Э.Болормаа: Хайгуулын ажил Д.Эрдэнэбилэгээс болоод зогссон гэж бодохгүй байна

"Газрын ховор элементээрээ монгол дэлхийд гангарна" гэсэн мессэж уг нь Засгийн газрын өөрийнх нь гаргасан эерэг агуулга юм. Гэвчиг газрын ховор элементийн төслүүд монголд одоогоор эхэлсэн зүйлгүй. Хайгуулын түвшинд яваа төсөл орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдалтай байна.
Бид энэ асуудлаар төр ба хувийн хэвшлийн байр суурийг тэнцвэржүүлэн хүргэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай холбогдож, тодрууллаа.
-"Халзан бүргэдэй" ордын хайгуулын үйл ажиллагааг өнгөрсөн жил эхлээд удаагүй байхад нь зогсоосон. Хавар үргэлжлүүлэхдээ ямар шийдвэрт үндэслэгдсэн бэ?
-Олон нийтийн мэдэхчлэн "Халзан бүргэдэй" ордын хайгуулын ажил өнгөрсөн оны намраас хойш сэргэсэн. Анх 2012 онд хайгуулын өрөмдлөг хийж байсан юм. Өнгөрсөн намар хайгуул эхлэнгүүт орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч, тайван жагсаал хүртэл зохион байгуулагдсан. Жагсаалтай холбогдуулан, аймгийн засаг дарга, онцгой байдлын газар, Цөмийн энергийн газар, яамдын ажлын хэсэг гарч ажилласан юм. Ингээд аймгийн онцгой комиссын шийдвэрээр хайгуулын үйл ажиллагааг зогсоосон ч уг шийдвэр нь шүүх дээр унаж, компанийн талд гарсан учраас хайгуулын үйл ажиллагаа 2023 оны хавраас сэргэсэн юм.
-Тэгвэл одоогийн байдлаар хайгуулын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж, орон нутгаас хэрхэн хяналтаа тавьж байгаа вэ?
-Шүүхийн шийдвэр нь багийн болоод аймгийн иргэдийн санал, ИТХ-аар ч юм уу орох шаардлагагүй. Шууд хэрэгжих эрх зүйн үндэслэлтэй. Засаг даргын тухайд ч тэр Аймгийн онцгой комиссоосоо илүү эрх мэдэл уг асуудал дээр хуулиараа эдлэх боломжгүй юм. Аймгийн засаг даргын зүгээс сумын ЗДТГ руу уг хайгуулын талбайд тодорхой хяналтуудыг хийж байх чиглэл өгсөн. Сумаас хайгуулын талбайд 14 хоногт нэг удаа очиж, хяналт тавин ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс хайгуул сэргэсэнтэй холбоотой эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхий сайдын уулзалтын үеэр мөн энэ асуудлыг хөндсөн юм. Засгийн газрын тэргүүн бол "Иргэдийн дэмжлэггүйгээр энэ төсөл цаашаа явахгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Хайгуул хавар эхэлснээс хойш өнгөрсөн намрынх шиг орон нутгийн иргэд эсэргүүцлээ хурц байдлаар илэрхийлсэн үү?
-"Компанийн зүгээс наадмаас өмнө хайгуулаа дуусгаад явна" гэх мэдээллийг нутгийн иргэдэд өгсөн. Гэтэл тэр хугацаандаа яваагүй учраас сая Ерөнхий сайдыг очих үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн мэдээллийг сумын удирдлагуудын зүгээс өгч байгаа.
-Иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь өнгөрсөн жилийн тухайд газрын гадарга дээр ураны цацраг идэвхт ялгарал ихсэж, хүн малд аюултай нөлөө үзүүлнэ гэх агуулга байсан. Үүнийг энэ хавар эхэлсэн хайгуулын явцад хэрхэн хянасан бэ?
-Цацраг идэвхт бодисын хэмжилтийн аппаратуудыг ажилтнууд нь зүүх, үүнийг сумын захиргаанаас хянах чиглэлийг хавар Аймгийн онцгой комисс өгч, энэ дагуу компани ажиллах зохицуулалт хийсэн. Ер нь цаашдаа Мянгад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас компанитайгаа аймгийн ЗДТГ гэхээсээ илүү орон нутаг илүү ойлголцож ажиллах, ИТХ-аараа энэ асуудлаа нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг миний зүгээс барьж байгаа.
-Компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих санд ч юм уу тодорхой хөрөнгө оруулалт хийсэн зүйл байгаа юу. Тухайлбал, "Инвест Ховд" арга хэмжээгээр уг компани нэлээд зардал гаргаж байгаа харагдсан. Энэ чинь эргээд та бүхэн лоббид өртөх ч юм уу эс үйлдэхүй болчихдоггүй юм уу?
-Уг арга хэмжээг Ховд аймгийн болоод хотын гаралтай олон ААН-үүдийн дэмжлэгээр зохион байгуулсан. Хувийн хэвшлүүдээ дэмждэг байх, төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв. Энэ компанийг орон нутагт эсэргүүцэж байсан ураас бид тухайн арга хэмжээн дээр мөнгө харилцаанд ороогүй. Арга хэмжээний тайзыг авчрах зохион байгуулалтын дэмжлэг авсан. Үүнтэй дүйцэхүйц дэмжлэгийг өөр олон байгууллагууд ч үзүүлсэн байгаа. Тиймээс үүнийг лоббид өртсөн үйлдэхүй болно гэж бодохгүй байна.
-Та Ерөнхий сайдын ажлын багийг ахалж байгаад, Ховд аймгийн засаг даргаар томилогдсон. Засгийн газрын тэргүүн олон улсад газрын ховор элементээрээ шинэ амбиц үүсгэхээ зарлаад байгаа. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, "Хөтөлийн цемент"-ийн хувьчлал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээнд оролцсон, ЗГ-тай удаан хугацаанд эвээ олохгүй байгаа Д.Эрдэнэбилэгийн өмчлөлд уг хайгуулын талбай байсантай холбогдуулан, эдийн засгийн үр өгөөжтэй байж болох сайн төсөл дээрээ иргэдийн саналд үндэслэнэ гэх зэргээр ЗГ субъектив байдлаар тээг тавиад байгаа юм шиг харагддаг. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?
-Би хайгуулын ажлыг Д.Эрдэнэбилэг гэдэг хүнээс болоод зогсоод байгаа гэж бодохгүй байна. Яг жагсагчидтай уулзаад, иргэдийн саналыг сонсож яваа хүний хувьд хэлэхэд бухимдал нь органик байгаа. Аливаа жагсаалуудыг зохиомлоор хөөрөгдөх, санхүүжүүлж турхирах зэрэг үйлдлүүд харагддаг. Харин Мянгад сумын иргэдийн бухимдал бол яг бодит санаа зовнилоос үүдэж байгаа нь харагддаг. Үүнийг заавал сонсох ёстой.
Нөгөө талд Засгийн газар газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах урт хугацааны бодлогоосоо ухарч байна гэж бас хараагүй. Хэдий урт хугацааны бодлого чухал ч орон нутгийн иргэдтэй ойлголцох, мэдээллээ сайжруулах, технологийн хувьд хэрхэн шийдэх юм зэрэг зайлшгүй анхаарч үзэх олон асуудлууд бий. Нэг талаараа цаг нь ч болоогүй байж болох. Энэ ганц бидний асуудал биш, технологийн шийдлээ жишээ нь дэлхийн улс орнууд яг таг олчхоогүй л байна. Ийм тодорхой асуудлууд байгаа учраас яг бодлогоор гацаагаад, ухраагаад байх санаа сэдэлгүй байгаа гэдгээ хэлье.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Энэ тухай бидний бэлтгэсэн Э.Болормаа ба Ц.Пүрэвтүвшин: "Халзан бүргэдэй"-н хайгуулыг зогсоох бодит үндэслэл байгаа юу нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.