Ж.Батжаргал: Тендер шалгаруулалтыг ил тод болгоно

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Батжаргал нар 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр хоёр гол асуудлыг хөндөнө хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээллийнхээ эхэнд дурдав. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор эцэслэн баталсан асуудлаар мэдээлэл хийж байна.
2023 оны Төсвийн тодотголд өөрчлөлт оруулсан хийгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлнэ.
Инфляцын түвшин 10 хувиас дээш байгаа нв иргэдийн бодит орлого 5.3 хувиар буурсан. Бидний хувьд төсвийн тодотголыг таван асуудалд тулгуурлаж байгаа. Зорилтот халамж, цалин тэтгэвэрт тулгуурлаж, тодотгол хийж байгаа гэдгийг дурдах нь зүй. Тухайлбал, ахмадуудын тэтгэврийг 10 хувийн инфляцаар нэмж байгаа.
Төвсийн тодотгол баталсантай холбоотойгоор зургаан зүйл заалт бүхий инфляцыг тогтворжуулах төслийг давхар баталсан" хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлсэн юм.
Тэрбээр "Энэ удаад шинэлэг, боловсронгуй хуулийн төслийг баталлаа. Хүний оролцоо багатайгаар тендер шалгаруулахад анхаарлаа. Мөн эхлэлээс нь төгсгөл хүртэл тендер шалгаруулалтыг нээлттэй, ил тод байлгана. Хуульд хязгаарлаагүй л бол зайлшгүй ил тод байлгах юм.
Гуравдугаарт, худалдан авах ажиллагаанд оролцож буй компаниудын суурь мэдээллийг үргэлжид нэхэж, цаг үрдэг асуудлыг зогсооно. Ирүүлж буй материалуудын хяналт давхар сайжрах юм.
Дөрөвдүгээрт, эх оронч худалдан авалтын асуудал бий. Дотоодод үйлдвэрлэж чадах зүйлсээ давуу эрхтэйгээр худалдан авдаг байх хэрэгтэй. Орон нутагт ажиллаж буй дотоодын үйлдвэрүүдэд давуу байдал олгоно" гэсэн юм.
Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг анхаарч, сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг үнэ чанарын хосолсон шаардлагаар худалдаж авдаг болох ажээ. Түүнчлэн ерөнхий гэрээний журмаар бараа бүтээгдэхүүн худалдан авдаг цахим сайтыг бий болгохоор төлөвлөж байгаа хэмээсэн юм. Ингэснээр тухайн байгууллагаас ерөнхий гэрээний дагуу гурван жилийн турш төрийн болон орон нутгийн байгууллагын шаардлагатай төхөөрөмж, цаас, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байхаар хуулийн төсөлд тусгажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.