Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эцэст нь урагшлах уу

Олон жилийн турш гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эцэст нь урагшлах бололтой.
Тодруулбал, “Бүс ба Зам” олон улсын уулзалтын үеэр хоёр улс хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т өчигдөр гарын үсэг зурсан байна.
Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулжээ. Товчхондоо энэ хэлэлцээрийг байгуулсан нь эргээд уг төслийг урагшлах нь гэх хүлээлтийг үүсгэж буй.
БНХАУ-ын санхүүжилтээр манай улсын Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2018 оны жагсаалтад уг төсөл багтаж байв. Засгийн газар ийн хөрөнгө оруулалт татахтай зэрэгцэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Дөрвөн аймгийн иргэдийг хамарсан уг асуудал одоог хүртэл үргэлжилж байгаа билээ.
Нийт 90 мВт-д суурилсан хүчин чадалтай ажиллаж, жилд нийт 366 сая кВт-ыг үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолсон уг төслийн гүйцэтгэгчээр 2021 онд БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл шалгарсан. Ингэхдээ гэрээний хэлэлцээрт 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулна, зарим зардлыг улсын төсвөөс гаргана, туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж, төслийг 61 сарын хугацаанд европ стандартын дагуу хийж гүйцэтгэнэ хэмээсэн байдаг. ТЭЗҮ-ээр бол 19.5 жилийн дотор өртгөө нөхөх боломжтой. Цахилгаан эрчим хүчээ зарж борлуулаад 271.4 сая долларын зээлийг 19.5 жилийн дотор төлөх боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо гарсан байдаг.
Тэгвэл 2023 онд уг төсөлд нийт 123 тэрбум төгрөгийн төсөв тавьсан бол ирэх жиллийн хувьд 150 тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. Түүгээр ч зогсохгүй иргэдэд үлдэгдэл нөхөн олговор болох 9.2 тэрбум төгрөгийг ч тусгасан байна.
2020 оны УИХ-ын сонгуулийг өнгөрөөсөн эл төсөл ийнхүү 2024 оны УИХ-ын сонгуулийг дамнах нээ. 2018 онд дурдагдаж эхэлсэн хэмээн тооцвол өдгөө зургаа дахь жилээ өнгөрөөх төсөл гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.