УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нүүрсний” сонсголоор илэрсэн гэмт хэргийн шинжтэй бүх асуудалд хариуцлага тооц гэв

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс олборолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэнтэй холбогдуулан Засгийн газарт авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталжээ.

Өөрөөр хэлбэл, “нүүрсний” сонсголын үр дүнд хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг УИХ-аас тогтоож өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй энэхүү тогтоолд 10 төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгажээ.

Нэн тэргүүнд гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, орон нутгийн өмчит болон оролцоотой аж ахуй нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг улс төрийн нөлөөллөөс бүрэн ангижруулах, дээрх компаниуд болон төсвийн шинжтэй компанийн үйл ажиллагаанд  хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох зэрэг арга хэмжээг авахыг даалгажээ.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээг хүчингүй болгох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох зэргээр “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой” хувьцаат компаниудын эргэн тойрон дахь бүх хууль бус ажиллагааг хязгаарлаж, хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгасан байна.

Хамгийн чухал нь гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулан энэ оны 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг өгчээ.

УИХ-ын Хянан шалгах түр хороо “нүүрсний” асуудлыг шалгах явцад зарим албан тушаалтнууд илт  саад учруулахыг санаархаж байсан. Тиймээс албан тушаалаараа далайлган саад учруулахыг оролдсон этгээдүүдэд хариуцлага хүлээлэх хэрэгтэй хэмээн үзжээ.

Энэхүү хяналт, шалгалтаар илэрсэн буюу “нүүрсний” сонсголоор илэрсэн бүх гэмт хэргийн шинжтэй хэргүүдийг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэхийг УИХ-ын дарга  Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад зөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 25, 2024 16:20

Жүжиг тавиад яахав. Дийлэнх нь МАН ын өлөн хулгайчид байгаа бус уу.

Холбоотой мэдээ

Back to top button