“Булган уулыг 100 янгиртай болгох нутгийн хүүгийн хүслээр 8 настай харлаг тэх сүрэгтээ нийллээ”

Архангай аймгийн Булган ууланд өчигдөр /2023.10.11/ Богд уулаас хоёр янгирыг нүүлгэн шилжүүлж, сүрэгт нь нийлүүллээ. Сүрэгт гэсний учир өнгөрсөн зургаадугаар сард тус газар 11 янгирыг нутагшуулахаар хүргэсэн билээ. Харин өчигдөр найман настай харлаг тэх, сувай харлаг янгир ямааг нийлүүлснээр Булган уулын янгирууд сүргийн манлайтай боллоо.
Бид уг ажлыг санаачлагчдын нэг Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1999 онд төгсөгч Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Архангай аймгийн Булган ууланд янгир нутагшуулах ажлыг аймгийн 1999 оны төгсөгчид зохион байгуулсан. Харин таныг санаачлагч нь гэж сонслоо...?
-Тийм ээ. Бид хүүхэд байхдаа Булган уулан дээрх Янгирын хөшөөний тэр хавьд л тоглож өдрийг өнгөрөөдөг байлаа. Тэгэхэд энэ ууланд янгир үнэхээр байсан юм болов уу гэж төсөөөлж бас мөрөөддөг байсан. Хожим нь миний бие Нүхтийн ам орчим байх янгируудад өвөл нь өвс тэжээл, бусад улиралд хужир мараа тавьж өгсөөр 4-5 жил болсон юм. Тэгээд ноднингоос хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж Булган хайрхан ууландаа янгир нутагшуулья гэж бодсон. Ингээд манай 1999 оны төгсөгчид нэгдээд бусад үе үеийн төгсөгчдөө уриалж эхэлсэн.

-Төгсөлт, үе тэнгийнхэн нэгдээд янз бүрийн л ажил үйлс санаачилж, хэрэгжүүлдэг. Харин зэрлэг амьтныг төрсөн нутаг усандаа нүүлгэн шилжүүлнэ гэхээр нэлээд ажил болдог болов уу?
-Мэдээж хэрэг нутагтаа янгиртай больё, дэмжиж байна гээд бүтчих ажил биш шүү дээ. Эхлээд судалсан. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан. Ингээд яамны хүсэлтийг маань хүлээн авч, зургаадугаар сард зөвшөөрөл нь гарснаар бидний үеийнхэн анхны нутагшуулалтаа хийсэн юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд Богд уулнаас найман ямаа, гурван бага насны тэх нийт 11 тооны янгирыг авч ирж, ууландаа тавьсан. Богд уулын хаанаас хэдэн настай янгир авах, нүүлгэх тээвэрлэх гээд бүхий л үйл явцад Биологийн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан. Эхний нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг манай Архангайн 1999 оны төгсөгчид цуглуулж, бүрдүүлсэн. Харин хоёр дахь нүүлгэн шилжүүлэх ажлын зөвшөөрөл наймдугаар сард гарч, мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран өчигдөр Булган хайрхандаа аваачлаа.
-Энэ удаад хоёр дахь нүүлгэн шилжүүлэлт хийлээ. Анхнаас нь ингэж төлөвлөсөн байсан уу?
-Эхний нутагшуулсан янгирын сүргээс төл авах боломжгүй байсан. Учир нь найман ямаа байгаа ч эр нь нас жижиг, балчир. Тиймээс сүргийн манлайтай болох, нас бие гүйцсэн тэхтэй болж төл авах шаардага үүссэн учраас зунаас зөвшөөрөл хөөцөлдөж эхэлсэн. Ер нь бол цаашид Булган уулын янгирын сүргийн тоо толгойг 100-д хүргэх зорилготой. Мэдээж сүрэг маань ууландаа өсөж үржинэ. Мөн бид бусад янгиртай аймгуудаас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө бий.
-Сүргийг харж хамгаалах шаардлага үүсч байгаа юу, эсвэл?
-Булган уул бол Архангайчуудын шүтээн хайрхан. Энэ сайхан хангайдаа сүсэглэн залбирдаг учраас дотор нь байгаа ан амьтан амар тайван амьдарна. Түүнчлэн Булган уулыг зэрэглэл дээшлүүлж Дархан цаазат уул болгох ажил энэ жил хийгдэнэ. Ингэчихвэл бүр л сэтгэл амар, сайхан болно доо. Хангайн нурууны төв цэг ийнхүү янгирын сүрэгтэй болж байгаад бид их баяртай байгаа.
Өчигдөр өглөө нүүлгэн шилжүүлэх баг очиход 11 янгир Цогт хайрханы оройд цугласан байсанд төслийн багийнхан ихэд олзуурхжээ. Учир нь эхний аваачсан сүргийн янгир зарим нь ус уухаар хойд Тамир тийш оддог, нэг нь Мухар улаан шивэрт гээд хоёр сар гаруй "тэнэсэн" байж. Булган ууланд хүргэсэн харлаг сүргийнхээ сүлд манлай нь яваарай хэмээн бэлэгшээж Сүлдээ гэж нэр өгөөд, тавьжээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд хаа сайгүй амьтан нутагшуулаад явдаг ажил бол ш�##� буруу ажил
Олон ишигтэй болж хүн зоноо баярлуулна даа дүү минь
Оркууд улаанбаатарыг маань одоо бүр зөөгөөд эхэллээ л дээ п.и.з.д.а
Амжилт хүсье.