ЭРҮҮЛ МЭНД
Сэтгэл гутралын улмаас жилд 12 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний цаг, өдрийг алддаг

Сэтгэл гутрал, түгшүүрийн улмаас жил бүр 12 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний ажлын цаг, өдрүүд алдагддаг байна. Сэтгэл гутрал гэдэг нь зөвхөн сэтгэлээр унах, хямрах гэдгээр хязгаарлагдахгүй эсрэгээрээ маш ноцтой сэтгэл зүйн эмгэг юм. Бид бүгд л үе үе сэтгэлээр унах, хямрах зүйл тохиолддог ч сэтгэл гутрал эмгэгийн үед сэтгэл гутарсан, гансарсан мэдрэмж ямар нэг тодорхой шалтгаангүйгээр илэрч цаг ирэх тутам хүндэрдэг. Энэ нь тархины биохимийн урвал өөрчлөгдсөнтэй холбоотой. Сэтгэл гутралд автсан хүн өдөр бүрийн үүргээ биелүүлж чадахгүй байх, өмнө сонирхдог дуртай байсан зүйлсээ сонирхохоо болих, баярт үйл явдалд оролцох дургүй болох зэрэг шинжүүд илэрдэг.

Сэтгэл гутрал нь хамгийн өргөн тохиолддог сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг юм. Дэлхий даяар таван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед энэ эмгэгээр өвддөг гэж үздэг.
Хүн бүрд таагүй өдөр тохиолддог. Хүн бүрийн амьдралд зовлон, уй гашуу, сэтгэлээр унах, бүтэлгүй явдал тохиолддог буюу энэ нь хэвийн зүйл. Харин энэхүү сэтгэл санааны таагүй байдал удаан хугацаагаар үргэлжилж зан үйлд өөрчлөлт орсноор сэтгэл гутралыг үүсгэдэг. Заримдаа бүх зүйл хэвийн, ямар ч асуудалгүй үед хаанаас ч юм сэтгэл гутрал гарч ирэх үе ч байна.
Сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
- Гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь сэтгэл гутралд өртөж байсан
- Дааврын өөрчлөлт (эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд)
- Сэтгэл хөдлөлийн стресс (хагaцал гашуудал, ажлаас халагдах, хайртай хүнээсээ салах гэх мэт)
- Эмийн хэрэглээ (хавдар болон зүрхний өвчний эмчилгээ)
- Зарим өвчин эмгэг (бамбай булчирхайн эмгэг, дааврын өөрчлөлт болон архаг амь насанд халтай хүнд өвчнүүд)
- Бие хүний онцлог болон хандлага (амьдралын аливаа асуудалд хандах хандлага).
- Нийгмийн дэмжлэг (Эргэн тойрны хүмүүсээс тусламж дэмжлэг авч буй мэдрэмж. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст ганцаардах, нийгмийн дэмжлэг туслалцаа дутагдах хандлага их байдаг).
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.