ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Б.Мөнгөнчөдөр: “Цахилгаан” менингитийн халдварыг эцэг, эхчүүд өөрсдөө тээж явахыг ч үгүйсгэхгүй

Хүйтний улирал эхэлж, менингококкт халдвар тархах эрсдэл бий болж буйтай холбогдуулан “Бүжин Мед” эмнэлгийн хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа.

-ХАЛУУРЧ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХОЁР ЦАГИЙН ДОТОР ҮХЭЛД ХҮРГЭХ НЬ Ч БИЙ-

-Цахилгаан менингит гэж яг ямар өвчин бэ гэдэг энгийн агуулгаас яриагаа эхэлье.

-Энэ бол тархины эдийг үрэвсүүлж гэмтээдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Маш хурдан хугацаанд хүний амь насыг авч оддог аюултай. Ийм учир хэдий цөөн тохиолдол гарсан ч нийгэмд байнга сануулж, сэрэмжлүүлэх нь зөв байдаг. Хүүхэд халуурч эхэлснээс хойш хоёр цагийн дотор ч  үхэлд хүрэх нь бий. Эцэг эхчүүд жирийн халуун байна гэж бодон тоолгүй орхисноосоо болж үр хүүхдээ алдах тохиолдол элбэг гардаг.

Дөрвөн хүүхэд өвдлөө гэхэд 2-3 нь нас баралтаар төгсдөг гэж болно. 2019 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар таван тохиолдол бүртгэгдсэн. Логикийн хувьд тэдний цаана халдвар тээж яваа олон хүн бий гэсэн үг шүү дээ.

-Өвчилсөн тохиолдолд ямар онцлог шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Хамгийн эхлээд 39-41 хэм хүртэл маш өндөр халуурна. Ийнхүү өндөр халуурдаг учир яваандаа үе мөч өвдөх шинж илэрдэг. Мөн толгой маш хүчтэй өвддөг. Тархины эд үрэвсэж, идээлж байгаа учир бага насны хүүхдийн зулай хавдаж, овойж гарч ирсэн байдаг. Цаашлаад хоол идэж чадахгүй, байн байн бөөлжиж эхэлнэ. Хурц гэрэлд нүд гялбамтгай болох нь ч бий.

Хамгийн гол ялгах шинж тэмдэг бол тууралт байдаг. Цавь болон хөлний хэсгээс эхэлж туураад дээшлэх явцтай үргэлжилнэ. Зарим тууралт дээр хуруугаар дарахад хэсэг хугацаанд алга болдог бол менингококкын халдварын тууралт цус хурсан мэт, дараад арилдаггүйгээрээ онцлог.

Мөн дагзны хөшингийн шинж тэмдэг илэрч болно. Хүзүүний булчин чангарснаас болж урагш тонгойж чадахгүй, үргэлж хойш гэдийсэн байрлалд шилждэг.

-Халдвар авах эх үүсвэр юу байж болох вэ?

-Өвчлөх болон зөвхөн халдварыг нь тээж явах гэсэн хоёр тусдаа ойлголт байдаг. Иймээс дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрсэн буюу өвчилсөн хүмүүсээс шууд халдварыг авч болно. Цаашлаад зөвхөн халдварыг тээж байгаа “эрүүл” хүмүүсээс авах эрсдэл ч бий.

Жишээ нь насанд хүрсэн хүмүүс менингитээр өвдөхгүй боловч хамар, залгиур хэсэгтээ халдварыг тээж явдаг. Ингээд ханиах, найтаах мөн хүүхэддээ амаараа хоол өгөх гэх мэт үйлдлээр халдварыг дамжуулах эрсдэл бий болно.

-Хэрхэн урьдчилан сэргийлж болох бол?

-Өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр төрлийн урьдчилан сэргийлэлт бий.

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт бол вакцин. Гэхдээ улаан бурхны вакцин шиг хүүхэд бүрт толгой дараалан хийдэггүй. Ойр тойрноос нь, эсвэл аав ээжийнх нь хоолойн арчдасаас менингококкын халдвар илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Хориглох хэдэн заалт мөн бий. Тухайлбал хоёроос доош насны хүүхдэд хийхгүй. Мөн өөр халдварын вакцин хийлгээд нэг сар болоогүй байгаа нөхцөлд, эсвэл тухайн өвчний халдварыг аль хэдийнэ авч, халууны шатандаа явж байгаа бол хийхийг хориглодог.

Харин өвөрмөц бус урьдчилан сэргийлэлтэд ахуйн шинжтэй үйлдлүүд орно. Лемоны уусмал, тамедины уусмал, жамц давсны уусмал зэргээр өглөө оройд хоолойгоо зайлах хэрэгтэй. Ингэснээр менингококкын халдварыг дарангуйлах боломжтой.

-ХЭРЭВ ХҮҮХЭД ӨНДӨР ХАЛУУРЧ, БӨӨЛЖИЖ БАЙВАЛ ДАРУЙ ЭМЧИД ХАНДСАН НЬ НАЙДВАРТАЙ-

-Вакцин хийлгэх боломжгүй хоёроос доош насны хүүхдэд урьдчилан сэргийлэх өөр арга байдаг уу?

-Халдвар тээгч байх магадлалтай насанд хүрсэн хүмүүсийн хувьд хоолойгоо зайлахыг зөвлөж буй. Харин хоёроос доош насны бяцхан хүүхдүүд халдвар тээгч биш учир, ерөөс түүний ойр тойрны хүмүүс нь өөрсөддөө анхаарна гэсэн үг. Хоолойгоо зайлахаас гадна хүүхдээ олон нийтийн газраар их авч явахгүй байх,  гараа сайтар угаах гэх мэт.

Ер нь эцэг, эхчүүд хоолойны арчдасын шинжилгээ өгвөл зүгээр. Дээр хэлсний дагуу өөрсдөө өвдөөгүй ч, тээж явах магадлал бий.

-Насанд хүрсэн хүмүүст хэдий өвчлөөгүй ч халдвар үүсгэгчийг тээж явах боломжтой нь эрсдэл бүхий санагдлаа?

-Тийм. Насанд хүрсэн хүмүүс өвдсөн ч хөнгөн өвдөөд өнгөрдөг. Харин хүүхдүүдийн хувьд дархлаа сул учир асар хурдан хүндэрдэг, нас баралтын зэрэг бараг 80 хувьд хэлбэлзэж байдаг.

Менингококк нян амьсгалын замаар халдаж буй учир хамрын хөндий рүү орсноор тэндээ үржиж олширдог. Үүний дараа цус руу нэвчиж, цусны урсгалаар тархинд очсоноор асар богино хугацаанд тархины эдийг сонгомлоор гэмтээдэг. Энэ бол энгийн үгээр тархин дээр биеийн бусад хэсгүүд дээр гардаг идээ будаатай зүйл туурна гэсэн үг. Тархи өөрөө идээлчихэж байгаа учир асар богино хугацаанд амь насанд аюул учрах боломжтой.

Гэхдээ халдварыг амьсгалын замаар авснаас хойш тархины эд гэмтэх хүртэл ямар ч хугацаа зарцуулж магадгүй. Ийм учир дархлаа сайтай насанд хүрсэн хүмүүс хамрын хөндий, залгиур хэсэгтээ менингококкын халдварыг тээж явах магадлал байдаг гэсэн үг.

-Зовиураа үгээр илэрхийлж чадахгүй бага насны хүүхэд менингитээр өвчилсөн үед эцэг, эхчүүд хэрхэн ялгаж таних боломжтой бол?

-Ер нь бага насны хүүхдийг менингококкт халдвар авсан байна гэдгийг эцэг, эхчүүд таньж тодорхойлоход хүндрэлтэй. Өндөр халуурч, толгой нь өвдөж, их уйлж, бөөлжиж, хөхөндөө муудаж байвал нэн даруй эмчид үзүүлсэн нь хамгийн найдвартай. Харин цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж чадвал 100 хувь эдгэрэх боломжтой юм. Эрт илрүүлсэн эсэхээс хамаарч эдгэрэх магадлал нэмэгдэнэ.

Гэрээсээ гарахад нь нэг хоёрхон тууралттай байсаа бол автозамд хоёр цаг түгжирч явсаар эмнэлэг дээр ирээд харахад биеэр нь битүү болчихсон байдаг. Дөрвөн цагийн дотор хүндэрдэг менингококкын халдварыг “Цахилгаан” гэж нэрлэдэг. Харин бид ерөнхийд нь цахилгаан менингит гэж нэрлэж заншсан.

-Тусаад эдгэрсэн хүнд ямар нэг үлдэц бий болдог уу?

-Тууралтын тухайд жижиг байсан бол арилчихдаг ч, том байсан бол сорви болж үлдэх магадлал бий. Мөн тархины эд нь хэр зэрэг гэмтсэнээс шалтгаалж ямар нэг эмгэгтэй хоцрох магадлалтай. Хэрэв хүүхэд тархины эсүүд нь гэмтсэн, нэлээд хүнд байдлаас сэхсэн бол саажилттай, татаж унадаг өвчтэй болж үлдэхийг үгүйсгэхгүй.

-Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ? Ямар зөвлөгөө өгөх вэ?

-Халууралтыг байдаг л зүйл гэсэн өнцгөөс харах нь хамгийн том алдаа. Ер хүүхдийг халуурсан тохиолдолд эмнэлэгт л үзүүлж байвал хамгийн найдвартай байдаг.

Намайг Хан-Уул дүүргийн эмнэлэгт гурван жил ажиллахад менингококкт халдварын гурван тохиолдол гарч байсан. Нэг айлын хоёр хүүхэд тусаж байсан. Есөн сартай нэг нь харамсалтайгаар нас барсан бол, нөгөө хүүхдээ эцэг эх нь өөрсдөө оношилж чадсан учир эрт эмчилгээнд хамруулж, амь насыг нь аварч байсан. Иймээс эцэг, эхчүүд өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх хамгийн чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zzz
zzz

Mundag sain emch zaluu huwid garchij amjilt hvsie

uyanga
uyanga

Mundag sn emch shuu Huuhdiin 2r emnelegt ajilladag bsn. Amjilt husyaaa

LesOrdiff
LesOrdiff

Clobetasol Pills Free Shipping Priligy 30mg Lloyds Order Dyazide No Script [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Effet Desir Fedex P

MatFuse
MatFuse

Buy Prescriptions Online Review [url=http://ggenericcialisle.com]Buy Cialis[/url] Buy Lasix Usa Cialis Cialis 5 Mg Precio Espana

Холбоотой мэдээ

Back to top button