Шигшээ багийн сагсчдыг Грек улсын иргэн Василис Фракиас дасгалжуулна
Монгол улсын шигшээ баг анх удаа ФИБА 2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа билээ.
МСБХ-ноос 4 жил тутам зохион байгуулагддаг Ази тивийн хамгийн том сагсан бөмбөгийн тэмцээний Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын иргэн Василис Фракиастай хамтран ажиллахаар тохиролцож гэрээгээ байгууллаа.
Багийн амжилтаас шалтгаалж 2025 оны Азийн аваргыг дуусах хүртэл хугацаагаар хамтран ажиллах ба Залуучуудын 2-р шигшээ баг байгуулан шигшээ багийн залгамж бэлдэх, шигшээ багийн хөтөлбөртэй болох зэрэг хөгжлийн томоохон алхамуудын хамтран хийн хэрэгжүүлж, суурилиулах зорилгуудыг тавьлаа.
МСБХ-ны 2023 оны IV улирлын Улирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан ба уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэнэ.
Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдлээ. Үүн дээр шигшээ багт ажиллаж байсан Ц. Азбаяр, Б. Тамжид, Ч. Ижилболд дасгалжуулагчид ажиллана. Гадаад мэргэжилтнүүдийн Монгол улсад 3 жил ажиллаж, манай тоглогчдын ур чадварыг мэдсэн туршлага нь гол шалгуур байсан болно. Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай тоглоно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.