НИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Сэрвээний өндөр 1 см-ээр зөрөхөд л эрлийз гэж үзэж, уралдаанд оролцуулахгүй

Жил бүр улсын наадмын үеэр эрлийз, монгол морьдын асуудал дагуулдаг. Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндөр, үүлдэр байдал хоёрыг алийг нь чухалчлах нь одоо ч маргаан дагуулсан хэвээр. Тиймээс сэрвээний өндрийн хэмжил зүйн талаар сурвалжилга бэлтгэлээ. 

Ингэхэд,

  • Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг тогтоогоод найман жилийн хугацаа өнгөрсөн
  • Сэрвээний өндөр нь тогтоосон хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзэж уралдаанд оролцуулахгүй
  • Өнгөрсөн жилийн уралдаанаас хоёр насны 232 морь хасагдсан гэх зэрэг мэдээллийг цуглуулаад байна.

-Сэрвээний өндөр нь тогтоосон хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг-

Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг тогтоогоод найман жилийн хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, 2015 онд буюу одоогоос найман жилийн өмнө Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, "Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно" хэмээжээ. 

Тухайн үед сэрвээний өндрийн тухай журам батлагдсан бөгөөд тогтоосон хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзэхээр тусгагдсан аж.

Тус журам гарснаас хойш гар аргаар буюу метрээр хэмждэг болжээ. Тухайн хэмжил зүйд “Алдаа гарч байна” хэмээх уяачдын гомдол тасраагүй байна. Тиймээс өнгөрсөн жилийн баяр наадмаар хурдан морины сэрвээний өндрийг хэмжих таван төхөөрөмж суурилуулан ажиллуулсан байна.

Энэ жилийн хувьд мөн адил хэмжих багажийн тусламжтайгаар морьдын өндрийг тогтоох тухайгаа албаныхан ярьж байлаа. 

Сэрвээний өндрийг дараах байдлаар тогтоосон байдаг.  

Үүнд,  

  • Даага 127 
  • Шүдлэн 132 
  • Хязаалан 137 
  • Соёолон болон азарга 140 
  • Их нас 141 см байхаар заажээ. 

-Өнгөрсөн жилийн уралдаанаас хоёр насны 232 морь хасагджээ-

Өнгөрсөн жил автомат төхөөрөмж ашиглаж хязаалан болон шүдлэн насны 823 морь бүртгүүлснээс 232 нь хасагдсан байна.  

Тодруулбал, хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морь бүртгүүлж, 306 морь барианы зурхай руу хөдөлсөн аж.  

Үүнээс,

  • Шүдэлгээгээр долоо 
  • Сэрвээний өндрөөр 92  
  • Бүртгэлгүй таван үрээ хасагдсан байна. 

Харин шүдлэн насанд  412 хурдан үрээ бүртгүүлснээс 140 морь сэрвээний өндрөөр хасагджээ. Ингэснээр 272 шүдлэн уралджээ. 

Улмаар морьд гарааны зурхай руу хөдөлж, хасагдсан морьдыг явуулахгүй гэснээр уяач болон унаач хүүхдүүд гомдолтой байгаагаа илэрхийлж, зарим нь уйлж байсан тухайгаа ийнхүү ярив.  

-Уралдаанаас хасагдсан унаач хүүхэд: Олон сар унаж ижилдсэн үрээтэйгээ наадмын тоосонд дарагдахгүйгээр буцах тиймхэн санагдсан-

Унаач, Б.Өсөх-Ирээдүй “Би 10 настай. Улсын баяр наадамд хоёр ч удаа морь унасан. Өмнөх жил миний морь сэрвээний өндрөөрөө хасагдахад надад муухай санагдсан юм. Тэнцсэн морьд дунд биднийхээс өндөр сэрвээтэй морь байсан. Гэтэл биднийг уралдуулаагүй. Хэрэв би оролцсон бол түрүүлэх байсан юм.  

Олон сар унаж ижилдсэн үрээтэйгээ наадмын тоосонд дарагдахгүйгээр буцах тиймхэн санагдсан. Энэ жил заавал түрүүлнэ” хэмээв. 

-Уралдаанаас хасагдсан уяач: Хэдэн авлигачид буруу зөрүү хэмжиж, хүний морийг хасах эрх байхгүй-

Залуу уяач Г.Батсайхан “Өнгөрсөн жилийн баяр наадамд сойсон хүлэг минь сэрвээний өндрийн хэмжил зүйтэй холбоотойгоор хасагдсан юм. Тухайн үед юм юм л бодогдож байлаа. Баяр наадамд сойсон морио уралдуулахгүй байна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр “талаар өнгөрөх”-тэй адил санагдсан.

Манай морь Увс аймгийн Тэс сумаас гаралтай цэвэр монгол адуу. Тэс угшлын адуу чац өндөртэй байдаг. Гэтэл эрлийз морьдтой андуурч уралдах боломжгүй болгосон юм. Уг нь намйаг хэмжихэд сэрвээний өндөр 136.9-тэй байсан. Гэтэл 138.5 гэж хэмжиж гаргаад хассан даа. Тухайн үед дахин хэмжүүлэх хүсэлт гаргасан хэдий ч мэргэжлийнхэн зөвшөөрөөгүй.  

Ер нь төрийн наадмыг уяачид бид бүрдүүлдэг. Хэдэн авлигачид буруу зөрүү хэмжиж, хүний морийг хасах эрх байхгүй санагдах юм. Хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөлөл ихтэй байна. Эсвэл техникийн шалтгаан ч байж мэднэ.  

Үүнд хяналтын хэмжилт хийлгэмээр байна. Хэрэв буруутай тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа дараагийн уяач, ард иргэдэд чирэгдэл учруулж болохгүй шүү дээ" хэмээв. 

-Б.Отгонбаяр: Гар аргаар хэмждэг байхад будилаантуулж байгаа мэт санагддаг байсан-

Увс аймгийн залуу уяач Б.Отгонбаяраас санал, сэтгэгдлээ ийн хэлэв.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Энэ жилийн наадамд хэчнээн морь сойж байна?  

-Сайн. Энэ жилийн баяр наадамд уралдуулахаар 14 морь сойлоо. 

-Танай аймгийн баяр наадмаар морьдын сэрвээний өндрийг хэмждэг үү? 

-Улсын баяр наадамд мөрдөгдөж буй хууль дүрэм аймгуудад ялгаагүй хэрэгжээд явдаг. Тиймээс хэмжилт хийдэг гэсэн үг. Өмнө нь гар аргаар хэмждэг байхад будилаантуулж байгаа мэт санагддаг байсан. Гэтэл өмнөх жил буюу 2022 оны баяр наадмаар автомат хэмжил зүйг төлөвшүүлж эхэлсэн. Энэ нь үнэнтэй арай дөхөм санагдах болсон.  

Манай аймгийн хэмжээнд өмнөх жил гурав, дөрөвхөн морь сэрвээний өндрөөрөө хасагдсан. Хасагдсан тоо бага байгааг хардах хэрэгтэй.  

-Яагаад...? 

-Зарим эрх мэдэл бүхий хүмүүс будилаан үүсгэж байж магадгүй санагддаг шүү. Хэрэв мориных нь өндөр тогтоосон хэмжээнээс дээш байгаа тохиолдолд танил талаараа далимдуулан нуун дарагдуулах. Улмаар эрлийз морьдыг уралдаанд оролцуулж түрүү магнайг булаацалдаж байж ч мэднэ. 

-Танай аймгийн Тэс сумын морьд чац өндөр байдаг гэлцдэг. Тухайн морьдыг хэрхэн оролцуулж байгаа вэ? 

-Морьдыг сэрвээний өндрөөс гадна биеийн галбир, ерөнхий дүр төрхийн хувьд эрлийз үгүйг таних боломжтой билээ. Манай аймгийн Тэс сумын угшилтай адууны хувьд бусдаас өндрийн илүүтэй. Гэхдээ тухайн морьдыг шинжиж таньж дараагаар нь оролцуулах үгүйгээ шийдэж харагддаг юм.  

“Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос сэрвээний өндрийн талаар тодруулсан юм.  

-ММСУХ: Монгол адууг эрлийзээс ялгах хэмжилтийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь сайшаалттай-

“Эрлийз монгол адуу тусдаа уралдах нь зохимжтой. Уралдах нөхцөл байдлыг бүрдүүлээд өгсөн байхад монгол адуутай уралдана гэж завдах нь бүдүүлэг хэрэг. Монгол адууг эрлийзээс ялгах хэмжилтийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь сайшаалттай.  

Өнгөрсөн жил ашигласан автомат төхөөрөмжийн тусламжтайгаар олон адуу хасагдсан. Энэ тухай тоо баримтаас харах боломжтой” гэв.

Дашрамд дурдахад тухайн төхөөрөмжийг ММСУХ-ны ажлын албанаас давуу чанарыг ийнхүү тодорхойлжээ.  

Үүнд:  

  • Морь хэмжих бүрд метрийн тэгш ус тааруулахгүй тул цаг хэмнэнэ.  
  • Төхөөрөмж морь хоёр нэг цул тэгш хавтгай талбай дээр байх учир морины цэвэр өндөр хэмжигдэнэ.  
  • Хэмжих гурвалжин нь дээш доош баганаа даган 90 градусаар гүйх тул өндөр, нам ямар ч адууны сэрвээний өндөрт тааруулж барихад хялбар. Мөн босоо баганадаа нугасаар бэхэлсэн тул баганаа тойрон 180 градус эргэх боломжтой.  
  • Хэмжих гурвалжныг сэрвээний өндөрт тааруулсанаар доод ирмэгтэй нэг түвшинд байх зүүний үзүүрээр шугамын хэмжээг харж өндрийг мм-ийн нарийвчлалтай харж болно.  
  • Хэмжих гурвалжныг сэрвээний өндөрт тааруулснаар лазер метрээр хэмжилт хийж үр дүнг 0,1 мм нарийвчлалтай компьютерт оруулан ямар ч дэлгэц руу хувиргаж харуулах боломжтой. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 4, 2023 08:58

Сэрвээний өндрийг хэмжиснээр бодит байд�##�д тун дөхөж ирж байгаа юмшүү ! Цөөн морь хасагддаг юм.
Үүлдэрлэг бөйдлаар ялгана гэхээр ямар ч баримтлах юмгүй, нүдэн багцаагаар, хүн хүн санаан зоргоороо ялгаад, нас бүрийн 50-80 хувийг хасаад хаячдаг байса н юмаа ! 242 морь бүртгүүлсний 202 нь хасагдаад 40 адуу ур�##�дах жишээтэй !
Учачид, олон нийт сэрвээ хэмжихийг нийтээрээ хүл ээн зөвшөөрч байгаа, харин цөөхөн хэдхэн хүн ард түмний нэр барьж үймүүлэх гээд байдаг шиг байгаа юм.

Зочин
Зочин
7 сар 4, 2023 09:07

Зөв шүү дэ битгйй ямар нэгэн зүилййг өөр тииш нь мушгиж болохгүй яадахдаа морины хэл ам гарахгүй амар шүү дэ

Зочин
Зочин
7 сар 4, 2023 09:11

Бөөн хэрүүл болноо

Зочин
Зочин
7 сар 4, 2023 09:54
Reply to  Зочин

Олон түмэн хүлээж аваад, болж бүтэж байгаа юмыг заав�##� нураах гээд хэрэггүйшүү, сэрвээ хэмжээд хэрүүл ихээхэн багасаад байгаа шүү ! Үндэсний холбо нэртэй, сэтгэцийн гажигтай хэдэн нөхөдийг "Худлаа ард түмний нэр барьж үймүүлэхээ боль ! Зөв зөнөцгөө гэж Ерөнхийлөгч хэлсэн гээ биздээ !

Зочин
Зочин
7 сар 4, 2023 09:14

Өндөр сэрвээтэй монгол морийг яах юм, намхан сэрвээтэй харваас эрлийз морийг яаж шийдэж байгаа вэ?

Зочин
Зочин
7 сар 4, 2023 09:46
Reply to  Зочин

Чиний яриад байгаа шиг адуу цөөхөөн байдагийн, үүнийг д�##�имдуулаад үймүүлээд явдаг хэдэн увайгүй этгээд байдаг шиг байгаам, чи тэдний л нэг бна доо !

Зочин
Зочин
7 сар 4, 2023 10:08

Jiliin jild hudlaa yarij serveenii undur geed baakhan erliiz morid uralddag mun buun avilgal avdag ni nuuts bish shuudee mongol moridoo khasaad erliiz ni uraldaad turuuldeg huuli durmee sakhidaggui zugeerl naadaj surakhsan

Зочин
Зочин
7 сар 4, 2023 10:12

Эрхэм сэтгүүлчээ ! Эрлийз гэж шинжлэх ухааны нэр томьёо байдаггүй юмаа, ямар ч сурах бичиг, ном зох иол, хууль дүрэмд адуу м�##�ыг ингэж ангилж ялгасан зүйл байдаггүй юм, бичиж байгаа сэдвээ сайн судлаж, танин мэдэж байгаач ээ !

ашагөг
ашагөг
7 сар 4, 2023 14:39

Одоо тэгээл өндөр хүмүүс монгол хүмүүс биш гээд хэлж байгаатай я�##�гаагүй сонсогдож байна тэнэг гэхэд хэтэрхий тэнэг хүмүүс их болжээ чааваас яаж амьдраад байдаг юм болдоо

иргэн
иргэн
7 сар 5, 2023 19:03

бөхчүүдийнхээ өндрийг бас хэмжээч , Өсөхөө гэдэг өндөр биетэй эрлийз бөх зөндөө л түрүүллээ

Холбоотой мэдээ

Back to top button