
Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хүнд жинг олон жил нуруундаа үүрэлцсэн, шилдэг тамирчдын нэг, ОУХМ П.Лхамдэгд Риогийн олимпын дараа зодог тайлсан билээ. Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальт тэрбээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очирын гэргий гэдгийг манай уншигчид сайн мэднэ. Тэд өдгөө АНУ-д амьдардаг.

Риогийн олимпоос хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байсан П.Лхамдэгд Даллас хотын аварга шалгаруулэх тэмцээнд зодоглон, түрүүлжээ. Эл тэмцээнд С.Ням-Очир гавьяат мөн барилдсан юм.
Энэ тухайгаа тэрбээр цахим хуудсандаа “Олимп дуусаад, тэмцээнд оролцоогүй гурван жил болсон байна. Уг нь бэлтгэл хийгээд байдаг юм, тэмцээн өөр байна шүү. Өнөөдөр харин ёстой чардайтал зургаан тойрог барилдчихлаа. Ажлаа хийж яваад оролцсон гэхэд дажгүй шүү. Бяртай, намхан хүмүүстэй барилдах амаргүй шүү. Санаа сэтгэл бол хуучин хэвээрээ л байна, бие бялдрын хувьд хуучин шиг биш байдаг юм байна шүү” гэжээ.