Тойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Танилц: МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөр дэх уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт

МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт 2024 он хүртэл манай улсыг хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна хэмээсэн.

Мөрийн хөтөлбөрийнхөө хоёрдугаар хэсэг болох эдийн засгийн бүлэгтээ хэд хэдэн зүйлийг онцолсон байдаг. Үүнд,

  • Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ.
  • Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана.
  • Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна.
  • “Монгол мал – II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно.
  • Эрчим хүч экспортлогч орон болно.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно хэмээн оршилдоо тусгасан байдаг.

Тэгвэл тэдний 2020-2024 оны хооронд манай улсыг хөгжилд хөтлөх мега төслүүдийн жагсаалттай танилцъя. Эргээд харахад сонгууль болоход 10 сар үлдсэн энэ үед тэдний амласан мега төслүүд ямар шатандаа байгаа талаар танилцацгаая.

НЭГТ. Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна

Эл орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Онч Хараат болон Ухаа худаг гэх зургаан хэсгээс бүрддэг. Бортээгийн хэсгийн нүүрс нь сул коксжсон нүүрс бөгөөд ханшийг нь өсгөхийн тулд хуурай аргын баяжуулах үйлдвэрийг барьж байгаа.

“Админерал” ХХК өдгөө Тавантолгойн ордод (тодотговол Бортээгийн уурхай) түшиглэн хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. Үйлдвэр одоо бараг ашиглалтад ороход бэлэн болсон байх ёстой. Энэ долдугаар сард ашиглалтад орно гэж ЭТТ ХК-иас мэдээлж байсан юм.

Түүнчлэн Үйлдвэр байгуулахын тулд туршилт судалгаа хийх хүрээнд нүүрс авч байсан гэхэд 47 мянган тонн гэдэг хэт өндөр дүн.

Үүнээс гадна Бортээгийн уурхайн яг гол хэсэгт, 351 мянга 507 га газар “Админерал” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх мэдээлэл бий. Энэ нь үйлдвэр баригдах газар нь гэж ойлгогддог.

Юутай ч эл ордыг бүрэн ашиглалтад оруулсан гэх мэдээлэл одоогоор байхгүй.

ХОЁРТ. Оюутолгойн далд уурхайг ашиглана

Энэ гурван жилийн хугацаанд эрх баригчдын хамгийн сайн хурдлуулсан төсөл бол Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулсан явдал билээ. Энэ оны гуравдугаар сарын 13-нд гүний уурхайн нээлт болсон юм. Тус уурхайн ил болон далд уурхайгаас 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэх бөгөөд түүнээс цааш жилд дунджаар 350 мянган тонныг олборлох тооцоотой.

Энэ орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршино. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог.

Гүний уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай. Тиймээс блокчлох аргаар олборлодог билээ. Үүний тулд 6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж байгуулна.

Ямартай ч тэд гүний уурхайн нээлтийг хийсэн тул энэ хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэсэн үг.

ГУРАВТ. Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна

Хятадын нүүрсний чанарт тавьж буй шаардлагыг хангах үүднээс 2018 онд нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Тус компани Цагаансуваргын зэс-молибдений төслийг хөгжүүлж байгаа. Улсын хэмжээнд гуравт тооцогдох эл орд 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибдений нөөцтэй. 15-20 жил уурхайлна.

Ил уурхайн аргаар жилд 14.6 сая тонн сульфидын хүдэр олборлож 300 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибдений баяжмал экспортлох зорилттой.

Өнөөгийн байдлаар төслийн явц 46 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зэсийн үнийг 7500 ам.доллар гэж тооцвол жилд 600 сая ам.долларын борлуулалтын орлого олох зэсийн үйлдвэрлэл болох юм. Нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай. Компани 400 сая ам.доллар оруулсан ба үлдэгдэл 800 сая ам.долларын санхүүжилтийг олоход хугацаа зарцуулж байгаа

ДӨРӨВТ. Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Дээрх компаниудын санхүүгийн сөрөг үзүүлэлттэй, өр ихтэй тул төлбөрийг барагдуулж бие даасан орлого ашигт хүргэх төслүүд хэрэгжүүлэх юм. Шивээ-Овоогийн дэргэд 200МВт цахилгаан станц, Нүүрс-химийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн судалгаа хийж байна. 2025 онд ашиглалтад орно.

Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай Эрдэнэт үйлдвэрт олгосон. Тухайн кластер дотроо Зэсийн баяжмал боловсруулах, мөн Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэсийн хоёр үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулна. Гаднах дэд бүтцийн тендерүүд зарласан, хавраас үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болжээ. Орхон аймгийн 1217 га газарт байгуулах Үйлдвэрлэл технологийн паркийн өртөг 136.6 тэрбум төгрөг. ТЭЗҮ-ийг баталсан, байгаль орчны үнэлгээ хийх ажил үлджээ. 

Товчоор бол 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр дараагийн сонгуулиар биеллээ олно гэсэн үг.

ТАВД. Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина

2017 оноос хойш хэрэгжүүлж буй уг төсөл нь долоон жилийн хугацаанд гурван сайдын нүүрийг үзсэн билээ. БНЭУ-ын Экзим банкны 1.6 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Цар тахлын улмаас санхүүжилтээ 100 хувь авч чадаагүй байхдаа зээлийн эргэн төлөлтийг хийх хугацаа болсон асуудал үүссэн. Улмаар гэрээний асуудлыг таван сарын турш судалсны эцэст хийж дууссан байна.

Ингэснээр санхүүжилтийн асуудлыг шийдэж 2026 онд үйлдвэрийг ашиглалтад оруулж, 2027 оноос анхны бүтээгдэхүүнээ авна хэмээн тооцоолж буй. Гэвчиг анхны тооцооллын хүрээнд бол 2023 онд ашиглалтад орно хэмээж байсан юм. Түүнчлэн эл үйлдвэрийг орд түшиглэж бариагүй гэх асуудал дагалддаг. Ямартай ч тэд үйлдвэрийн суурийг тавина хэмээсэн юм. Үйлдвэрийн суурь ч хэдийнэ тавигдсан билээ.

Үйлдвэрийнхээ суурийг тавьсан тул ямартай ч эл мөрийн хөтөлбөрийг биелүүлсэн гэсэн үг. Уг үйлдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

ЗУРГААД. Тавантолгойн нүүрс-хими, кокс хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна

Үйлдвэрийн төслийг “Эрдэнэс Тавантолгой” компани бэлтгэж байгаа. Нийт 2-2.5 тэрбум ам.долларын өртөгтэй Нүүрс-химийн үйлдвэр нь уурын цахилгаан станцаас эхлээд дотоодын шингэрүүлсэн болон бусад бүтээгдэхүүнээр хангах том төсөл болно. “Багануур”-ыг түшиглэсэн Нүүрсхимийн цогцолборын ТЭЗҮ-ийг батлах шатандаа явж байна.

Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь хагас коксжих шахмал түлш бөгөөд 800 мянган тонныг Улаанбаатар хотын хэрэглээнд, 400 мянган тонныг экспортолно. Түүнчлэн 61 мянган тонн дизель үйлдвэрлэнэ, 20МВт хийн цахилгаан станц байгуулна. Үүнийг 2025 онд ашиглалтад орно хэмээж байгаа.

Мөн шингэрүүлсэн метан хий рүү шилжихэд зардал их хэрэгтэй хэмээн үзжээ. Багадаа 2-4 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд үүнийг нүүрсээрээ босгоно гэж үзэж байна. Хагас, гүн боловсруулж эрчим хүчний дараагийн шатанд шилжинэ. 

Энэ төсөл хөтөлбөр ч 2025 онд буюу дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр рүү шилжсэн.

ДОЛООД. Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ

Улаанбаатар хотын утааг бууруулах үндсэн чиг үүргээр өр төлбөр үүссэн “Тавантолгой түлш”-ний хувьд 2 сая тонн нүүрс нойтон аргаар угаах, баяжуулах шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ. Жилд 1.4 сая тонн хагас боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэж, экспортлох замаар ЭТТ авлагаа тооцно.

Одоогоор шинээр нүүрс угаах хэчнээн үйлдвэр барьсан талаарх мэдээлэл байхгүй. Энэ талаар албаны эх сурвалжууд ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

НАЙМД. Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлургихимийн үйлдвэр байгуулахад 762 сая ам.долларын хөрөнгө оруулна. Жилд 560 мянган тонн баяжмал боловсруулж 124 мянган тонн катодын зэсээс гадна алт, мөнгөн гулдмай үйлдвэрлэнэ. Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийжээ. 60 сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг байгуулна. Эндээс жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх юм.

Гэвч ашиглалтад оруулаагүй, зөвхөн ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг л хийсэн.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Эцэст нь МАН-ын УИХ-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан мега төслүүдийн явцын талаар мэдээллээ. Хэрэгжилтийн нөхцөл байдлыг ч тусгасан бөгөөд уншигч танд дүгнэлтийг үлдээе. Харин үйлдвэр, мега төслүүдийг хэрэгжүүлэх нь урт хугацааны ажил боловч, тэд бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй шалтгаанаа цар тахалтай холбох биз. Юутай ч суурийг тавих, ашиглалтад оруулах гэх үгс нь хэрэглээ, утгынхаа хувьд өөр бөгөөд энэ нь тухайн төслийн ажлыг хэрэгжсэн, хэрэгжээгүйд тооцоход асар их нөлөө үзүүлнэ. Юутай ч зөвхөн 2020 он гэлтгүй, ирэх 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч эдгээр төслүүдийг дахин тусгах нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-15 09:54

МАНдуулж ханахгүй Мангартаж ч ханахгүй улсаараа МАНдаа хүчиндүүлээд сүйрлээ

Зочин
Зочин
2023-09-15 09:56

МАН хүчирхэг болсоор дараа жилийн сонгуульд бас л төр барьж таарах нь дээ

Стар
Стар
2023-09-15 11:24

Ээ одоо болио

Зочин
Зочин
2023-09-15 14:10

АН-ынхаан хөтөлбөрөө хариуцлагатай боловсруулж 2024 оны сонгуульд ялах хэрэгтэй. Барууны үзэлтэй нам гэдгээ батлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button