Кэйсүүд: Сэтгүүлчид ял оноосон улсуудын ардчилал, авлигын индекс тогтмол буурчээ

Уржигдар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг саатуулсан. Үүнтэй ижил кэйс гаднын ямар улс орнуудад тохиолдож байсныг харж, тэдгээр улсуудад хэвлэлийн эрх чөлөө ямар байдалтай байгааг сонирхоцгооё.
Мариа Ресса

Филлипин сэтгүүлч Мариа Ресса бол тэмцэгч гэдгээрээ олон танигдсан хүн. Тэрбээр “CNN” агентлагийн Манила хот дахь салбарыг 1987 онд нээж, 1995 он хүртэл удирдсан юм. Мөн тус агентлагийн Жакарта хот дахь салбарыг 1995 онд үүсгэн байгуулж 2005 он хүртэл үйл ажиллагааг нь хариуцаж ажиллажээ.
Ресса 2012 онд “Rappler” агентлагийг үүсгэн байгуулж тухайн үеийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн авторитар засаглалын эсрэг хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн байна. Тэр олон удаа баривчлагдаж, арав гаруй удаа батлан даалтаар суллагдаж байсан юм. Мөн "Rappler" агентлагийн эсрэг татвараас зайлсхийсэн гэх долоон хэрэг үүсгэсэн байдаг. Шүүх тэдгээр хэргийн тавд нь Ресса болон "Rappler" агентлагийг гэм буруугүй гэж үзсэн юм.
Ресса болон “Rappler” агентлагийн сэтгүүлч Рейналдо Сантос Жуниор хоёр 2020 оны зургаадугаар сард гүтгэлгийн хэрэгт буруутгагдаж зургаан жилийн хорих ял сонсож батлан даалтын мөнгө төлсний дараа суллагдаж байсан.
Хичээл зүтгэлийг нь үнэлэн “Time” агентлаг Рессаг 2018 оны онцлох хүнээр тодруулсан. Мөн 2021 онд Нобелийн комисс түүнд Энх тайвны шагнал өгсөн юм.

Дутертегийн засгийн газар Рессагийн эсрэг үүссэн хэрэгтэй огт холбоогүй гэж мэдэгдсэн ч хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид үүнтэй санал нэгдээгүй юм.
Дутерте 2016-аас 2022 онд Филиппиний ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр энэ хугацаандаа хар тамхитай дайн зарласан байдаг. НҮБ 2020 онд түүнийг хар тамхины эсрэг тэмцэхдээ олон мянган сэжигтнийг системтэйгээр хөнөөсөн гэж буруушаасан юм.
НҮБ-ын Хүний эрхийн алба Филиппиний хар тамхины эсрэг гэгдэх дайны улмаас 8 мянган хүн алагдаж, 248 хүний эрхийн төлөө тэмцэгч, сэтгүүлч, үйлдвэрчний эвлэлийн ажилтан амь үрэгдсэн гэж тооцоолсон байдаг.
Дутертег ерөнхийлөгчийн алба хааж байх үед тус улсын Хэвлэлийн эрх чөлөөний индекс хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Түүнийг бүрэн эрхээ хүлээн авсан 2016 онд Филиппин НҮБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 178 орноос 138-т жагсдаг байсан юм. 2017 онд 127 болж сайжирсан ч тэр жилээс хойш 133 (2018), 134 (2019), 136 (2020), 138 (2021), 147 (2022) гэж тогтмол буурчээ.

Харин Дутертег ажлаа хүлээлгэн өгсний дараах жил буюу 2023 онд Филиппин Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 132-т орж 15 байр дээшилсэн байна. Мөн “Transperancy.org”-оос харвал түүнийг эрх барьж эхэлсэн 2016 онд Филиппин Авлигын индексээр 180 орноос 101-т жагсдаг байв.
Ирэх жилүүдэд 111 (2017), 99 (2018), 113 (2019), 115 (2020), 117 (2021), 116 (2022) болж өөрчлөгджээ. "Economic Intelligence Unit"-ийн Ардчиллын индексээс харвал 2016 онд Филиппин 167 орноос 50-т орсон байна. Харин 2022 онд тус улс 52-т эрэмбэлэгджээ.
Хишам Кассем

Өнгөрсөн есдүгээр сард Египетийн нийслэл Каир хотын шүүх сэтгүүлч, активист Хишам Кассемд зургаан сар хорих ял оноосон байна. Тэрбээр тус улсын ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисигийн засаглалыг шүүмжлээд байсан юм.
Кассем “Чөлөөт Урсгал” нэртэй шинээр байгуулагдсан либерал бүлэглэлийн удирдагч. Тус бүлэг Египетэд учраад буй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улс төрийн өөрчлөлт хийхийг уриалж, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нэр дэвшүүлэхээр ажиллаж байсан аж.
Тэрбээр наймдугаар сард Сисиг 2014 оноос хойш Египетийг удирдаж ирсэн арга барилыг нь сошиал хуудас дээрээ хүчтэй шүүмжилж бичсэн байна. Үүний дараа албаны хүмүүс түүнийг түр саатуулжээ.

Кассемын өмгөөлөгч Нассер Амин түүнийг засгийн газрын сайд асаныг гүтгэн, гутаасан мөн түр саатуулагдсан үедээ цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилсон гэх хэргээр 6 сарын хорих ял оноосон гэж мэдэгдсэн юм.
Сиси 2013 онд Зэвсэгт хүчний генерал байхдаа төрийн эргэлтэд гар бие оролцон 2014 оноос хойш Египетийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр төрийн эрхийг атгасныхаа дараа улс төрийн шүүмжлэгчдээ хавчин дарж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боож ирсэн.
Түүнийг ерөнхийлөгч болсон 2014 онд Египет улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 178 орноос 159-т жагсдаг байсан аж. Дараа дараагийн жилүүдэд 158 (2015), 159 (2016), 161 (2017), 161 (2018), 163 (2019), 166 (2020), 166 (2021), 168 (2022), 166 (2023) болж өөрчлөгджээ.

Харин Авлигын индексээр Египет 2014 онд 180 орноос 94-т орсон байна. Тэгвэл 2022 онд 130-т жагсан даруй 36 байр ухарчээ. Харин Ардчиллын индексээр тус улс 2014 онд 167 орноос 134-т орсон байна. 2022 онд Египет Ардчиллын индексээр 167 орноос 131-т жагссан юм.
Павел Мажейка

Долоодугаар сард Беларусын шүүх Павел Мажейкаг экстремист үйл ажиллагаанд оролцсон гэж буруутган 6 жилийн хорих ял оноожээ. Мажейка бол Беларустаа алдартай сэтгүүлч. Тэр 2002 онд ерөнхийлөгчийг доромжилсон хэргээр хоёр жил хорих ял сонсон байсан.
Тэрбээр Польшт үйл ажиллагаа явуулж Беларусь хэл дээр мэдээлдэг “Belsat” телевизэд ажилладаг байжээ.
Беларусийн албан тушаалтнууд “Belsat” телевизийг экстремист байгууллага гэж зарласан юм. Мөн Албаны хүмүүс Юлия Юрхилевич нэртэй өмгөөлөгчид Мажейкад Беларусын улс төрийн хоригдлуудын талаар мэдээлэл өгсөн хэргээр зургаан жилийн хорих ял оноосон аж.

Шүүх хурлын үеэр Мажейка “Энэ бол шүүх хурал биш, харин утга учиргүй тоглолт. Нэгэн сэтгүүлч болон өмгөөлөгчийг мэдээлэл тараасан хэргээр шүүж байна” гэжээ. 2020 онд Александр Лукашенко зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа албан тушаалтнууд сэтгүүлчид болон активистуудыг дарж, хавчиж эхэлсэн байна.
Лукашенко дахин сонгогдсоны дараа 35 мянга гаруй хүнийг баривчилж, хэд хэдэн төрийн бус байгууллага болон бие даасан хэвлэлийн агентлагуудыг хаажээ. ТЭрбээр 1994 оноос хойш Беларусын ерөнхийлөгчөөр ажилласан. Лукашенко бол Европын хамгийн урт хугацаанд төрийн тэргүүний алба хашсан хүн юм. Беларусын ерөнхийлөгчөөр зургаа дараалж сонгогдсон гэдэг нь түүнийг ямар арга барилаар төр засгаа удирддагийг хэлээд өгчхөж байгаа хэрэг.
“Reporters Without Border” нь 2002 оноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний индексийг тооцсоор ирсэн. 2002 онд Лукашенко хоёр дахь удаагаа сонгогдоод нэг жил болоод байсан юм.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) 2001 оны сонгууль олон улсын стандартыг хангаагүй гэж мэдэгдсэнийг дурдах нь зөв. 2002 оноос хойш Беларуст Хэвлэлийн эрх чөлөө сайжирсан зүйл байхгүй. Беларус 178 орноос 124-т жагссан.
Тэгвэл 2023 онд тус улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 157-т орсон байна. “Transperancy International” 1995 оноос эхлэн Авлигын индексийг бодож эхэлсэн. Харин 1998 оноос хойш л Беларусыг Авлигын индексдээ оруулан жагсаажээ. 1998 онд Беларус 85 орноос 47-т жагссан байна. Харин 2022 онд 180 орноос 91-т орсон байна.
"Economic Intelligence Unit"-ийн Ардчиллын индексээс харвал 2007 онд Беларус 128-т жагсаж байсан бол 2022 онд 153-т оржээ.
Нгуен Лан Тан

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Вьетнамын нийслэл Ханойн шүүх сэтгүүлч Нгуен Лан Танд зургаан жил шоронд хорих, хоёр жил гэрийн хорионд байх ял оноожээ. Шүүх түүнийг төрийн эсрэг суртал ухуулга тарааж, хадгалсан гэх хэргээр ийм ялласан байна.
Тан бол Вьетнамын нэрт сэтгүүлч, улс төрийн идэвхтэн. Тус улсын цагдаа нар түүнийг төрийн эсрэг суртал ухуулга тараасан хэргээр өнгөрсөн жилийн долоодугаар сард баривчилжээ. Тан өөрийн сошиал хаяг дээрээ нийгмийн асуудлаар нийтэлж, шоронд хоригдож буй активистүүдийг дэмжиж, улсынхаа нийгэм эдийн засгийн асуудлыг хүчтэй шүүмжилдэг байсан юм.
“Amnesty International” шүүх хурлын өмнө “Түүний тайван үйл ажиллагаа, сурвалжилгыг олон нийтийн дунд зүй ёсны мэтгэлцээн хэлбэрээр хүлээн авах ёстой байтал түүнийг шорон хүлээж байна” гэж мэдэгдэл гаргасан байна.
Вьетнам бол Вьетнамын Коммунист намын хяналтад байдаг, авторитар болон нэг намын засаглалтай улс. Тус нам нь улс төрд монополи эрх мэдэлтэй тул ямар ч байгууллага, хувь хүнийг энэ эрх мэдлийг нь эсэргүүцэхийг зөвшөөрдөггүй.

Тус улсын хувьд Хэвлэлийн эрх чөлөөний инденксээр 2002 онд 178 орноос 131-т ордог байсан бол 2023 онд хамгийн сүүлд жагссан байна. Авилгын индексийн хувьд Вьетнам 52 орноос 43-т оржээ. Харин 2022 онд 180 орноос 77-т жагссан байна. Ардчиллын индексээр тус улс 2007 онд 167 орноос 145-т оржээ. Харин 2022 онд 167 орноос 138-т эрэмбэлэгдсэн юм.
Ерөнхийлөгч, эрх мэдэлтнүүүдийн “дургүйг хүргэж”, шоронд орсон сэтгүүлчид pic.twitter.com/MPzvEA7nJD
— Eguur News (@Eguur_mn) December 5, 2023
Эх сурвалж: Reuters, AP, The Diplomat
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliin keis bol reked hiideg Shantaazchin setguulchtur horigdson asuudal. Gadniih bol uls turiin setguulchid bn. 2 uur jishee bn. Yumaa unshij sudalj baij bichne uu ¡¡¡¡
Монгол улс комнистууд төрийн дээр гарсны илрэл энэ юмаа