Хамгаалах байранд 6 сар амьдарч буй охин: Ааваас айдаг, намайг эндээс авахгүй байгаасай
“Сайн байна уу. Хүүхдийн тусламжийн утсанд холбогдсон байна. Танд юугаар туслах уу. Төрсөн ээж чинь юм уу. Өмнө нь ийм зүйл тохиолдож байсан уу” гэх үгс үүдэнд тодхон сонсогдоно. Энэ 108 дугаар утсанд өдөрт 300-350 дуудлага ирдэг. Тэд дуудлагын дагуу хариу арга хэмжээ авч, хүчирхийлэлд өртсөн, хамгаалах шаардлагатай хүүхдүүдийг Түр хамгаалах байранд авч ирдэг.
"... дүүрэгт гурван хүүхэдтэй эцэг эх амьдардаг. Эцэг, эх нь архины хамаарлаас болоод хүүхдүүдээ үл хайхарч хараа хяналтгүй, хичээл сургуульд нь хүртэл явуулдаггүй. Нөхөр нь эхнэрээ зодож дарамталдаг. Энэ айлтай холбоотой дуудлага Хүүхдийн тусламжийн утас 108-д байнга ирэх бөгөөд хүүхдүүд нь төвөөр жилд дунджаар 4-5 удаа үйлчлүүлж, нэг удаадаа нэг өдрөөс гурван сарын хугацаатай байцгаана".
ГБХЗХТ-ийн дэргэдэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрнаас бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна.
-Одоогийн байдлаар 10 гаруй хүүхэд үйлчилгээ авч байна-
Өчигдөр /2024.01.24/ орой 20 гаруй хүүхэд байсан. Харьяалсан дүүргүүдийн хамгаалах байр лугаа холбогдоод, шилжээд явчихсан. Харин одоогийн байдлаар 10 гаруй хүүхэд үйлчилгээ авч байна. Насны хувьд гурав хоногтой, тав хоногтой нярай хүүхдээс эхлээд 18, 19, 20 нас хүртэлх хүүхдүүд үйлчилгээ авдаг.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд тэр дундаа эцэг эх хүчирхийлэл үйлдэж буй тухай мэдээлэл ирдэг. Жишээ нь, "Айлд мал маллахаар явж байхдаа хүчирхийлэлд өртсөн, эцэг эхчүүд хүүхдээ орхиод гадаад улс руу явсан эсвэл өөр хэн нэгэнтэй шинэ амьдрал эхлүүлэх. нярай хүүхдээ аваад зочид буудалд ороод согтууруулах ундаа хэрэглээд үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэх" зэрэг тохиолдлууд элбэг байна.
Хүүхэд түр хамгаалах байр нь 2017 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан. Тэр цагаас хойш хүүхдүүдэд үйлчилгээ авч байх хугацаанд нь аюулгүй байдлын бүх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай шуурхай авч үздэг. Мөн сэтгэлзүйн, хууль эрхзүйн үйлчилгээ, боловсролын хөгжлийн үйлчилгээг тус бүр үзүүлээд явж байна. Түр хамгаалах байранд 2023 оны тоон мэдээллээр 700 орчим хүүхэд үйлчилгээ авчээ. Үүний 340 гаруй нь эрэгтэй, үлдсэн 350 гаруй нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд нийтдээ 5000 гаруй хоногийг хамгаалах байранд өнгөрөөсөн байна.
-Хүүхдэд тохиолдсон шалтгаанаас улбаалаад хэр удаан байлгахаа шийддэг-
Хүүхэд хамгааллын төвд ирсэн хүүхдүүд хэдий хугацаанд байх нь харилцан адилгүй. Жишээ нь, тухайн хүүхдийн ээж нь гадагшаа ажил хийхээр явчихсан, аав нь бие махбодын хүчирхийлэл үйлдлээ гэж бодоход энэ асуудлыг шийдэхийн тулд хамтарсан баг гарна. Тухайн баг нь түр хамгаалах байранд хүүхэд үйлчилгээ авч байх хугацаанд ар гэрт нь ээлтэй, хүчирхийлэлгүй орчныг бүрдүүлэхийн тулд ажилладаг. Ингээд бүх асуудлыг шийдсэн тохиолдолд хүүхэд гэртээ очно.
Манай байгууллагад ирж буй нэг хүүхэд дунджаар 14-30 хоног үйлчилгээ авдаг. Энэ хугацаанд хамтарсан баг ар гэрийн тал дээр үе шаттайгаар ажиллаж эцэслэнэ. Үүний дараа тухайн хүүхэд гэр бүлдээ очиход ямар нэгэн хүчирхийлэлгүй, айдасгүй орчин угтаж авах боломжтой болдог гэж тус төвийн зохицуулагч Б.Отгонцэцэг ярилаа.
Зарим тохиолдолд хүүхдийн төв сувиллын газарт нярайг сувилуулах үйлчилгээнд хамруулна. Яаралтай хэвтэн эмчлүүлэх ёстой хүүхэд ирэхэд хамт эмнэлэгт хэвтэх нь ч бий.
Хүүхдүүд энд байж байх хугацаандаа хичээл нь тасалдаж болохгүй тул дүүргийн насан туршийн боловсролын байгууллагатай гэрээ байгуулж ажиллаж байна.
-Хүүхдүүд гэрээсээ дайжаад GS25, CU зэрэг 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг газруудад олон хоногоор суух тохиолдол их байна-
Хүүхдүүд дахин, дахин ирж байгаа шалтгааныг авч үзэхээр гэр бүлийн хүчирхийлэл давтагдсанаас болж ирдэг. Ирж байгаа өсвөр насны хүүхдүүд багаасаа халуун дулаан уур амьсгал мэдрээгүй өссөн, тэр байдлаасаа дайжаад гэрээсээ зугтдаг. Жишээлбэл, "GS25, CU зэрэг 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг газруудад олон хоногоор суух тохиолдол их байдаг гэнэ. Хүүхдүүд өсвөр насан дээрээ ирэхээрээ илүү таатай тухтай газрыг илүүд үздэг гэж багш нар ярьж байна.
-Эцэг эх нь тодорхойгүй охин түр хамгаалах байранд зургаан сар амьдарч байна-
Энэ охин "Би аав, ээждээ очихоос айгаад байгаа болохоор санахгүй байна. Хамгийн ихээр ааваасаа айж байна. Аав минь намайг зоддог. Аав, ээж хоёр намайг ирээд авахгүй байгаасай" гээд яриан дундуур ороод ирэв. Яагаад энэ хүүхэд ийм их айдастай байгаа талаар зохицуулагч Б.Отгонцэцэг эгчээс асуухад, энэ охины эцэг эх нь тодорхойгүй, асран хамгаалагч олдохгүй байгаа учраас зургаан сар түр хамгаалах байранд байгаа гэлээ.
Түр хамгаалах байранд зургаан сар болсон охины асуудлаар түүний асран хамгаалах хүмүүсийг цагдаагийн байгууллага, зохих журмын дагуу эрэн хайх үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Одоогоор түр хамгаалах байранд байсаар байна.
Тэрбээр 2023 оны наймдугаар сард төөрсөн гэх шалтгаанаар анх иржээ. Хүүхдийн гадаад байдлаас анзаарвал хүчирхийлэлд өртөж байсан ээж аавдаа зодуулдаг байсан болов уу гэмээр байжээ. Харин энд ирээд охин тухайн орчиндоо дасан зохицож байгааг тус хамгаалах байрныхан ярьж байв. Тухайн хүүхэд хэлэмгий, сэргэлэн ч "Ээж аавынхаа нэрийг санахгүй байна" гэдэг бөгөөд "Ээж аав нь ирвэл гэртээ очих уу" гэхэд "Би явахгүй" хэмээн хариулж байсан одоо хэр нь тодхон.
-Ихэнх хүүхдүүд бөөс хуурстай, тууралттай, хоол тэжээл, хүчил төрөгчийн дутагдалтай гэх мэтчилэн эрүүл мэндийн хүнд нөхцөлд ирдэг-
Тус хамгаалах байр нийтдээ 20 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж буй. Ажилчид бүтэн хоногоор ажиллах шаардлагатай учраас 1-2 багш, зарим ачаалалтай тохиолдолд гурван багш хамтдаа хонож хүүхдүүдийг асарч сувилах тал дээр анхаарч ажилладаг аж. Хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдал нь хамгийн анхан шатны хэрэгцээг хангаагүй, халуун дулаан байдлаас эхлээд тог цахилгаан, хоол ундаар дутмаг. Энд ирсэн хүүхдүүд бөөс хуурстай, тууралттай, хоол тэжээл, хүчил төрөгчийн дутагдалтай байх нь нийтлэг.
-Манай ажилчид сэтгэлзүйн хувьд тогтвортой, олон төрлийн сургалтад хамрагддаг-
Манай ажилчид сэтгэлзүйн хувьд харьцангуй тогтвортой. Хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд шуурхай, аюулгүй байдлын төлөвлөгөөг тус бүрд нь гаргаж ажилладаг. Жишээ нь, дөнгөж ирсэн хүүхдэд хамгийн түрүүнд эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай юм уу, эсвэл хамгийн түрүүнд сэтгэлзүйн үйлчилгээ шаардлагатай байна уу гэх мэтчилэн тухайн хүүхдийн тохиолдол бүрд нь яаралтай төлөвлөгөө боловсруулаад ажилладаг.
Мөн хүүхдүүд унтаж амарч байх шөнийн цагаар буюу 22:00-05:00 цагт ирж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь хүчирхийлэлд өртөөд ирдэг болохоор тэр цаг үед унтаж амарч байх үедээ уйлах, босож гүйх, унтаж чадахгүй байх зэрэг асуудал гардаг. Тэр бүх зүйлд манай ажилчид маш хурдацтайгаар мэдрэмжтэй ажиллана. Тэгэхээр энэ бүх зүйлээс авах стресс, сэтгэлзүйн асуудлаа байгууллагынхаа сэтгэлзүйчтэй ярилцдаг. Мөн бухимдлаа тайлах маш олон төрлийн сургалтад хамрагдана.
Энд хүүхдийн орчинг тун ч боломжийн бүрдүүлжээ. Мөн үйлчилгээний ажилчид нь ч хүүхдийг гэх сэтгэлтэй болох нь илхэн. Үүдний хэсгээс эхлээд бүх давхраа үлгэрийн баатруудаар “амилуулсан” нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааг бага ч атугай тайвшруулдаг байх даа гэх бодол тээсээр дээд давхарт хүрвэл хүүхдийн цангинах инээд сонсогдох нь гашуун бодлыг бага ч атугай тайвшруулах шиг болов.
Гурван давхарт бүжгийн хичээлдээ орцгоож, инээд алдан гараа даллацгаав.
Бид зарим хүүхдүүдтэй хэсэг зуур ярилцлаа.
-Аав, ээжүүд минь бидэнтэй сайхан харилцаатай байгаасай-
8 настай хүү: Аав, ээж хоёр чамайг юугаар ч дутаагаагүй гэж хэлдэг. Би ойлгохдоо үүнийг үүрэг нь гэж боддог. Мөн бид нар чиний насан дээр ийм сайхан амьдралтай байгаагүй гэдэг. Энийг би үнэхээр ойлгодоггүй. Би буруутай юмуу гэж хэлээд муудалцаж байсан. Тэд нар ч үл хайхрах хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэддэггүй, хүүхдүүд ч өртөж байгаагаа мэддэггүй хэр нь өдөр бүр давтагдсаар байдаг юм байна. Манай аав, ээж шиг ийм хүмүүс байвал үүнийгээ анхаараасай.
10 настай охин: Найзуудтайгаа заримдаа ярилцахаар гунигтай болдог. Жишээ нь, манай найзын ээж нь Солонгост ажил хийдэг. Тэр хүүхэд гоё хувцас, гоё утастай ч байнга гунигтай байдаг. Учир нь ээжийгээ аймаар их санадаг, эмээ өвөө нь тэрийг нь ойлгохгүй миний охин чамайг тэжээх гээд хүний нутагт зовж яваа гэж загнадаг. Харин манай аав хичээлээ тараад гадаа жаахан тоглоход аймаар уурладаг. Уурлахдаа дандаа муу зүйлүүдийг хэлдэг" хэмээн түргэхэн ярилцаад хоолны өрөө рүүгээ яаран гүйгээд явчхав.
Бид ойр тойрноо дахин нэг анзаараад харахад хүүхдүүд "Ээжээ, ээжээ гээд нэг хүн дээр очиж харагдана. Энэ хүн бол тус төвд хамгийн олон жил ажилласан н.Эрдэнэцэцэг.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач. Яагаад энэ байгууллагад ажиллахаар болсон бэ?
-Би ГБХЗХТ-ийн дэргэдэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалах байр үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоог хүртэл ажиллаж байна. Би уг нь сувилагчийн мэргэжилтэй. Анх бол сувилагчаар ажиллаж байгаад сүүлдээ дандаа хүүхдийн байгууллага болон цэцэрлэгийн эрхлэгчээс эхлээд бага, том ангийн багшаар ажиллаж байсан. Ингээд бодоход их олон жил хүүхдийн байгууллагад ажиллаж байсан учраас энэ байгууллага надад үнэхээр дөхөм санагдсан.
-Энэ хугацаанд янз бүрийн зан авиртай хүүхдүүдтэй харьцаж байсан хүний хувьд хэцүү зүйл зөндөө л тохиолддог байсан байх?
-Тэгэлгүй яахав. Биднийг анх ирж байхад энэ газар хоёр ажилтай хэр нь 50-60 хүүхэд хүлээж авдаг байлаа. Тэр хугацаанд манайх 0-18 насны хүүхэд хүлээж авдаг. Үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй, 7-21 хоносон нярай, бие нь хүнд өвдсөн гээд янз бүрийн хүүхдүүд ирдэг. Тэр болгонд бид чинь ээж нь юм шиг хайрлаж, хамгаалж, бүхий л эрүүл мэнд тусламжийн талаас ажилладаг байсан. Ажилласаар ч байна.
-Энэ олон хүүхэдтэй өдөр бүр харьдаг хүний хувьд өөрөө сэтгэлзүй хэрхэн анхаарч байна вэ?
-Миний хувьд эмнэлгийн талын мэргэжилтэй болохоор хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийг хариуцаж ажилладаг. Ээлжгүй өдөр байсан ч гэсэн шөнийн 2-3 цагийн үед буцаад ч дуудагдах үе байдаг. Учир нь ихэвчлэн шөнийн цагаар зүрхний цоорхой өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн хүнд өвчтэй хүүхэд ирдэг. Тэр болгонд хүүхдүүдээ аваад эмнэлэгт хэвтдэг. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа тухайн хүүхдээ бүх талаас нь эмчилж, биеийн байдал хэвийн болгох талаас нь бүх чадлаараа ажилладаг.
-Олон хоног эмнэлэгт хэвтдэг гэлээ. Гэр бүлийн гишүүд нь ажлыг тань их ойлгодог бололтой?
-Би гэртээ их нээлттэй хүн. Тийм болохоор ажлынхаа сайн, муу бүхий л зүйлийг ойлгуулж чаддаг. Мөн манай ажил нууц зэрэглэлтэй болохоор хүүхдүүддээ "Ээж нь ямартай ч хүүхдээ аваад хэвтлээ" гээд л хэлчихдэг.
-Тэгвэл энэ олон жил ажиллахдаа "Нийгэм минь хүүхдийн асуудалд анхаараасай" гээд дотроо эмзэглэж явдаг бодол байдаг уу?
-Байлгүй яахав ээ. Энэ олон жил ажиллахдаа хамгийн гол нь асуудал нь "Харилцаа" юм гэдгийг анзаарсан. Тэр дундаа гэр бүлийн харилцаа хамгийн чухал. Энэ бүх зүйлийг задлаах ярих юм бол их хугацаа шаардана. Товчхондоо бол ийм л байна даа.
Хүүхдийг хүчирхийлэх нь дан хувь хүнээс хамаарахгүй гэр бүл, хамт олон, үе тэнгийнхэн, нийгэм, соёл, хүрээлэн буй орчин гээд маш өргөн хүрээг хамарсан, харилцан адилгүй нийгмийн тогтолцоо, байгууламж, бодлого хүртэл шууд нөлөөлдөг онцлогтой. Хүчирхийлэл нь олон хэсгээс бүрдэх тул салбар хоорондын төрөл бүрийн оролцогч талуудыг оролцуулан анхаарах ёстой. Эрүүл мэнд, шим тэжээл, боловсрол, санхүүжилт, нийгмийн болон хүүхэд хамгаалал зэрэг бүх салбар хооронд үр нөлөөтэй, хүчтэй хамтын ажиллагаа амин чухал.
Үүнтэй уялдан хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход гэмт этгээдийг цаазлах бус, нийгэм-экологийн загварыг ашиглан бодлого шийдвэрээ хүний эрхэд суурилсан, илүү оновчтой, алсыг харсан байдлаар боловсруулах, түвшин бүрт тохирсон шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн бодсон минь энэ буй.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдэд ээлтэй, хүнд �##�банд зүтгэж, хайр энэрэл түгээж буй хамт олонд амжилт хүсье
Хүмүүсээ хүүхдүүдээ хайрла
ямар хэцүү зүрх эмтэрмээр юм бэ!!?? Болдогсон бол бүгдийг нь аваад хайраар эрхлүүлж өсгөхсөн. Яах гэж үр хүүхэд гаргацгаадаг юм бол?
Архи хэтрүүлэн хэрэглэж гэр бүл, үр хүүхдээ дарамт�##�даг хүмүүст хатуу арга хэмжээ авдаг болмоор байна.
Dahin dahin ireed bgaa huuhduudiig yagaad sogtuu arhichin etseg ehed ni ugch yavuulaad bdg yum be. Huuhdiin asramjid avch boldoggui bhdaa
Эр эмгүйл архины хамаар�##�тай болж дунд нь хүүхдүүдл зовох юмдаа
Зарим нь ч ярианаас нь харв�##� энд байх ёсгүй л хүмүүс байна. Бүр хүнд байгаа хүүхдүүдийг бол авах хэрэгтэй.
үхэж байхдаа таарсан м�##�нууд л үр хүүхдээ зовоодог байх, сайхан ээж аав сайхан эгч дүүс, сайхан үрсэддээ т�##�архаад баршгүй.
Энэ хүүхэдтэй хэрхэн холбогдох вэ