Засгийн газраараа цөлмүүлсэн Ирээдүй өв санд ирэх жил 1.3 их наядыг төвлөрүүлнэ

Ямар ч улс орон дараа үеийнхэндээ зориулсан сантай. Манай улсын хувьд одоогоос 12 жилийн өмнө эл сангийн хуулийг боловсруулж эхэлсэн. Улмаар 2015 онд буюу найман жилийн өмнө Ирээдүйн өв сангийн хуулийн асуудлыг анх хэлэлцэж байлаа. Харин 2016 онд хуулийг нь баталсан байдаг.
Гэвчиг Тогтворжуулалтын сангийн адил нөхцөл байдал эл санд үүссэн. Тодруулбал, 2011 онд төсвийн орлого хоёр дахин нэмэгдэж байлаа. Харамсалтай нь зарлага дагаад өссөн. Тухайн үед улсын хөрөнгө оруулалт дангаараа нэг их наяд төгрөгт хүрсэн ч аймгийн төвийн спорт ордон барих эсвэл сургуулийн өргөтгөл барих ажилд л зарцуулагдаад дуусдаг байсан юм. Хэрэв зөв зарцуулж чадсан бол Эгийн голын цахилгаан станцыг барих хэмжээний мөнгө байсан хэмээн Сангийн яамны Төрийн бодлогын газрын дарга асан, эдийн засаг Л.Дашдорж ярьж байв.
Тус сангийн хувьд багагүй бартаат замыг туулж яваа. 2016 оны сонгуулиар Ч.Сайханбилэгийн Засгийн газар тус сангаас 1.1 их наяд төгрөгийг зээлж, нийтэд тарааж дууссан. Угтаа бол 2030 он хүртэл ямарваа нэгэн зарцуулалт хийхгүй гэх хуулийн заалттай. Харин 2030 оноос хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болно. Гэтэл Ч.Сайханбилэг хууль зөрчсөн хэрэг.
Тухайн үед өр нь 2019 онд дуусаад мөн жилдээ 500 тэрбум төгрөгийн хуримтлал орж ирнэ хэмээж байсан юм. Улмаар 2030 он хүртэл зарцуулалт хийхгүйгээр гадаадад хувьцаа худалдаж авахаар байршуулна гэж байлаа. Улмаар хуримтлалаа ахиулж чадвал 2075 онд 108 их наяд төгрөг цуглана хэмээн тооцоолсон байдаг.
Ямартай ч 2019 оны долоодугаар сарын байдлаар тус санд 213 тэрбум төгрөг бий гэж Засгийн газраас мэдээлж байлаа. Гэвчиг өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль батлагдсанаас хойш хуримтлал үүсгэсэн бол 2022 онд нийт хуримтлал нь долоон их наяд төгрөгт хүрэх байсан гэдгийг хэлсэн юм. Эцэстээ гэхэд долоон их наяд бус ердөө 1.3 их наяд төгрөг хуримтлагдсан гэдгийг ч тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Харин Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдааны үеэр 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2.7 их наяд төгрөгийн хуримтлал үүсээд байгаа хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл зөвхөн Ч.Сайханбилэг хууль зөрчөөгүй. Түүний дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тус санд гар дүрсэн.
Шалтгаан нь хүүхдийн мөнгө билээ. Байгалийн баялаг хүүхдийн мөнгөөр дамжин, тэдэнд очиж байгаа гэх агуулгыг нийтэд мэдээлсэн юм. Тухайн үед ч Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сангийн 1.3 их наяд төгрөг байгаа. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв хэмээн Засгийн газар үзсэн" гэж мэдээлсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "18 нас хүртлээ хүүхдийн мөнгө аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэрийг хүүхдээр дамжуулъя гэж тооцоолсон. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна" гэсэн юм.
Ирээдүйн өв сангийн хуримтлалын гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь билээ. Гэвчиг хэдийн хууль зөрчиж гар дүрж, хуульд өөрчлөлт оруулан гар дүрсэн зураглалаас харахад Ирээдүйн өв сан Засгийн газрын урд хормойгоо хойд хормойгоороо нөхөн хэрэгсэл болсон юм.
Тэгвэл энэ жил тус санд 550 тэрбум төгрөг нэмэхээр Төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан. Харин ирэх жилийн төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр тооцоолжээ. Сангийн яамны мэдээлснээр өндөр хүүгээс илүүтэй ирээдүйд хуримтлалыг үр ашигтай, найдвартай хадгалах чиглэлд анхаарахаар ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нам дагасан өлөн хулгайчдын ороогүй нүх сүв гэж �##�га арай өлөн бишүү хулгайчдаа