нь нэгдсэн нэг амралтын газартай байна хэмээж буй. Тодруулбал, театр, урлагийн музей, хурлын танхим болон бусад тохилог байгууламжтай байх ажээ.
Уг байгууламжийг 2029 онд ашиглалтад оруулах бөгөөд жилд 20 сая жуулчин хүлээн авах төлөвтэй юм байна. Осака өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын казиногийн оператор MGM Resort International болон Японы Орикс корпорацын дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирүүлжээ.
Японы ерөнхий сайд Фүмио Кишида "Японы сэтгэл татам байдлыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын бааз болно" хэмээн мэдээлэв.
Хэрэв уг байгууламж ашиглалтад орвол Макаогийн дараагаар орох Азийн хамгийн том казиногийн зах зээл болох юм. 2018 оныг хүртэл хуулиараа казиног хориглосон тус улс цар тахлын дараагаар ийм шийдвэр гаргасан билээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.