Улс төрийн мэдээ

АБГББХ: Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонголоо

Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс, Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг мөн тус Дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт тус тус ирүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна хэмээн заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр, Салдангийн Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталлаа.

Тус байнгын хороо 10 дугаар сард “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх, мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button