Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Туршлагатай хөтөч нар: Жуулчдын аялал цуцлагдах нь ч бий. Тэдэнд бартаат зам, модон 00 хүнд санагддаг

Үндэсний их баяр наадам дөхөж, урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан Монгол орныг зорих гадаадын жуулчид олширч байна. Тодруулбал, он гарснаас хойш 275 мянга орчим жуулчин иржээ. Тэгвэл, Монголыг зорин ирж буй иргэдэд тулгамддаг асуудлын талаар сурвалжилга бэлтгэлээ. 

Ингэхдээ жуулчдын “толь” хэмээн нэрийдэж болох хөтөч нартай ярилцсан юм. 

-Өндөр хөгжилтэй орны хүмүүст “Модон нойл” сонин санагдах нь ойлгомжтой-

Хөтчөөр зургаа дахь жилдээ ажиллаж буй П.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та хэдэн жил гадаадын иргэдэд хөтөч хийж байна. Жуулчны компанид харьяалагддаг уу? 

-Сайн. Би зургаа дахь жилдээ хөтчийн ажлыг хийж байна. Жуулчны компанид харьяалагддаггүй. Хувиараа ажилладаг юм. 

-Энэхүү ажлаа долоон жил хийсэн гэлээ. Тэгвэл энэ хугацаанд нийт хэчнээн хүнийг монгол оронтой танилцуулсан бэ. Ихэвчлэн аль улсын иргэд байв? 

-Миний хувьд БНСУ-ын иргэдэд хөтөч хийдэг. Долоон жилийн хугацаанд 100 гаруй хүнийг монголоор аялуулаад байна. 

-Жуулчид ямар шалтгааны улмаас Монгол улсыг зорьж байна. Тэднийг татаж буй гол хүчин зүйлийг юу гэж харав? 

-Намайг хөтчөөр сонгох жуулчдын ихэнх нь аялахаар ирдэг. Тэр дундаа говь, хангайн бүсээр явах нь элбэг. Жуулчдыг татаж буй гол шалтгаан бол байгаль. Бүр “Байгалийн сайхныг мэдэрлээ” хэмээн уулга алддаг шүү. 

-Монгол орноор жуулчдыг аялуулахад ямар ямар бэрхшээл тулгардаг вэ. Хэрхэн шийдвэрлээсэй хэмээн хүсэж байна? 

-Монголоор аялахад хамгийн бэрхшээлтэй зүйл бол яах арга үгүй боловсон нойлын асуудал. Өндөр хөгжилтэй орны хүмүүст манай “Модон нойл” сонин санагдах нь ойлгомжтой. Таагүй царайтай л гарч ирдэг дээ. 

Үүнээс гадна бартаат зам жуулчдыг туйлдуулдаг юм. Хөтөч хүний хувьд аль болох Монгол орныхоо сайнаар харуулахыг зорьдог. Гэтэл дээрх хоёр асуудлыг бол яаж ч чаддаггүй. Ёстой л “Булавч бултайна, даравч далдайна” гэдэг нь болдог юм. 

Энэ жил аялал жуулчлалын жил хэмээн зарласан. Гэхдээ жуулчдыг татъя гэвэл ариун цэврийн газраасаа эхлээд шинэчлэл, сайжруулалтыг хийгээрэй хэмээн хүсэх байна.  

-Хөтөчтэйгөө ойлголцоогүйгээс үүдэж аялал дуусах тохиолдол бий-

Долоо дахь жилдээ хөтөч хийж буй М.Энхтүвшинтэй ярилцлаа.

- Сайн байна уу. Та хэдэн жил хөтөч хийж байна. Жуулчны компанид харьяалагддаг уу? 

-Сайн. Би долоо дахь жилдээ хөтчийн ажил хийж буй. Компанид харьяалагддаг. 

-Долоон жил ажиллах хугацаандаа хэчнээн хүнд хөтөч хийж Монголоор аялуулав. Ихэвчлэн аль улсын иргэд таныг сонгож байна? 

-Европын орны иргэдийн хөтөч хийгээд долоон жилийг үджээ. Энэ хугацаанд нийт 300 орчим хүнтэй богино хугацааны аялалд явсан юм. 

-Он гарснаас хойш хэдэн удаа аялалд явав. Ингэхдээ хэдэн хүнийг замчлав? 

-Хагас жилийн хугацаанд гурван аялал хийгээд байна. Ингэхдээ зургаан хүнийг Монголоор аялууллаа. Өнөөдөр л гэхэд хоёр жуулчинтай хамт явж байна. 

-Монголыг зорих жуулчдын хөл хөдөлгөөн ихэссэн шүү дээ. Яагаад гэж бодож байна? 

-Манай монгол орны байгаль дэндүү үзэсгэлэнтэй. Мөн малчин айлуудын зочломтгой зан хийгээд нүүдлэх ёс тэдэнд таалагддаг юм.  

Ихэнх аялагчид богино хугацаагаар буюу 7-10 хоногоор ирдэг. Тухайн хугацаанд Монголтой бүрэн танилцана гэж үгүй. Тиймээс зарим нь буцаж ирэх тохиолдол бий. Гэвч аялахад бэрхшээлтэй хэд хэдэн шалтгаан бий. 

-Аялахад бэрхшээл тохиолдог гэлээ. Ямар асуудал тулгамддаг юм бол. Юуг засаж шинэчлээсэй хэмээн хүсэж байна? 

-Хэд хэдэн асуудал бий. Үүнд,  

  • Ариун цэврийн газар,  
  • Отоглох байр,  
  • Хогийн сав зэрэг багтана.  

Үүнээс гадна хөтчийн харилцаа, хамтын ойлголцол нэн чухал. Ойлголцоогүйгээс үүдэж аялал хугацаанаасаа өмнө дуусах тохиолдол бий. Дээрх асуудал бүрд шийдэл эрж, шинэчлэл хийчихвэл жуулчдын тоо улам бүр өснө гэдэгт итгэлтэй байна. 

-Аялал бүр төлөвлөсний дагуу байдаггүй-

Жуулчдад хөтөч хийгээд арван жил болж буй Н.Сонингэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Та хэдэн жил хөтөч хийж байна. Энэ хугацаанд нийт хэчнээн жуулчдыг Монголтой танилцуулав? 

-Би 10 дахь жилдээ хөтөч хийж байна. Анх оюутан байхдаа зуны амралтаараа хобби болгон хийдэг байсан ажлаа одоог болтол гүйцэтгэж байгаа юм. Хөтөч хийсэн энэ арван жилийн хугацаанд 200 орчим жуулчдыг Монголтой танилцууллаа. 

-Ихэвчлэн аль улсын иргэдтэй хамт аялалд гарч байна? 

-Олон орны хүмүүстэй аялалд явж байлаа.  

Нэрлэвэл, 

  • Америк 
  • ХБНГУ
  • Япон гэх мэт.  

-Аяллын туршид хөтөч ямар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

-Тухайн аяллыг яаж өрнөхийг хөтөч л шийдэж, ерөнхийд нь удирдаж явдаг юм. Ингэхдээ орчуулагчаа хийнэ, зарим тохиолдолд тогоочийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна орон нутгийн бартаат замд жолоочтойгоо ойлголцож явах нь чухал байдаг юм. 

-Аялахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу? 

-Ер нь аялал бүр төлөвлөсний дагуу байдаггүй. Аялал бүхэлдээ бүтэлгүйтэх тохиолдол ч бий. Жишээлбэл, үер ихээр буусан үед зам усанд идэгдэж явах боломжгүйд хүрдэг. 

Мөн гадаадын жуулчид Хөвсгөлийн аяллыг сонирхох нь элбэг. Цаатан аж ахуй, ёс заншил нь гайхалтай хэдий ч урцанд хоноглох шаардлага тулгардаг юм. Зарим жуулчид энэ нь сонирхолтой санагдах боловч ихэнхдээ тааламжгүй байгаагаа илэрхийлдэг л дээ. 

Үүнээс гадна ариун цэврийн байгууламжийн асуудал нэн тэргүүн яригдах зүйл. Энэ нь жуулчдын хувьд “толгойны өвчин” гэж хэлж болохуйц нөхцөлд хүрээд буй. Үүнийг л боловсон байдлаар шийдээд өгөх хэрэгтэй.  

Тэгвэл, жуулчдыг хэрхэн анхаарч байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас тодрууллаа.

-Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчдад зориулан жил бүр 17 орчим арга хэмжээ зохион байгуулдаг-

"Жуулчдад зориулж жил бүр 17 орчим арга хэмжээг зохион байгуулдаг. Тэдгээрээс дурдвал, дээлтэй монгол, талын салхи, UB food зэргийг нэрлэж болохоор байна. 

Харин баяр наадмын үеэр нийслэлийн цагдаагийн газартай хамтран оюутан цагдаа хөтөлбөрийг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт гадаад хэлтэй 150 оюутныг хамруулаад байна.

-Мөн баяр наадмын үеэр зохион байгуулдаг үндсэн хоёр арга хэмжээ бий. Үүнд, Дээлтэй Монгол болон Play time багтаж байгаа юм" хэмээв.

-Монголыг зорьсон 275 мянган жуулчдадаа бид "Дээлтэй Монгол" арга хэмжээгээ л зориулж чадлаа-

Тэгвэл, дээрх хоёр арга хэмжээний нэг нь үер усны улмаас хугацаанаасаа өмнө цуцлагдсан. Улмаар Монголыг зорьсон 275 мянган жуулчдадаа бид "Дээлтэй Монгол" арга хэмжээгээ л зориулж чадлаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-10 12:50

Гадаадын жуулчид манай хөдөөгүүр явахдаа нүхэн жорлонд яажшуухан орж бие за�####�г болоо. Гадаад битгий хэл бид өөрсдөө ороход ч бас л хэцүү шүү. Үнэр танар нь хамар сэтлэм ялаа батгана нисээд л тэгээд доор нь өт язганаад бас л арай л байдаг шүү.

Зочин
Зочин
2023-07-11 17:44

хөшөө бус боловсон цэвэрхэн ариун цэврийн цэг хэрэгтэй

Баярлалаа
Баярлалаа
2023-07-13 16:29

Боловсон жорлонгоо л хурдан хийх хэрэгтэй байна даа

Зочин
Зочин
2023-07-17 17:59

Монголын хаа сайгүй байдаг ШТСтанцуудыг боловсон 00 той болгоход энэ асуудлыг шийдчихнэ шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button