СПОРТ

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд IV байрт шалгарлаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд Японы Нарита хотын “Накадай” спорт, соёл, амралтын хүрээлэнгийн спорт цогцолборт боллоо. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж, АНУ-д 4:6-гаар ялагдснаар хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн.

Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга, хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөв. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дэлхийн дөрвөн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн. Тэд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

БНХАУ-ын бөхчүүдийн эсрэг манай тамирчдаас ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.
Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа “Цол дагаж бяр” гэгчээр Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.
Энэ удаагийн Дэлхийн цомын шигшээ барилдаанд эзэн орны бөхчүүд 2003 оны тус тэмцээний аварга АНУ-ыг 7:3-аар буулган авснаар 11 дэх түрүүгээ хүртэв. Харин тавдугаар байрт хойд хөршийн шигшээ баг эзэлсэн. Тэд Украинийг 5:5-аар яллаа.

III БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ҮР ДҮН
МОНГОЛ - БНХАУ 3:7
50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан
72 кг: Энх-Амарын Даваанасан - Ван Хуан 2:9
76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button