Нийгэм мэдээ

Хууль: Хүүхдийн тэтгэлгийг алданги тооцож, нэхэмжлэх боломжтой

Гэрлэгчид бүл цуцлах, хамтран амьдрагчид хамтын амьдралаа дуусгавар болгож буй тохиолдолд хүүхдийн эрх ашиг хамгийн их хөндөгдөж байдаг тул хүүхдээ хэн нь өөрийн асрамжиндаа авах, хэрхэн тэжээн тэтгэх талаар эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулдаг / Гэр бүлийн тухай хуулийн 38.2 дахь хэсэг/. Нэгэнт л эцэг, эх болсон бол насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Харин эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулж чадаагүй бол тэтгэлгийг шүүхээр тогтоолгодог. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо тэтгэмж өгөх үүрэгтэй эцэг/эх –ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

  • 1. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн /
  • 2. Гэрлэлтийн баталгааны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн /
  • 3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • 4. Хүүхэд сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт
  • 5. Ам бүл, ажил байдлын талаар хороо, багийн Засаг даргын тодорхойлолт
  • 6. Харьяа өрхийн эмнэлэг, эмчийн тодорхойлолт
  • 7. Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг тушаасан баримт гэх мэт бусад шаардлагатай баримтын хамт гаргаж өгнө.

Шүүх хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр олгохоор тогтооно.

1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар:

Баруун бүс-212,600

Хангайн бүс-213,800

Төвийн бүс-207,400

Зүүн бүс-210,300

Улаанбаатар-238,700

2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр

3. Цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэр эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, бүтэн жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно. Хэрэв тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болдог. Тухайлбал, 18 нас хүртэлх хугацаанд нийт хэдэн төгрөг төлөхөөс, төлөгдөөгүй үлдсэн нь хэд вэ гэдгийг алданги тооцоод нэхэмжлэх боломжтой.

Харин тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална. Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болдог.

Тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Мөн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй /100,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button