"Сурагчаа хөөж боловсролын хууль зөрчсөн "Оюунлаг" сургуулийн асуудлыг шалгаж байна"

Хувийн сургуулиуд сурагчаа зүй бус шалтгаанаар хөөсөн хэрэг удаа дараа гарч буй. Тодруулбал, саяхан "Оюунлаг" хувийн сургуулийн захиргаанд нэгэн сурагчийн ээж үдийн цайны амт, чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлт хүргүүлсний төлөө сургалтын үйл ажиллагаа алдагдуулсан, турхирсан хэмээн охиныг нь сургуулиас хөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Мөн одоогоос жилийн өмнө "Дойче Шуле" нэртэй герман хэлний сургалттай хувийн сургууль үдийн хоолны чанарт эцэг эх нь шаардлага тавьсны төлөө охиныг нь сургуулиас хөөсөн ижил төрлийн хэрэг гарсан. Охины ээж "Хувийн сургуулиуд магтуулах л дуртай. Шүүмжлэл хүлээж авах сонирхолгүй. Шүүмжилбэл гэрээгээ цуцална гэдэг хоёр л үгтэй" хэмээн хэлж байв.
Тиймээс энэ удаад сурагчаа зүй бусаар дур мэдэн хөөдөг хувийн сургуулиудад хууль, дүрэм үйлчилдэг эсэх талаар БШУЯ-наас тодруулсан юм.
Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын Суралцагчийн хөгжлийн төлөвшил, хамгааллын бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч Б.Дуламсүрэн "Ямар ч сургууль санал хүсэлтээ илэрхийлснийх нь төлөө хүүхдийг сургуулиас хөөх ёсгүй. Энэ бол Боловсролын хууль зөрчсөн хууль бус үйлдэл.
Сүүлийн үед хувийн сургуулиуд сурагчаа хөөж буй хэрэг ихээр гарч буйтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт сургуулиудын нийгмийн ажилтан болон удирдах ажилтнуудын дунд сургалт явуулж, үүрэг чиглэл өгсөн. Мөн эрх зүйн баримт бичгүүдэд зохицуулалт хийж, хувийн сургууль, эцэг эх, яам хамтарсан гуравласан гэрээ байгуулж байгаа.
Хэрэг гэмт хэргийн шинжгүй бол сахилгын зөвлөлөөр шийдвэрлэнэ. Эсвэл Зөрчлийн тухай хууль, Иргэний гомдлын хуулиар хэргийг шийдвэрлэнэ" хэмээн мэдээлэв.

Олон улсын хөтөлбөртэй болон гадаадын хөрөнгө оруулалттай сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг БШУЯ-наас олгодог. Харин бусад төрлийн сургуулийн зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газар болон орон нутаг нь хариуцдаг байна. Тиймээс "Оюунлаг" сургуультай холбогдох хэргийг Нийслэлийн боловсролын газар, мөн салбарын хяналтын газраас шалгаж байгаа аж.
Мөн шинэчилсэн Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд Боловсролын ерөнхий газар дээр Суралцагчийн хөгжлийн газар гэх хүүхдийн асуудал хариуцсан тусдаа нэгжтэй болсон байна. Тиймээс энд сурагчид бүхий л төрлийн асуудлаар хандах, мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.
Бид өмнө нь үдийн хоолны асуудлаар сурагчаа хөөсөн "Оюунлаг" сургуулийн тухай мэдээллийг хүргэж байв, ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.