НИЙГЭМ

"Уул уурхайн салбарын хөгжилд - залуу инженерүүдийн оролцоо” чуулган боллоо

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр /2019.10.31/ “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг боллоо.

НАМЗХ-ноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн нийт 180 гаруй залуу инженер оролцсон бөгөөд УИХ гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү нар уул уурхайн салбарын бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13,0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж буйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов. Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг хэлсэн үгэндээ тодотгосон. Үүний 4 мянга нь дээд боловсролтой инженерүүд аж. Мөн чуулганы үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхай ба залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн ахлах инженер Э.Төгөлдөр уул уурхайн салбар дахь дроны ашиглалт нэвтрүүлсэн талаар туршлага хуваалцсан бол “Багануур” ХК-ийн Технологийн автомашины хэсгийн инженер Э.Шинэбаяр шанага үйлдвэрлэх инновацийн төслөө танилцуулсан.

Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг  Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Уг илгээлтэд инновацийг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяасад суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button