Top StoriesУРЛАГЭнтертайнментЯрилцлага

Стефано Торболи: Монголын театраас санал тавибал дуртайяа дахин ажиллана

ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 29-нөөс суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Макбет” дуурийг үзэгчдэд анхлан хүргэхээр бэлтгэж буй. Цомнолыг нь В.Шекспирийн “Макбет” зохиолоос сэдэвлэн бичсэн эл дуурийг Италийн маэстро “дохих” юм. Тодруулбал, Италийн удирдаач Стефано Торболи “Макбет” дуурийг удирдана. Тэрбээр Сибиугийн улсын филармони, Зальцбургийн Жунге филармони, Санкт-Петербургийн симфони найрал хөгжим тэргүүтэй томоохон найрал хөгжмийг удирдаж, олон уран бүтээлийг сонгодог урлаг шимтэгсдэд хүргэж байсан аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Монголд хоёр дахь удаагаа ирсэн нь энэ. Өмнөхөөс өөрчлөгдөж үү. Сэтгэгдэл хэр байна?

-Долоон жилийн өмнө Монголд анх ирсэн. Мэдээж харагдах талаасаа Улаанбаатар хот өөрчлөгдсөн байна. Цаашид ч хөгжих байх. 2016 онд би Улсын филармонитой хамтран “Евгений Онегин” дуурийг тоглож байлаа. Энэ удаа ДБЭТ-тай хамтран “Макбет” дуурийг Монголын үзэгчдэд анхлан толилуулах гэж байна. Үнэхээр гэнэтийн атлаа баярламаар санал байлаа.

-“Макбет” дуурийг “дохих” саналыг хүлээн авсан шалтгаан тань юу вэ. Өмнө нь та энэ дуурийг удирдаж байсан уу?

-Маш хүчирхэг дуурь. Үүнийг удирдана гэдэг татгалзахын аргагүй. Надад ч ур чадвар, туршлагаа ахиулах боломж. Сонирхолтой нь, би 15 жилийн өмнө хөгжимчин байхдаа эл дуурийн найрал хөгжимд трамплет тоглож байлаа. Харин удирдахын хувьд бүхлээр нь биш, гала концертод “Макбет”-ын хэсгээс удирдан тоглуулж байсан.

-Бусад улсынхтай харьцуулахад манай театрын уран бүтээлчдийн ур чадвар хэр түвшинд байна. Хөгжимчид, уран бүтээлчидтэйгээ сайн ойлголцож чадаж байна уу?

-Сэтгэл хангалуун байна. Хөгжимчидтэйгөө сайн ойлголцож байгаа. Залуу уран бүтээлчид олонтой юм. Тэгэхээр цаашид улам мундаг болох боломжтой гэсэн үг. Дуучдын хувьд эр, эмгүй хүчтэй хоолойтой юм. Тиймээс хүчээ хаана, хэзээ гаргах вэ, ямар үед аяар дуугаргах вэ гэдэг талаас нь ажиллаж байна. Оркестрыг ч хүссэнээрээ, санаснаараа дуугаргахыг хичээж байна.

-Та мэргэжлийн хөгжимчин байж байгаад удирдаач болсон юм билээ. Удирдаачийн ажилд яагаад, хэрхэн хорхойсов?

-Би трамплет хөгжимчин. Эл хөгжмийн оролцоо найрал хөгжимд маш бага. Ер нь л хөгжимчин байх үеэсээ хөгжим зохиох болон удирдах талаар судалж, өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Жил ирэх тусам улам л дурлаж, үргэлжлүүлэн эл чиглэлээр ч суралцсан юм.

-Хөгжмөө тоглох нь “амттай” юу, эсвэл найрал хөгжим удирдах нь “амттай” юу?

-Би одоо ч хөгжмөө тоглодог. Гэхдээ одоо хийж буй ажил минь удирдаач. Тэгэхээр аль алийг нь орхигдуулахгүй байхыг хичээдэг юм. Хөгжимчин хүн эгшиг аялгуугаар гайхамшгийг бүтээж, түүнийгээ хүмүүст хүргэдэг. Тийм ч учраас мэргэжилдээ хайртай. Харин удирдаач хүн бүхнийг бүрэн хянаж, найрал хөгжмийг хэрхэн дуугаргахаа шийддэг. Энэ нь ч маш амттай. Тэгэхээр би аль алинд нь л маш хайртай хүн юм байна.

-Таныхаар сайн удирдаач гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Сайхан асуулт байна. Миний бодлоор сайн удирдаач юуны түрүүнд сэтгэлзүйн хувьд маш өндөр мэдрэмжтэй байх шаардлагатай. Учир нь оркестрын хөгжимчин бүр өөр зан чанар, араншинтай. Тэгэхээр тэдгээрийн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг, мэдэрдэг, ойлгодог байх хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа, өөр өөр газарт, энд тэндэхийн театр, филармониудад тоглолт, дууриуд “дохидог” над шиг хүнд тухайн хөгжимчидтэй түргэн ойлголцож, хамтран ажиллах шаардлага тулгардаг. Хүн таних нүдтэй байх гэсэн үг юм уу даа. Хоёрдугаарт, бидний ажил бол энгийнээр хэлэхэд хөгжмийн зохиолчийн бичсэн зохиолыг үзэгчдэд орчуулан хүргэдэг гэсэн үг. Тиймээс тухайн хөгжмийн зохиолчийн үзэл санаа, илэрхийлэх гэсэн “зүйл”-ээс гажихгүй байхыг эрхэмлэх ёстой. Дур мэдэн эвдэх хэрэггүй гэсэн санаа. Хэчнээн өөрийнхөө хэв маяг, донж төрхийг оруулсан ч гэлээ гол нурууг нь “хугалахгүй” байх ёстой. Сүүлд нь, уран бүтээлч хүнд авьяасаас гадна цагийн менежмент, хувийн зохион байгуулалт маш чухал. Урт хугацаанд ч бай, богино хугацаанд ажиллах ч бай хамтран ажиллаж буй бусад уран бүтээлчдээ хүндэтгэлтэй хандаж, чирэгдэл учруулахгүй байх хэрэгтэй. Ер нь ч хувийн зохион байгуулалт сайтай байж байж л уран бүтээл болон хувийн асуудлуудаа төвөггүй зохицуулж, амжуулна шүү дээ. Нөгөөтэйгүүр, оркестроо нэг шат дээш ахиулах үүрэгтэй хүн шүү дээ, удирдаач.

-Та яг ийм удирдаач байж чаддаг уу?

-Хичээдэг. Үнэхээр хичээдэг.

-Удирдахаас зүрхшээдэг дуурь, эсвэл хөгжмийн зохиол гэж байдаг уу, танд?

-И.С.Бахын бүтээлүүдийг удирдахаас зүрхшээдэг. Эмээдэг гэхээсээ илүү миний дотор хүнтэй зөрчилддөг гэх юм уу даа. Бас Л.Бетховены IX симфони. Удирдахад хэцүү биш ч нэг л тийм хүнд санагддаг юм. Яах вэ, 50 нас хүрээд ирэхээрээ оролдож магадгүй л юм.

-Олон орны янз бүрийн онцлогтой тайзан дээр гарч байсан байх. Санаанаас тань гардаггүй сайхан тайз хаана байв?

-Ж.Пуччинийн “Богема” дуурийг Италийн театрт удирдаж байлаа. Тэр санаанаас огт гардаггүй. XVIII зууны үед баригдсан, үнэхээр сайхан театр. Тэр чигтээ модон. Дуугаралт нь ч гайхалтай байсан нь санаанд тод үлдэж.

-Тэгвэл гарахыг хүсдэг тайз байдаг болов уу?

-Олон бий.

-Жишээ нь?

-Германд ерөөсөө тоглолтод оролцож байгаагүй. Тэгэхээр Германд ажиллаж үзмээр байна. Аль ч театрт нь байсан яах вэ. Хятадад хоёр жил суралцсан болохоор Азийн соёлыг сонирхох, судлах дуртай. Тийм болохоор эргээд Хятад, эсвэл Япон ч юм уу, Солонгост дуурь “дохиж” бас үзмээр байна.

-Азийн соёлын юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм бэ?

-Харин л дээ. Яагаад ч юм бэ, Азиуд барууны соёлыг харж, суралцдаг. Гэтэл үнэндээ Европууд Азийн соёлыг илүү сонирхдог. Тэгэхээр нэг тийм харилцан хамаарал, уялдаатай ч юм шиг. Ингэж соёлын солилцоо хийж байгаа нь сонирхолтой. Харин уран бүтээлчийн биш, хувь хүний үүднээс бол Азийн байгаль, хоол гэхчлэн олон зүйл нь намайг татдаг юм.

-Монголд “Макбет” дуурь удирдсаныхаа дараа та хаачих вэ. Хаана, ямар уран бүтээлд ажиллах бол?

-Ирэх зургадугаар сард нутагтаа сүмийн нээлтийн тоглолтод оролцоно. Наймдугаар сард Ж.Вердийн “Бал Маскарад” дуурийг удирдах төлөвлөгөөтэй. Одоогоор яг таг төлөвлөсөн уран бүтээл гэвэл ийм л байна. Хэрэв Монголын театраас санал тавибал дуртайяа дахин ирж ажиллана. Татгалзах зүйлгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button