Я.Эрдэнэсайхан: Монгол-Хятадын экспод оролцох аж ахуйн нэгжийн бүртгэл дуусахад 2 хоног үлдсэн

Манай улс БНХАУ-тай хамтран Монгол-Хятадын экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж буй. Тодруулбал, ирэх сарын 6-10-ний өдрүүдэд зохион байгуулах билээ. Тэгвэл эл үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол-Хятадын экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
-Монгол-Хятадын экспо үзэсгэлэн худалдаа болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ удаагийн онцлог шинж нь юу вэ?
-“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд хоёр жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно. Дөрөв дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан.
Экспоны үндсэн арга хэмжээ болох Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, Үзэсгэлэн худалдаа, хурал, форум, соёлын солилцооны төлөвлөгөө гэх агуулгуудыг багтаасан. Үүнтэй холбоотойгоор 3 дэд ажлын хэсгийг байгуулах, дэд ажлын хэсэг холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ болон 500 аж ахуйн нэгжийн оролцоог ханган ажиллахад анхаарах, үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх ажлыг зохих журмын дагуу бэлтгэж байна.
-Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ?
-Аж аухйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс оронд сурталчилж, худалдааны талаасаа ашиг олох боломжтой юм. 2019 онд гэхэд л нийт 2.7 тэрбум төгрөгийн орлогыг олсон. Энэ жилийн тухайд орлогоо өмнөх жилээс өсгөх бодлоготой байгаа. Түүнчлэн худалдаа эрхлэгчид маань санхүүжилт олох гарц нь болно.
-Нийт 500 аж ахуйн нэгж оролцоно гэлээ. Одоогоор хэдэн аж ахуйн нэгж бүртгүүлсэн бэ?
-Наймдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийг бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Аж ахуйн нэгжийн бүртгэл дуусаагүй. Ойрын хугацаанд бүртгэлээ хаана. Үүний дараагаар урд хөрш рүү оролцох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг явуулна. Хятадын талаас шаардсан хориглосон бүтээгдэхүүнүүд бий. Тиймээс шаардлага хангах бүтээгдэхүүнийг борлуулна. Уг шаардлагыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа гурван агентлаг судалж, хянана.
Мөн сануулан хэлэхэд энэ сарын 18-ны өдөр аж ахуйн нэгжийн бүртгэл дуусах юм.
-Оролцох аж ахуйн нэгжүүд зардлаа 100 хувь гаргах уу?
-Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу зарим зардлыг даана. Бусдыг нь аж ахуйн нэгж өөрөө гаргана. Одоогоор замын зардлыг эцэслэн тооцоогүй байгаа. Ажлын хэсэг хуралдаж, эцсийн зардлыг удахгүй тооцоолж дуусна.
-Экспог манай улс хамтран зохион байгуулж байгаа. Одоогоор хэдэн хувьтай байгаа бол?
-Хувь хэлэхэд хэцүү. Энэ нь маш том үйл ажиллагаа шүү дээ. Хятадын талаас байнгын ажлын хэсэг байгуулж, ажиллаж байна. Монголын талаас гурван дэд ажлын хэсэг ажиллаж байгаа.
-Уг үйл ажиллагаанд оролцож буй бусад улс орны төлөөлөгчдийн талаар дурдвал?
-Хятадын нутаг дэвсгэр дээр болж буй тул тус улсын Худалдааны яам голлож зохион байгуулж байна. Киргизстан, Казахстан, Узбекстан гэх мэтчилэн дундад Азийн таван улс зочин улсаар оролцож байгаа. Мөн Орос тэргүүтэй 20 гаруй орны тодорхой аж ахуйн нэгжүүд, төрийн төлөөллүүд бизнесээ өргөжүүлэхээр оролцоно гэх урьдчилсан мэдээлэл бий.
-Манай улсын хувьд ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Өмнөх экспогоос олсон орлогоо ахиулах хүлээлттэй байна. Тиймээс худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд маань чанартай, сайн бүтээгдэхүүнтэй оролцох хэрэгтэй. Экспод орлого олох боломж өндөр байдаг. Гэвч цар тахлын дараа ЖДҮ-ийн газраас зохион байгуулж оролцоогүй юм. Цар тахлын дараа зохион байгуулж байгаа учраас худалдан авагчдын зан төлөв ямар байгааг хэлж мэдэхгүй байна.
Эдийн засаг, хөгжлийн яам ахаж, хөрөнгө оруулалтын чуулган хийж байгаа. Чуулганаар санхүүжилт татах төслүүдээ танилцуулна. Үүнээс бизнес түншийг олох боломж өндөр.
-Ярилцлагынхаа төгсгөлд бүртгүүлэхийг хүссэн аж ахуйн нэгжүүд хаана хандах талаарх мэдээллийг өгөөч?
-Бүртгүүлэхийг хүссэн аж ахуйн нэгжүүд МҮХАҮТ, Мишээл Экспо болон Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо гэх гурван байгууллагатай холбогдож бүртгүүлж болно. Мөн ЖДҮ-ийн газартай холбогдож, дээрх байгууллагууд руу бүртгүүлэх боломж бий. Бидний зүгээс цахим орчинд ч мэдээллүүдийг түгээж байгаа. Дэлгэрэнгүйг шторкуудаас авах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь Хятадгуйгээр Монголчууд амьдраад сурчихв�##�, яахав ойр зуурын дотуур гадуур омд мэтийн юм л авб�##� болоо